Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ШҮРХҮҮ: ХОЁР ХӨРШИЙН НӨЛӨӨНД АВТАХГҮЙ ГЭВЭЛ ХЭРҮҮЛЭЭ БАГАСГАЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ДЭЭРЭЭ НЭГДЭХ ЁСТОЙ
Д.ШҮРХҮҮ: ХОЁР ХӨРШИЙН НӨЛӨӨНД АВТАХГҮЙ ГЭВЭЛ ХЭРҮҮЛЭЭ БАГАСГАЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ДЭЭРЭЭ НЭГДЭХ ЁСТОЙ

ШУА-иас олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор долоо хоног бүрийн пүрэв гарагт салбар салбарын эрдэмтдээс урьж, тодорхой сэдвийн хүрээнд ярилцлага хийдэг уламжлалтай. Өнгөрсөн пүрэв гарагт Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүү “Монгол Улс дахь Орос Хятадын ашиг сонирхол: Түүх ба орчин үе” сэдвээр ярилцлага өгснийг сийрүүлэн хүргэж байна.

-Хөршөө сонгож болдоггүй гэдэг. Түүхийн хувьд манай гурван улсын харилцаа ямар түвшинд өрнөсөн гэж судлаачид Та бүхэн үздэг вэ? 
-ХХ, ХХI  зууны түүх маш сонирхолтой өрнөсөн. Хоёр их гүрнийхээ хөршийн харилцаа, харилцан хамаарал нөлөөллийн дор Монгол Улс оршин тогтнож ирлээ. Зарим цаг үед улс төрийн бүрэн хамааралд орж байлаа. Зарим үед нөгөөгийнх нь эсрэг эвсэл холбоонд орж явлаа. Ер нь Монгол Улс хоёр хөрштэйгээ эртнээс нааш эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар хандаж ирлээ. Тиймээс Монголыг нэг талаас Дорнод Европын улс гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Зөвлөлтийн соёл, нөлөөг их авсан орон учир Азидаа Зөвлөлтийг нэлээд сайд мэддэг орны тоонд ордог. Нөгөө талаас Хятадын бөөрөнд тусгаар тогтнолоо хамгаалаад энэ олон жил оршин тогтноод байгаа нь гадаадын улс орнуудын сонирхлыг маш их татдаг. Күнзийн соёл, ханз бичгийг аваагүй, Цагаан хэрмийг байгуулсан агуу үндэстэн гэгддэг.

Тийм учраас зарим судлаачид Монголчууд бол Хятадуудыг хамгийн сайн мэддэг Хүннү Сүннүгийн үеэс гэрээ хэлэлцээр хийж байсан, өөрсдийн туршлагад үндэслэн дипломат аргаар хоёр хөрштэйгээ маш сайн улс төрийн харилцааг хийж ирсэн  баялаг туршлагатай ард түмэн. Үүний үр дүнд хоёр их гүрний дунд оршин тогтнож байна. Гэхдээ бидний сүүлийн 3-4 жилийн судалгаагаар түүх ямар нэг байдлаар давтагдаж байна. Хараат байдал ямар нэг байдлаар дахин сэргэж байна. Монгол Улс Зөвлөлтийн дагуул улс гэж хэлэгдэж, улс төр, эдийн засгийн бүрэн хараат байсан бол ХХ зууны сүүлч, ХХI зууны эхэн үед Хятадын эдийн засгийн хараат байдал үүснэ гэж ярьж байна. Өнгөрсөн 100 гаруй жилийн түүхэнд Монгол Улс байнгын сорилт хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Тиймээс дараагийн цикл үе ирж байгаа юм биш үү гэсэн дүгнэлт ч байдаг. 

Орос нийлүүлэлтийн талд нөлөөгөө тогтоох гэсэн бол Хятад экспортын талд анхаарал хандуулж байх жишээтэй. Энэ хоёроос Монгол Улс холдож чадахгүй гэсэн үг. 

