Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны
салбарт гадаад хэл дээр туурвисан анхны бүтээл болох “CRIMINAL LAW OF MONGOLIA”
буюу “ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ” сурах бичгийн номын нээлтийн арга хэмжээг 2023 оны 11
дүгээр сарын 13-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн шинжлэх ухааны
салбарын бага чуулган болон Орхон их сургууль хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хууль Зүй, Дотоод Хэргийн
Яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яамны харьяа байгууллагууд, төрийн болон төрийн
бус байгууллагын эрдэмтэн, судлаачид, шавь нарын төлөөлөл оролцов.
Энэхүү сурах бичгийг хууль зүйн шинжлэх
ухааны доктор, профессор Ж.Болдбаатар боловсруулсан бөгөөд тэрээр гүйцэтгэх
ажил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминалистик,
криминологи, хууль зүйн сэтгэл судлалын чиглэлээр нийт 30 гаруй ном, сурах
бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл туурвиж нийтийн хүртээл болгожээ.
Профессор Ж.Болдбаатар нь 2014 оноос Дотоод
хэргийн их сургуулийн болон Орхон их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, мөн
Дотоод хэргийн их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн,
НҮБ-ын Ази, Алс дорнодын институт, Ази, Номхон далайн аюулгүй байдал судлалын
коллеж, Европын аюулгүй байдал судлалын төвд зочин профессор, Монголын Хуульч
эрдэмтдийн холбооны тэргүүн, Евразийн полиграфчдын болон Монголын Хуульчдын
холбооны тэргүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж
байгаа бөгөөд, өнөөдөр, Орхон их сургуулийн Инновац, эрдэм шинжилгээ эрхэлсэн
дэд захирлын албан тушаалыг хашиж байна.
Уг бүтээлийг туурвих болсон үндэслэл шаардлага, ач холбогдлын талаар тодруулахад,
профессор Ж.Болдбаатар: “Нэг талаас, манай улсын их сургуульд гадаад улсаас элсэн
суралцаж байгаа оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бол, нөгөө талаас, манай
улсын оюутан, сурагчдын англи хэлний мэдлэг мэдэгдэхүйц дээшилсэн тул, тэдний зүгээс
мэргэжлийн хичээлийг гадаад хэл дээр судлах хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байна. Харин
ач холбогдлын хувьд, гадаад хэл дээр туурвисан мэргэжлийн бүтээлээр дамжуулан
Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн сурах бичгийг олон улсад сурталчлан таниулахын
зэрэгцээ манай улсын Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны өнөөгийн хөгжил нь бусад
улс орнуудын түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхэд оршино” хэмээн ярилаа.
Цаашид англи хэл дээр эрүүгийн процесс, кримонологийн чиглэлээр цуврал сурах бичиг боловсруулж, хэвлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.