БНМАУ-ын нутагт “Биологи, Палеонтологийн хайгуул судалгааны
экспедици ажиллуулах тухай” ЗХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 1969 оны 07-сарын 02-ны
өдрийн тогтоол болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3-р сарын 28-ны өдрийн 89-р тогтоолууд гарч бэлтгэл ажлыг ханган, 1969, 1970 оноос хээрийн судалгааны
экспедицүүд ажиллаж эхэлжээ.
Монгол орны өргөн уудам нутагт
маш их цаг хугацааг хамарсан далайн болон эх газрын хурдсын амьтан ургамлын
цогц судалгааны суурийг тавих, эхлүүлэх, монгол орны байгалийн нөхцөл, нөөц баялаг, биологийн олон янз байдлыг
судлах, илрүүлэх, хамгаалах, ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах,
шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ахисан түвшний
боловсон хүчнүүдийг бэлтгэх Монгол Улсад эрдэм
шинжилгээний хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухааны доктор
ба боловсролын докторыг олноор бэлтгэх зорилгоор хамтарсан экспедицүүд хайгуул, судалгааны ажлыг тасралтгүй хагас
зуун жил явуулж, томоохон үр дүнд хүрсэн билээ.
Хоёр орны эрдэмтэд Монгол Оросын хамтарсан экспедицүүдийн түүхт 50 жилийн
ойг “Монгол орны нутаг дэхь палеонтологийн
болон биологийн судалгаа хагас зуун жилд” хурлыг зохион байгуулж, тэмдэглэн
өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эрдэмтэд хагас зуун жилд хийсэн хамтын ажиллагааныхаа үр дүнг нэгтгэн ярилцах, дүгнэх, олон улсын ач холбогдол бүхий шинжлэх ухааны
иж бүрэн мэдээллийн эх сурвалжийг бий болгох, цаашдын үйл ажиллагааныхаа
бодлого, зорилтыг тодорхойлон чуулж, улмаар судалгааны ажлын цар хүрээг өргөтгөх, зөвхөн эрдэм шижилгээний төдийгүй хүн-байгалийн харилцаа холбооны
урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчны гамшгаас урьдчилан сэргийлэх
өргөн боломжийг бий болгох
зорилтыг дэвшүүллээ.
Энэхүү түүхэн хугацаанд хамтарсан
акспедицүүд ямар ямар судалгааны ажлуудыг эрхлэн явуулж, ямар үр дүнд хүрснийг
тодотгоё.
МОНГОЛ-ОРОСЫН ПАЛЕОНТОЛОГИЙН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИ
Монгол орны
нутаг дэвсгэрт 600-2 сая хүртэлх жилийн далайн болон эх газрын хурдсын амьтан, ургамлын
цогц судалгааны суурийг тавих, эхлүүлэх, цаашид үргэлжлүүлэн явуулах зорилого
бүхий палеонтологийн хамтарсан экспедици нь 1968 оны 8-р сарын 5-ны өдрийн
ЗХУ-ын ШУА-ийн тушаалаар байгуулагдаж, 1969 оноос эхлэн ажиллаж ирсэн түүхтэй.
Палеонтологийн
экспедици хагас зуун жилийн туршид Монгол орны далайн болон тунамал хурдасны
амьтан, ургамлын давхаргазүйн ангилал, харьцуулалт, зарим голлох амьтны аймгийн
судалгаа, янз бүрийн цаг хугацаан дахь эртний газарзүйн байдлыг сэргээн босгох,
урьд кембри-кембри, силур-девон, перм-триас, доод-дээд цэрд, эоцен-олигоцен
зэрэг их хямралын цаг үеүдийн биотуудын хөгжил зэрэг судалгаануудыг явуулсан бөгөөд энэхүү
судалгаанууд нь “Монгол орны мезо-кайнозойн сээр нуруутан”, “Монгол орны урьд
кембри ба палеозойн амьтан ургамал, биогеографи” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд
хийгджээ.
“Монгол орны мезо-кайнозойн сээр нуруутан” сэдвийн хүрээнд Үлэг гүрвэлийн 9 овог, 35 зүйлийг шинээр
шинжлэх ухаанд бичиглэсэн ба судалгааны явцад олсон, цуглуусан, боловсруулсан
үлэг гүрвэлийн гайхамшигт олдворууд нь монголын палеонтологийн судалгааг
дэлхийн түвшинд хүргэж, үлэг гүрвэлийн хувьсал хөгжлийн төсөөллийг өөрчилж, дэлхийн шинжлэх ухаанд
шинэлэг хувь нэмрийг оруулсан байна.