-ХХ зууны түүхийг харахад хоёр хөрш их гүрэн маань Монголыг өөр өөрийн эрхшээлд байлгах сонирхол их байж. 1924-1945 онд үндсэндээ Хятадын засаг захиргааны нэгж мэт, тэрнээс хойш БНМАУ нэртэй боловч үндсэндээ Зөвлөлтийн  бодлогыг баримталж иржээ. Энд геополитик, эдийн засгийн сонирхлын аль нь байсан бэ?
-Гурвалсан харилцааг авч үзэхэд ашиг сонирхлын нийцэл гэж нэг том зүйл байдаг. Зарим тохиолдолд Монгол Зөвлөлтийн ашиг сонирхол нийцэж байсан үе байна. Зарим үед Зөвлөлт, Хятадын ашиг сонирхол нийцэж байсан үе бий. Мөн энэ гурван талт харилцааг тэнцвэржүүлсэн үе бас байна. Тухайлбал, ХХ зууны эхэн үе бол Монгол, Зөвлөлтийн ашиг сонирхол нийцэж байсан үе юм.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал бол Манжаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үед Зөвлөлт, Хаант Оросын тусламж маш их хэрэгтэй байлаа. Бид нэр энэ үед нэгэнт Манж Хятадаас тусгаарлах гэж байсан учир Оросын тусламж авах сонирхол маш их байлаа.

Оросын хувьд Өмнөд хил дээрх Сибирь болон Монгол, Шиньжаан Уйгар хэмээх том орон зайд коммунист нөлөөг түгээх, Өмнөд хилийн аюулгүй байдал, геополотикийг бэхжүүлэх сонирхлын үүднээс Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж байсан. Удалгүй ЗХУ өөрөө дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх тулгамдсан асуудлууд үүссэн. Энэ үед Монголыг Хятадаас тусгаарлахад янз бүрээр дэмжиж байсан боловч яг дипломат ширээний ард суух үед нэгдүгээрт  Зөвлөлтийн эрх ашгийг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх, цаашдаа Хятадад коммунист хувьсгал хийх урьдач нөхцөл нь харилцааг сайжруулах байсан. Энэ үед Хятадын тавьдаг нэг уламжлалт зүйл бол “Гадаад Монгол бол Хятадын нэг хэсэг мөн. Та нар үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол бид ямар хэлэлцээ хийхгүй” гэж байсан. Тэр үед Зөвлөлтийн хоёр нүүртэй дипломат бодлого маш овжин явсан. 

Нэг талаас Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тухай ярьсан ч ар хударгаар хоёр их гүрний дипломат бодлого зарим талаар нийцэж байсан. Үүний эхний алхам  нь 1915 оны Монголыг тусгаар улс гэж зарлахгүйгээр автономит түвшинд нь барья гэсэн гэрээ. Дараагийнх нь 1924 оны Зөвлөлт, Хятадын тунхаг. Тэр үед  Зөвлөлт Хятадын ашиг сонирхол нийцэж, Монголын эрх ашиг тодорхой хэмжээгээр хохирсон тал бий. Тэгж явсаар 1945 оны Ялтын гэрээгээр Сталин бол геополитикийн ашиг сонирхлын үүднээс гадаад Монголын статусыг цээжээрээ хамгаалж, “Гадаад Монгол бол бие даасан тусгаар улс байх ёстой” гэж шууд хэлсэн. Үүнийгээ нэгдүгээрт их гүрнүүдэд хүлээн зөвшөөрүүлсэн. Японы милитаристуудаас салахын тулд Зөвлөлтийн хүчийг ашиглах сонирхол байна. Дараа нь Чан Ка Ши Гоминданы хятадууд бас шаардлага тавьсан.


Олон удаагийн хэлэлцээр дээр Сталин “ЗХУ-ын геополитикийн сонирхол бол Алс Дорнод болон өмнөд хилийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой” гэж хэлсэн. Бид дөнгөж сая Японы милитаристуудыг ялаад байна, хэдэн жилийн дараа эргээд сэргэхийг байг гэхгүй. Магадгүй олон хүн амтай, танай Хятад улс ч Оросын өмнөд хилийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болно. Тиймээс геополитикийн үүднээс гадаад Монголыг тусгаар улс болгохыг хүсэж байна. Бидэнд өөр сонирхол алга” гэж хэлсэн. Ингэж хэлснээрээ Монгол, Зөвлөлтийн сонирхол нийцэж байгаа юм. Үүний дараа Хятадад коммунист дэглэм тогтлоо. Тэр үе буюу 1950-иад оны эхэнд манай гурван улсын сонирхол жинхэнэ утгаараа нэгдэж, тун найрсаг байв.

