Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан нийт эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны болон академик салбарын ажилтан, хамтран ажиллагч байгууллага, хамт олон,  эрдэм ухааныг үеийн үед эрхэмлэн дээдэлж ирсэн нийт Монголчууддаа чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлье.

Энэ онд манай эрдэмтэн, судлаач­дын бүтээлч, санаачилгатай үйл ажиллагаа  амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц шинэ мэдлэг бүтээж, технологи, инновацийн  дорвитой шийдлүүд  гаргаж   чадлаа.

Монголын эрдэмтдийн 2018 онд гадаадад хэвлүүлсэн бүтээлийн тоо 2016 оныхтой харьцуулахад 10 орчим хувиар өсч, Скопуст (Scopus) бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бүтээлийн тоогоор бид Азид 20 дугаарт орсон нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн болон инновацийн талаар баримтлах  бодлогууд  шинэчлэгдэж эрдмийн ажил эрхлэх бодлого, эрх зүйн орчин  алхам алхамаар сайжирч байна.

Судалгааны ажлын орчин нөхцөлийг сайжруулах талаар УИХ, Засгийн газраас анхаарал хандуулж ирсний үр дүнд энэ онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн, мөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхт бэлдмэлийн цехийн шинэ  барилгуудыг ашиглалтад оруулж, ШУА-ийн өргөтгөлийн барилгын ажлыг 2019 онд эхлэхээр улсын төсөвт тусгаад байна. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, дэвшлийг бүтээгч  эрдэмтэн судлаач Та бүхний номын гэгээн ажил ямагт өрнөн дэлгэрч  улс орон, ард түмэндээ улам их өгөөжтэй байхын  ерөөл дэвшүүлье.

         

                                                Эрдэм номын цагаан мөр эгнэгт гэгээн саруул байх болтугай.

 

                                     МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН  ЕРӨНХИЙЛӨГЧ, 

                                                                 АКАДЕМИЧ  ДҮГЭРИЙН РЭГДЭЛ                

 

                                              

 

 


Бусад мэдээлэл