Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монгол Үндэсний Ардчилсан Нам хамтран "Монгол улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал" сэдвээр эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тус хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшин үг хэлсэн бөгөөд ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г. Чулуунбаатар "1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал" сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Батчимэг "Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл", УИХ-ын гишүүн Я. Содбаатар "Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлага", ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор Д. Өлзийбаатар "Анхдугаар үндсэн хуулийн өмнөх үеийн монголчуудын дундах үндсэн хуульт засаглалын үзэл санаа", МҮАН-ын дарга М. Энхсайхан "Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн үеэр монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрчид өөрсдийн санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах зайлшгүй шаардлага гарсныг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн монгол улсын
Ерөнхий Сайд асан Д.Содном гуай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн
гажуудаж байгаа заалтуудыг дурдаж, дээрх заалтуудыг үндсэн хуульд өөрчлөлт
оруулах замаар төрийн тогтолцоогоо өөрчлөн шийдвэрлэх шаардлагатай хэмээлээ.
Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболд, Монголын Ногоон Намын дарга О. Бум-Ялагч, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа нар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаагаа мөн илэрхийлсэн юм.