-Тэгвэл 1960-аад оны хоёр хөрш их гүрний зөрчлийн талаар Та юу хэлэх вэ? 
-Гурван улс найрамдалт харилцаатай байх үед Монгол Улс хэнээс нь ч тусламж авч болно гэсэн ойлголттой байв. Энэ үед Оросоос рублийн тусламж авч, Хятадаас 20-30 мянган ажилчныг гэр бүлээр авчирч, 50-60 мянган хятад орж ирж бүтээн байгуулалтад хүчин зүтгэсэн. Ингээд харахад Монголчуудын нүдэн дээр хятадууд илүү их тусалж байгаа мэт харагдлаа. Энэний суурь дэвсгэр дээр бас нэг том асуудал үүсэж байжээ. 1950-иад оны сүүлчээр коммунист намуудын зөвлөлдөх уулзалт болов. ЗХУ-ын коммунист нам коммунист улсуудын манлайлагч байлаа, бусад улс орнууд Зөвлөлтийн үгийг л дагах ёстой гэсэн байр суурьтай. Ингэх үед аяндаа хоёр их гүрний хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн. Энэ дотор мэдээж Монгол дахь сонирхол багтана. Зөрчил хурцадсаар 1960-аад онд Зөвлөлт, Хятадын харилцаа олон улсын түвшинд, коммуннист социалист системийн түвшинд ч, Монголын түвшинд ч хурцдаж эхэлсэн.

Зөвлөлт, Хятадын харилцаа муудах үед дагаад Монгол Хятадын харилцаа муудсан, аажимдаа Хятадын тусламж ч зогссон, Монголоос хятад ажилчдыг хүчээр гаргаж эхэлсэн. Үүний оронд Зөвлөлтийн мэргэжилтнүүд, бүр цэрэг нь орж ирсэн.

МОНГОЛЫГ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ХУВЬД НӨЛӨӨНДӨӨ БАЙЛГАХ ТЭМЦЭЛ ХОЁР ХӨРШИЙН ДУНД БАЙСАН

Энэ бүхний цаана Орос давамгайлаад ирсэн боловч эцсийн дүндээ ганцхан Монгол биш Орос, Хятадын хил залгаа бүс нутгуудад ч нөлөөгөө тогтоох хүчтэй тэмцэл үеийн үед явж байсан. Тийм учраас нэг нэг хэсэг нь эдийн засгийн асуудалд орж байхад, зарим нь зэвсэгт мөргөөлдөөнд ч тулж байв. Энэ зөрчил бол том, жижиг гүрнүүдийн дунд зөндөө байв. Герман Оросын дундах Польш, Энэтхэг Хятадын дундах Непал, Бутан гэх мэт орнууд байна. Тэрэнтэй адилхан Орос, Хятадын дундах Монгол байнга ийм нөлөөнд орж байдаг. Яавал Монголыг улс төр, эдийн засаг, дэд бүтцийн хувьд нөлөөндөө байлгах вэ гэдэг тэмцэл хоёр хөршийн дунд байсан.

-1950-иад оны сүүлчээс геополотикийн хувьд манайд цөмөрч орж ирэх эрсдэл байсан уу? 
-1960-аад оноос хоёр хөршийн харилцааны үл ойлголцол оргилдоо хүрсэн. Энэ хооронд Хятад Америкийн харилцаа ойртсон. Ер нь Зөвлөлттэй харилцаа сайн байх үед эрчим хүч, төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг статегийн гол гол салбарууд хөгжлөө шүү дээ. Үүгээрээ Монгол Улсыг эдийн засгийн бүрэн хяналтдаа байлгах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Гэтэл 1990-ээд оны эхэн үед Хятадын эхний хөрөнгө оруулалтууд дахиад уул уурхай, эрчим хүч, төмөр зам, нүүрс рүү чиглэсэн. Орос нийлүүлэлтийн талд нөлөөгөө тогтоох гэсэн бол Хятад экспортын талд анхаарал хандуулж байх жишээтэй. Энэ хоёроос Монгол Улс холдож чадахгүй гэсэн үг. Энэ үед ийм хараат байдлаас гарах арга замыг Монгол Улс байнга хайж байсан. 

Энэтхэг, Япон, Европ, Америк манай гуравдагч хөршийн гол төлөөллүүд. Тиймээс гуравдагч хүчний бодлогыг хоёр хөршийн хэвлэлд хурц шүүмжилдэг. 

