ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Бүгд
Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын
Хо-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Д.Рэгдэл “Бидэнтэй уулзах
санал тавьж хүрэлцэн ирсэнд баяртай байна. Манай
хоёр улсын хувьд найрамдалт харилцаатай олон жил нөхөрлөж яваа ард түмэн учраас
аль ч салбарт хамтран ажиллах боломж байгаа гэж бид үздэг. Миний мэдэж
байгаагаар шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа 1980-аад оны
эхнээс идэвхжиж ирээд 1990-ээд оны эхээр харилцаа суларч, 2000 оны эхээр
буцаад идэвхжих хандлагатай болж байна. 1980-аад оны эхээр бид нар Тавантолгойн
коксждог нүүрсийг ашиглаж нийлэг мяндас үйлдвэрлэх том төсөл хийгээд Ардчилсан
Солонгос улсад аваачиж туршилт хийж, Монголд нэлээд том хэмжээний үйлдвэр байгуулахаар ажил эхлэх гэж байтал зах
зээлийн шилжилтийн улмаас тэр чигтээ зогсчихсон. Тэр ажил монгол улсын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой байсан. 2004 онд ШУА-ийн ерөнхийлөгч
Б.Чадраа гуай тэргүүтэй төлөөлөгчид танай улсад айлчилж, ШУА-тай хамтын
ажиллагааны 2-3 түвшинд санамж
бичиг байгуулж таван жил орчим амжилттай
ажилласан. Цаашдаа хоёр талдаа харилцан ашигтай
хамтын ажиллагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа танд албан ёсоор илэрхийлж
байна” гэлээ.
Элчин сайд О Сын Хо-г “Аливаа улс орны хувьд
ШУА-ийн үүрэг маш чухал байдаг. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга
шинжлэх ухааны салбартаа маш их анхаардаг. Шинжлэх ухаанаар улс орноо хөгжүүлэхийн тулд боловсролыг нэн тэргүүнд анхаарах бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Шинжлэх ухаан
бол улс орны хөгжлийг татах зүтгүүр байдаг. Таны хэлсэнчлэн 2 улсын шинжлэх ухааны
салбарын хамтын ажиллагаа хэсэг хугацаанд зогсонги байдалд байгааг би
хүлээн зөвшөөрч байна. Ирэх 2023 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 75 жилийн ой тохионо. Ийм урт
удаан түүхийн туршид хоёр улсын хамтын ажиллагаа явж ирсэн учраас өдгөө ялангуяа
шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг
эрчимтэй өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож
байна. Манай улсын хувьд ШУА нэлээд
өргөн хүрээтэй. Нэг хот тэр чигээрээ
ШУА-ийн харьяанд байдаг. Тиймээс миний
харж байгаагаар Монгол улстай шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх
нөөц боломж бий. Таны хэлсэнчлэн Монгол улсын эрх ашигт чухалд тооцогддог нүүрс
боловсруулах, баяжуулах зэргээр энэ
салбарт хамтран ажиллах боломж байна гэж харж байна. Манай улсын хувьд химийн салбарыг маш чухалд
үздэг. Монгол улс хэрвээ химийн болон металлургийн салбарт хамтран ажиллах
сонирхолтой гэвэл бид харилцан ажиллах боломж байна гэж бодож байна. Бусад
салбарт ч боломж нөөц байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эхний ээлжинд
төлөөлөгчид солилцох асуудал тавигдах байх. Юуны түрүүнд ШУА-ийн тэргүүн таныг
манай улсын ШУА-тай албан ёсны хамтын ажиллагаа байгуулахыг санал болгож байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд ШУА-ийн
ерөнхийлөгч “Элчин сайдын нэрлэсэн салбар болох нүүрс олборлолт, боловсруулалт, металлургийн
болон химийн аж үйлдвэрлэл нь манай улсын хувьд хамгийн чухал салбар. Энэ
оны нэгдүгээр сард УИХ-аас Шинэ
сэргэлтийн бодлого баталсан. Энэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг чухал бүрдэл
хэсэг нь үйлдвэржилтийг сэргээх асуудал юм. Үйлдвэржилтийг хөгжүүлэх ажлын хүрээнд
Монгол улс металлургийн үйлдвэрлэлтэй болох зорилт тавигдаж байна. Өдгөө дэлхий
нийт шатаадаг нүүрсний хэрэглээнээс
татгалзах хандлагатай болсон. Тиймээс нүүрсийг өөр аргаар боловсруулж ашиглах
асуудал бол Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Монголд
хүрэн нүүрс их хэмжээтэй байдаг. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн
судлаачид энэ хүрэн нүүрсийг гүнзгий боловсруулах асуудал дээр их анхаарч
ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар
танай улсын ШУА-тай хамтын ажиллагаагаа сэргээн ажиллахад бэлэн байна” гэсэн юм.