Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
 “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Монгол улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаас бүрдсэн “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн нийслэл хотод шинээр ашиглалтад орж буй “Хүннү” маллын энтертайнтентийн хэсэгт 6 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээгдлээ.

Европ болон Ази тивд Монгол орныг сурталчилж байсан үзмэрүүд болон сүүлийн жилүүдэд Монгол орноос нээн олж, судлан шинжилж, хосгүй гэдгийг тогтоон баталгаажуулсан үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаас бүрдсэн сор үзмэр бүхий үзэсгэлэнг өөрийн орны иргэд, хүүхэд залуучуудад болон монголд ирэх гадаадын жуулчин, зочдод анх удаа дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааг нээж БСШУЯ-ны газрын дарга Ж.Даваасамбуу, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, ШУА-ийн ПГХ-ийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар үг хэлэв.

ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж хэлсэн үгэндээ, “Өнөөдөр судалгааны чанар, цар хүрээгээрээ дэлхийд эхний тавд багтдаг, монголын шинжлэх ухааны брэнд болсон палеонтологичид маань тус үзэсгэлэнг эх орондоо нээн үзүүлэх гэж байгаад туйлын баяртай байна. Энэ 7 хоногийн турш манай палеонтологичид өөрсдийн 50 гаруй жилийн турш явуулж ирсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулах болно. Үүний дараа геологичид, газарзүйчид, геоэкологичид, хими, физикчид, биологичид, түүх археологичид өөрсдийн ололт амжилтаа танилцуулж, баримтат кино үзүүлэх, ном бүтээлийн үзэсгэлэн гаргах, номын худалдаа зохион байгуулах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээв.

Мөн энэ үеэр ШУА-ийн ПГХ-ийн захирал Х.Цогтбаатар, “Манай палеонтологичд тус үзэсгэлэнг дэлхийн 20 гаруй улсын 80 орчим хотод амжилттай гарган үзүүлж, түүгээр дамжуулан эх орноо сурталчлахын зэрэгцээ улсын төсөвт багагүй орлого оруулж ирсэн юм. Үүний үр дүнд Монголын палеонтологи дэлхийд танигдаж, шинжлэх ухааны шинэлэг салбарыг хөгжүүлж чадсан цөөн орны нэгд манай улс орж чадсан нь монголчууд бидний бахархал юм” хэмээгээд “Гадагшаа соёлын өвөө алдчихаад буцаан авчирдаг байдлыг өөрчилж,  монгол улс өөрийн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн боловсон хүчинтэй, олдвор цуглуулгыг дэлхийд тогтсон технологиор бүрдүүлж, музей үзэсгэлэн байгуулж чаддаг гэдгийг бодитоор харуулахад энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахын мөн чанар оршиж байна” хэмээн онцолсон юм.

Үзэсгэлэн нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд том жижиг нийлсэн 55 нэр төрөлд хамрагдах 100 гаруй үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулга тавигдсаны дотор монголоос олдсон хамгийн том махан идэшт үлэг гүрвэл-Тарбозавр батаарын бүтэн яс, үлэмж биет үлэг гүрвэл нугас хушуут-Завролоф, өвсөн идэшт Опистоцеоликаудиаг худалдааны төвийн энтертайнментийн задгай хэсэгт угсран байрлуулсан байна. Түүнчлэн В1 давхрын А блокийн тайзны дэргэдэх танхимд Монгол нутгаас олдсон дэлхийд ховор, цорын ганцаар тоологдох, шинжлэх ухааны нээлтэд тооцогдсон олон гайхамшигт олдворыг шинэ мэдээллээр баяжуулан анх удаа дэлгэн үзүүлж байгаа юм. Үзэсгэлэн 2016 оны нэгдүгээр улирал хүртэл үргэлжлэх бөгөөд та бүхнийг монголын үлэг гүрвэлийн гайхамшгаар аялахыг урьж байна.


 


 



Бусад мэдээлэл