-Тэгэхээр бидэнд ямар гарц байна вэ? 
-Хоёр зам байна. Олборлож буй баялгаа 2-3 дахь зах зээл рүү гаргах, түүний тулд Орос, Хятадаар дамжихаас өөр аргагүй. Төмөр зам, авто зам барих, гэрээ хэлэлцээр хийх, өөрийн бодлогыг зөвшөөрүүлэхээс эхлээд хугацаа шаардлагатай, яаран хийх ажил биш л дээ. Энэ яриаг манайх зогсолтгүй хийж, аажим аажмаар ахиж байна. Хоёр дахь зам нь, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулах.

Энэ хоёр замыг аль алиныг хөгжүүлэхэд Орос, Хятадын нөлөөнөөс гадна хөгжингүй орнуудын технологиор эцсийн бүтээгдэхүүн гаргавал гадаад зах зээлийн сонирхол татна. Энэ үүднээс Монгол Улс гурав дахь хөршийн бодлогыг зарлалаа. Энэ нь Монгол Улсын хувьд double balance буюу хоёр хөрштэйгээ тэнцвэрт харилцаатай, гуравдагч хөрш орж ирвэл мөн тэнцвэрт харилцааг хөгжүүлэх нь чухал юм.

-Хамгийн гол нь гуравдагч хөршийн бодлогыг манай хоёр хөрш хэрхэн хүлээж авав? 
-Их сонирхолтой асуудал. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бейкер Монголд айлчлахдаа “Танайх хоёр хөрштэй орон. Америк танай гуравдагч хөрш байж яагаад болдоггүй юм бэ” гэсэн утгатай үг хэлсэн. Хамгийн нөлөө бүхий орны дипломат хэлсэн учир судлаачид ч гурав дахь хөршийн бодлогыг судалж эхэлсэн хэрэг. Энэ нь сайнаар яривал Орос, Хятадын харилцааг тэнцвэржүүлэх, нөгөө талаас гуравдагч хөрш гэх орнууд нь хоёр хөршийн маань өрсөлдөгч. Энэтхэг, Япон, Европ, Америк манай гуравдагч хөршийн гол төлөөллүүд. Тиймээс гуравдагч хүчний бодлогыг хоёр хөршийн хэвлэлд хурц шүүмжилдэг. Гэхдээ өндөр түвшинд албан ёсны шүүмжлэл нэг их гараагүй.

Аль аль нь  “Танай бодлогыг хүндэтгэж байна, энх тайван ч олон тулгуурт бодлого явуулж байна” гэж ярьдаг боловч дипломат түвшиндээ “Танай энэ гурав дахь хөршийн бодлого чинь яг юу гэсэн үг вэ?” гэдэг. Албан ёсоор анх гарч ирсэн нэг зүйл байгаа. Монгол Орос хоёр шинэ харилцаагаа тогтоолоо. Монгол Хятад хоёр шинэ гэрээгээ хийх хоёр яг адилхан орж ирсэн.  Тэр найрамдлын гэрээнүүдийг шинэчлэх ганцхан асуудал байсан нь өөр хэлбэрээр томъёологдсон боловч хоёуланд нь “Хоёр тал бие биеийн эсрэг эвсэл, холбоонд орохгүй, сөрөг талын байр суурийг зөвшөөрөхгүй” гэх мэт заалтууд байсан. Энэ нь ижил тэгш эрхтэй гэрээ мэт боловч Хятад улс Монголын эсрэг гуравдагч оронтой ярилцахгүй. Орос ч ялгаагүй Америк, Японтой ч юм уу манай улсын эсрэг эвсэл холбоонд орохгүй. Тэгэхээр Монголыг л Орос, Хятадын эсрэг ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй гэсэн баталгааг л хоёулаа яг адилхан гэрээнд тусгаж өгсөн.

АШИГТАЙ ТӨМӨР ЗАМ БАРИХ УУ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА БОДОХ УУ?

