Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Л.Энх-Амгалан: Уламжлалд суурилсан шинэчлэлийг эхлүүлнэ
 Л.Энх-Амгалан:  Уламжлалд суурилсан шинэчлэлийг эхлүүлнэ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт эрдэмтэд, судлаачид аа,

Хүндэт зочид оо

 

Шинжлэх ухаан, технологийн салбарт эрдэм оюунаа дайчлан нэгэн сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаачид Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

 

Энэ дашрамд, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын бодлогыг тодорхойлж, түүчээ нь болж ирсэн үе үеийн удирдлагууд, бодлогын болон хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлж ирсэн үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газар, төр нийгмийн зүтгэлтнүүдэд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

 

Мөн өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны салбарын судалгаа хөгжүүлэлтийн чанарыг сайжруулах, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд хүргэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн гадаад, дотоодын байгууллагууд, харилцагч түншүүддээ шинжлэх ухааны салбарын нийт хамт олны өмнөөс болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувьд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн мэндийг дэвшүүлж, гүн талархал илэрхийлье.

 

Бидний өвөг дээдэс эрт үеэс эрдэмтэн мэргэдийнхээ оюун билгийг хүндэтгэж, төрийн хэрэг эрхлэхэд оролцуулж байсныг түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайлбал, Чингис хааны үеэс ордны шадар түшмэд, албатуудын дунд бичиг номын хэргийг дагнан эрхэлж, боловсруулдаг бичээчид байсан бол Хубилай хаан 1279 онд “Монголын бичгийн мэргэдийн хүрээлэн”-г байгуулж байсан. Түүнээс хойш манай улсын дунд болон шинэ, нэн шинэ үеийн түүхийн бүхий л хугацаанд “дорнын таван ухаан”-аар нэрд гарч мэргэшсэн номч эрдэмтэд маань улс эх орны хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүтээл номоо туурвиж, шинэ шинэ ололт нээлтүүдийг нэвтрүүлж, хүн төрөлхтний хөгжлийн шинэ үетэй хөл нийлүүлэн алхаж байна.

 

Одоогоос 100 жилийн өмнө, тэртээ 1921 оны 11 дүгээр сард Ардын засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онходын Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан бөгөөд өнөөдөр бид 100 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

 Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдворууд, Монгол орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц, ургамлын аймаг, ургамалжилт, геоморфологи, ландшафт, газар ашиглалт, геологийн давхарга-зүй, байгалийн нөөц, түүний ашиглалт хамгаалал гэх мэт судалгааны олон чиглэлээр ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан он жилүүд байсныг түүхэн ойн энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаас дурдвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол эрдэмтдийн 1000 гаруй бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдэн, 15000 удаа эшлэгдсэн байна. Цаашлаад дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулахад Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур, бусад эмнэлзүйн судалгаа туршилтын үр дүнг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлсэн зэрэг шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн ололт амжилт,  бүтээлийг дурдаад баршгүй юм.

 Тиймээс, Төр засгаас шинжлэх ухаан технологийн бахархам ололт, амжилтыг бүтээлцсэн эрдэмтдээ өндрөөр үнэлж, өнөөдрийн энэ 100 жилийн түүхт ойг тохиолдуулан шинжлэх ухааны салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат багш, Сүхбаатарын одонт болон бусад төрийн одон, медальтан нар олноор төрөн гарсныг энэхүү индрээс бахархан дурдахад таатай байна. 

Түүхт 100 жилийн босгон дээр бид ирэх 100 жилдээ улам их амжилт гаргахын тулд өнгөрсөн амжилт бүтээлээ алдаа оноотой нь эн тэнцүү дэнслэх ёстой. Олон улсад шинжлэх ухааны судалгааны чадамжийг нэг сая хүнд ногдох судлаачдын тоогоор илэрхийлдэг бөгөөд манай улсын хувьд 520 орчим судлаач ногдож байгаа нь дэлхийн дунджаас даруй 3 дахин бага байна. Нөгөөтэйгүүр эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс бага, ажиллах орчин нөхцөл таатай бус, лабораторийн тоног төхөөрөмж, судалгаа боловсруулалтын  ажлын санхүүжилт хангалтгүй зэргээс шалтгаалан залуу судлаачид тогтвор суурьшилтай ажиллахгүй, хувийн секторт шилжих, гадаад улс орныг зорих үзэгдэл түгээмэл болох, улмаар эрдэм шинжилгээний ажилтны тоо жилээс жилд цөөрөх хандлагатай байна. Түүнчлэн сүүлийн 3 жилд судалгаа хөгжүүлэлтийн ажилд зарцуулах санхүүжилт нэг ч төгрөг нэмэгдээгүй буюу 12 тэрбум хэвээр, нэг төсөлд ногдох дундаж санхүүжилт 19,8 сая төгрөг байгаа нь шинжлэх ухаан технологийн зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ Ази тивийн дунджаас 10 дахин, Америк тивийнхээс 12 дахин бага байна.

           Бид энэхүү түүхт ойн босгон дээр өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй явж ирсэн асуудлууд болох шинжлэх ухааны байгууллагын санхүүжилт дутмаг, хөрөнгө оруулалт хангалтгүй, салбарын хууль тогтоомж уялдаагүй, судалгаа шинжилгээний ажлын чанар хүртээмж хангалтгүй, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа, чадварлаг хүний нөөцийн хомсдол үүссэн зэрэг өнгөрсөн 100 жилийн алдаа оноогоо  цэгнэн дүгнэж, дараагийн 100 жилийн хөгжлийн суурь бодлогоо зөв тодорхойлох, оновчтой гарц шийдлийг эрэлхийлэх, удирдлага, санхүүжилт, менежментийн шинэ арга барил бүхий уламжлалд суурилсан шинэчлэлийг эхлүүлэх асуудлаа ч хэлэлцэх нь зүйтэй.         

Миний бие Боловсрол, шинжлэх ухааны салбарын сайдын хувьд цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих; шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг  байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн, шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийг хөгжүүлэх, гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол эрдэмтэн судлаач нартай хамтрах, эргүүлэн татах зорилготой “BRAIN DRAIN”– ээс “BRAIN GAIN” бодлогыг санаачлан хэрэгжүүлнэ. Бид цаашид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх замаар “нээлттэй шинжлэх ухаан”-ыг хөгжүүлэх; сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн зохистой харьцааг тогтоож, шинжлэх ухаан болон дээд боловсролын уялдааг хангах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зэрэг бодлогын бодит шийдэлд хүрсэн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

                   Хүндэт зочид оо, эрдэмтэн мэргэд ээ, өнгөрсөн зуун жилд бидний бий болгосон үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Харин золгон учирч буй шинэ зуундаа бид Дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол улсын хөгжлийг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх үйл байх ёстой.

 Хубилай хааны зарлигаас улбаалсан Монголын Шинжлэх ухаан,

Хиймэл оюун ухаанд шилжсэн 100 жилийг тамгаллаа

Бичгийн мэргэдээс түүчээлсэн Монголын Шинжлэх ухаан

Бичил технологид шилжсэн 100 жилийг мөнхөллөө.

Монголын шинжлэх ухаанд шинэчлэлийн буухиаг эхлүүлж Монгол эрдэмтдийн алдар суу дэлхийн тавцанд цуурайтахыг бэлгэдье!

    


Бусад мэдээлэл