Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТРАНС ТОСНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
ТРАНС ТОСНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулган, Монголын анагаах ухааны академиас санаачлан “Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж МАУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, “Транс тосыг хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөө үзүүлж болох талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй ярьж, бичиж байгаа бөгөөд энэ талаар нэгдсэн ойлголт бий болгох, өнөөгийн байдлыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул Шинжлэх ухааны академи үүнд анхаарал хандуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Транс тос гэж юу болох, түүний импорт, хэрэглээ,  эрүүл мэндийн ач холбогдол, тосны хэрэглээнд тавих хяналтын талаар холбогдох талуудын мэдээллийг сонсож, санал солилцох, энэ чиглэлээр цаашид юуг анхаарах, ямар арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулах зорилготой юм” хэмээв.

Хэлэлцүүлэгт ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагуудаас тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийн дараа “Транс тосны импорт, хэрэглээ, судалгаа,  хяналт” зөвлөмжийг бэлтгэн холбогдох газарт хүргүүлэх юм.

Дашрамд дурдахад транс тос гэдэг нь транс-изомер тосны хүчил агуулсан буюу тосны хүчил нь хосолсон транс хэлбэртэйгээр холбогдсон тосыг хэлэх бөгөөд байгальд транс тос малын бүх өөх тосны агууламжийн 2-5% -ийг эзэлдэг. Анх транс тосыг 1911 онд P&G компани үйлдвэрлэж эхэлсэн байна. Транс тосны давуу тал нь хадгалалтын хугацаа урт, хөргөж хадгалах  шаардлага багатай, амьтны гаралтай өөх тосыг орлуулж болохоос гадна хагас хатуу байдалтай тул бэлэн хүнсний үйлдвэрлэлд ашиглахад зохимжтой.
Харин  1980-аад оны сүүлээр зүрх судасны өвчнөөр нас  барах хүмүүсийн тоо  нэмэгдсэн нь транс тостой холбоотой хэмээн эмч нар үзэх болсон байна. Улмаар 1994 онд транс тос нь жилд 30000 хүнийг үхэлд хүргэдэг гэсэн судалгааны дүн гарсан байна. Транс тосыг хэрэглэснээр зүрхний титэм судасны дутагдалд хүргэдэг бөгөөд хүний биен дэх муу холестериний түвшинг ихэсгэж сайн холестериний хэмжээг багасгадаг байна.

ДЭМБ-аас 2003 онд транс тосны агууламж нь нийт илчлэгийн  1%-иас ихгүй  байх зөвлөмж гаргасан бол, 2009 онд хоолны цэснээс бүрэн хасахыг зөвлөсөн. Өнөөдөр дэлхийн олон орны үйлдвэрлэгчид сайн дураараа хүнсэнд агуулагдах транс тосныхоо хэмжээг бууруулах болсон. Хамгийн түрүүн 2003 онд Дани улс хууль баталсан бөгөөд тэд  хоол хүнсэнд  ердөө л  2%-иас ихгүй  транс тос агуулагдахаар хязгаарлаж өгсөн. (Дараа нь Австри, Унгар, Исланд, Норвеги ба Швейцари) Мөн АНУ-д  2006 онд хууль гарч,  бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр тухайн бүтээгдэхүүнд агуулагдах транс тосны  хэмжээг нь  заавал тавьдаг болсон  бөгөөд 2018 он гэхэд АНУ-ын хоол хүнсэнд  транс өөх тосыг бүрэн  арилгахаар  төлөвлөж байна. ДЭМБ Европчуудын өмнө транс тосны хэрэглээг 2020 он гэхэд бүрэн хориглох зорилт тавиад байна.



Бусад мэдээлэл