-Хятадад "Нэг хятад" бодлого хүчтэй явагдаж байна. Орост хамгийн сүүлийн жишээ гэхэд Крымийг өөрийн болгочихлоо. Хөрш их гүрнүүд иймэрхүү бодлого явуулж байх үед тэдний Монголын талаарх геополитикийн бодлого ямар байдаг бол? 
-Ер нь жижиг орнуудын бодлогыг хараарай. Жишээлбэл, Хойд Солонгос, Гүрж, Украйнд тогтворгүй байдал үүссэн. Тогтворгүй байдал дотроосоо үүссэн мэт харагддаг. Жижиг орнууд их гүрнүүдийн бодлогын золиос болдог гэж хэлэх гээд байгаа юм. Том гүрэн гаднын нөлөөнд автаж, бужигнаад байдаггүй. Тиймээс Монгол Улсад гарч буй сүүлийн хэдэн жилийн эдийн засаг болон өндөр түвшний бужигнаан нь их гүрнүүдийн ашиг сонирхолтой холбогдсон мэт надад харагддаг. Жишээлбэл, Төмөр замыг аваад үзье л дээ.

Нэг нь өргөн, нөгөө нь нарийн царигтай. Энэ нь эдийн засаг, геополитикийн ашиг сонирхол мэт харагдаад байгаа боловч ашигтай төмөр зам барих уу, аюулгүй байдлаа бодох уу? Хөгжих үү, аюулгүй байдлаа бодох уу? Ийм маргаан байгаа мэт боловч үндсэндээ их гүрнүүдийн бодлого яваад байна гэж харагддаг. Эцсийн дүндээ Монгол Улс төмөр замгүй, цахилгаан станцгүй, боловсруулах үйлдвэргүй, хоорондоо хэрэлдээд хямраад суугаа нь Монгол хөгжихгүй, хараат байдал хэвээрээ байна л гэсэн утгатай. Эндээс юу хэлж болох вэ гэхээр хэрэв бид их гүрнүүдийн нөлөөнд автахгүй, бие даасан эрчимтэй хөгжсөн эдийн засагтай болъё гэвэл хэрүүлээ багасгаж, үндэсний эрх ашиг дээрээ нэгдэх ёстой. 1911, 1921 онд монголчууд үндэсний эрх ашгийнхаа төлөө яаж нэгдэж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсантай адил, ХХI зуунд хүчирхэг эдийн засагтай, өндөр соёлтой, олон шашин, соёл цэцэглэсэн улс үндэстэн болохын төлөө бид нэгдэх ёстой юм. 

Монгол Улсад гарч буй сүүлийн хэдэн жилийн эдийн засаг болон өндөр түвшний бужигнаан нь их гүрнүүдийн ашиг сонирхолтой холбогдсон мэт харагддаг. 

-Бидэнд ямар гарц, бодлого хэрэгтэй байна вэ? 
-Жижиг орнуудын эмгэнэлтэй түүхийг харахад өрийн дарамтад орох, эдийн засаг сүйрэх, геноцидын хэлбэрээр шийдэх зэрэг гаднын орнуудын оролцоогүйгээр тусгаар тогтнолоо алдсан байдаг. Монголын хувьд манай судлаачид ирээдүйг төлөвлөх дүр зураг гэж бий. Бид сайнаас нь эхлээд муу нөхцөлийг хүртэл судлах ёстой юм. Ашиг сонирхол, өгөгдлүүд маш тодорхой байна. Ганцхан бид нар ямар бодлого явуулах вэ гэдэг л  байна.  Бид ХХ зууны түүхэн туршлага, XXI зуунд гурван гол зүйлээ олж авсан.

Тусгаар тогтнолоо хамгаалж чадсан, 1990 онд Ардчилсан хувьсгалыг байгуулж, тайван замаар сонгуулийн зарчмаар засаг төрөө байгуулах эрхтэй болсон. Хоёрдугаарт, хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Гуравдахь нь, зарим орнууд шилжилтээ хийж чадахгүй байна. Төвлөрсөн төлөвлөгөөт ч юм шиг, зах зээлийн ч юм шиг эдийн засагтай. Тэгэхээр Монгол Улс харьцангуй тайван замаар зах зээлийн ардчилсан тогтолцоонд шилжиж чадсан. Энэ гурван үнэт зүйлээ бид улам хөгжүүлж боловсруулах ёстой.

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн байгууллагууд “Танайд нэн тэргүүнд хөгжүүлэх хоёр зүйл байна. Нэг нь боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх. Мэдлэг чадвар, ёс зүйтэй дунд давхарга гарч ирвэл тогтвортой хөгжинэ. Улс төр бол боловсрол дулимаг хүмүүсийн сонголтод нөлөөлж байна. Хоёрдугаарт, бид нар эдийн засаг, уул уурхайгаа төлөвлөж тооцоолж чадахгүй байна. Хэт улс төржсөн, хувийн болон фракц, компанийн эрх ашигт хөтлөгдөөд улс хөгжүүлэх зөв бодлого төлөвлөлт гаргаж чадахгүй байна. Тиймээс боловсролтой монгол хүн улс орон, эдийн засгаа хамгаалж чадна. Монгол Улсыг Америк,
Япон, Орос улс аварна гэж байхгүй. Тавантолгой, Оюутолгой биш, Монгол толгой л аварна
.

-Нийгэмд маш их бухимдал байна. Бухимдсан иргэд эрх баригч, улстөрчдийг Орос, Хятадын талыг баримтлагчид гээд л шүүмжилж байна?
-Ийм зүйл улс орнуудын түүхэнд байдаг. Тухайлбал Америкт зэрлэг капитализмын үе гэж ярьдаг даа. Тэр үед алт руу хошуурч, улс төрийн сонгууль нь мөнгөний хүчээр явдаг үе байсан. Бидний хувьд УИХ дээр бизнесийг дэмжиж байж улс орон хөгжинэ гэж ярьж байна. Өнөөгийн цаг үед бизнесийн эрх ашиг уу, улс орны эрх ашиг уу гэдгийг ялгаж харахад хүндрэлтэй байна. Тэгэхээр дээр хэлсэн нийт олонхийн боловсролын түвшин дээшилж, УИХ, ЗГ-ын түвшинд шийдвэр гаргах ур чадвартай, ёс зүйтэй, төлөвшсөн түшээд үгүйлэгдэж байна. Чадвар, боловсрол, ёс суртахуун бүгд өөр өөр хэмжүүртэй. Үүнийг шинжлэх ухаанаар тогтоосон. Энэ бүхэн цогцолж байж л зөв шийдвэр гарна.

-Тухайлбал Америкийн сонгуульд Оросыг нөлөөлсөн хардаж байна. Таны хэлсэн шиг Монголд хоёр их гүрний ашиг сонирхол байгаа юм бол тэд сонгуульд нөлөөлсөн байж болзошгүй юү? 
-Америк Хятад, Орос Америкийн харилцаанаас харахад ийм байх магадлалтай. Юу гэвэл Трамп гарч ирэхэд Оросыг сонгуульд оролцлоо гэж их шүүмжилсэн. Гэтэл энэ оны эхээр Хятад Америкийн дотоод хэрэгт түүнээс дутахгүй оролцлоо гэж мэдэгдсэн. Тэр байтугай Хятад Трампыг солихыг сонирхож байна. Дараагийн сонгуульд өөр хүнийг Ерөнхийлөгч болгохыг хүсэж байна гэсэн шүүмжлэлүүд гарлаа. Энэ бол Америкийн талаас шүүмжилж байгаа зүйл.

Нөгөө талаас Өрнөдийн хэвлэлүүдэд Хятад хөрөнгө мөнгөтэй нөлөөтэй болсон үед хурц хүчин буюу sharр power-ийг хэрэгжүүлж байна. Төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, соёлын нөлөө, зөөлөн хүчний бодлогоор дамжуулан мөнгөөр нөлөөлөх хүчтэй бодлого явагдаж байна. Энэ бол анхаарууштай л асуудал. Улстөрчдөд л их хариуцлага оногдож байна гэсэн үг. Манай эдийн засгийн нөхцөл ч хүнд байна шүү дээ. Жишээлбэл, гадаад худалдааны 92 хувийг зөвхөн Хятадтай хийж байна. Экспортын 45-50 хувь нь зөвхөн нүүрс.

-Тэгэхээр бид яах вэ? 
-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг зөв ашиглах ёстой. Манай экспортын зам зөвхөн нэг чиглэлтэй эсвэл ганцхан суваг байна. Жишээлбэл, манай өмнөд бүсийн бүх суваг зөвхөн урагшаа гардаг. Транс Монголын авто зам, төмөр зам ганцхан шугамтай, тэр нь боомтууд дээрээ очоод тээглэдэг. Тэгэхээр зам тээврээ хөгжүүлж, Транс Монголын замтай болбол уул уурхайгаа ухахгүй үйлчилгээнээс маш их мөнгө олно. 

 



Бусад мэдээлэл