Түүнчлэн хэвлээр явагч-птерозавр,
матар, яст мэлхий, гүрвэл зэрэг амьтдыг олж илрүүлэн, тэдгээрийн хувьсал
хөгжлийн төсөөллийг өргөжүүлэн баяжуулсаны дүнд Монгол орноос яст мэлхийн 20 төрөл, 28 зүйлийг
шинээр шинжлэх ухаанд бичиглэсэн төдийгүй эртний шувууны ангийн гарал үүсэл ба
хувьсал хөгжлийн гол санааг бий болгох хэмжээний ховор нандин олдворууд, цэрд, палеоген, неогены цаг үеийн хөхтөн
амьтадын олдворт газар болон олдворууд, эртний загасны янз бүрийн насны 50
гаруй олдворт газрыг тус тус нээн илрүүлж, хөхтөний судалгааг Монгол оронд
эхлүүлээд байна. Пермээс кайнозой хүртэлх насны 100 гаруй олдворт газрын хэдэн
мянган эртний шавжны төрөл, зүйлүүдийг бичиглэж, Монгол орон дэлхийд эртний
шавьжны олдвороор чухал байр суурь эзэлдгийг тогтоолоо. Энэхүү олон ховор
олдворууд нь музейн чухал үзмэрүүдийг бий болгожээ.
“Монгол орны урьд
кембри ба палеозойн амьтан ургамал, биогеографи” сэдвийн хүрээнд Монгол орны археоциат, мөр хөлтөн, трилобит,
хөвд биетэн, замаг, акритарх зэрэг амьтан ургамлын судалгааг анхлан явуулж шинэ
олдворт газруудыг илрүүлсэн ба 1987 оноос Монгол оронд бактерийн палеонтологи гэсэн шинэ салбарыг үүсгэн байгуулан ажиллаж
байна.
Энэ
хугацаанд Монгол оронд маш олон насны ургамал болон ургамлын олдворт газруудыг
илрүүлсэн бөгөөд уг судалгаагаар чулуулгийн насыг тогтоох, эртний цаг агаар,
эртний газарзүй, бүс бүчлэлийг сэргээн босгох ажлууд хийгдэж, монгол орны
палеозойн хурдасны шүрийг судалж, цогцолборуудыг ялгаж, чулуулгийн насыг
нарийвчлан тогтоожээ.
Монгол-Оросын
палеонтологийн хамтарсан экспедици байгуулагдан ажилласан энэ хугацаандаа
палеонтологийн гайхамшигт ховор нандин олдворуудыг олж илрүүлэн гайхамшигтай
сан хөмрөгтэй болсноос гадна хамтарсан экспедицийн 48 цуврал бүтээл, 10 ганц
сэдэвт зохиол, 1500 орчим э/ш өгүүлэлийг Орост болон гадаад орнуудын мэргэжлийн
сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна. “Палеонтология Монголии” гэсэн 8 боть бүтээлийн “Мшанки-Хөвд
биетэн”, “Кораллы и строматопородеи-Шүр”, “Брахиоподы-Мөр хөлтөн”,
“Позднемезозойские и палеогеновые остракоды-Хавтаст хавчаахай”, “Флора
фанерозоя-Ургамал” гэсэн 5 цуврал бүтээлийг хоёр талын судлаачид хамтран
бичилцэж хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.
Монгол-Оросын
палеонтологийн хамтарсан экспедици нь энэ хагас зуун жилд бараг судлагдаагүй
байсан Монгол орны палеонтологийн шинжлэх ухааны суурийг тавьж, цогц судалгаа
шинжилгээг явуулж, 8 шинжлэх ухааны доктор, 29 дэд докторыг төрүүлж, Монгол
оронд үндэсний палеонтологич мэргэжилтэн бэлтгэх ажилд том хувь нэмэр оруулсан
юм.
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН
ЭКСПЕДИЦИ (МОХБИБЭ)
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3-р сарын 28-ны өдрийн 89-р тогтоолоор Монгол Зөвлөлтийн палеонтологи, биологийн
эрдэм шинжилгээний хамтарсан хайгуулыг 1969 оноос ажиллуулахыг Шинжлэх Ухааны
Академи /н.Ширэндэв/-д зөвшөөрч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын
ШУА-аас ирүүлж байгаа угсармал байшинг угсрах, агуулах саравч барихад болон
хамтарсан хайгуул судалгааны ажилд монголын талаас шаардагдах хөрөнгийг гаргах,
хамтарсан хайгуулд оролцох хүрээлэнгийн орон тоог хянан батлах, хамтарсан хайгуулын
бүрэлдэхүүнд бусад хүрээлэн байгууллага, их дээд сургуулийн мэргэжлийн эрдэмтэн
судлаачид, ахлах ангийн оюутныг оролцуулан ажиллуулахыг холбогдох яамд, улсын
хороо, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа зэрэг байгууллагад даалгасан байна.
1969 оны 8-р сард Улаанбаатар хотноо ЗХУ-ын Шинжлэх
ухааны академи ба БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах
Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн гэрээнд гарын үсэг
зурж, тус экспедицийн дүрмийг баталсаны дагуу
тус экспедицийн толгойлогч байгууллага, бүтцийг тодорхойлж, эрдэм
шинжилгээний удирдагч, дарга нарыг томилж, захиргаа, эрдмийн зөвлөлийн
бүрэлдэхүүнийг баталсан байна. Энэ экспедицийн толгойлогч байгууллагаар анх
удаа монголын талаас ШУА-ийн Биологи, Ботаникийн хүрээлэн, оросын талаас ОХУ-ын
ШУА-ийн Ботаникийн хүрээлэн Оросын ШУА, Экологи ба Эволюцийн хүрээлэн) ажиллаж
байна.
Дэлхийн хуурай
газрын экосистемийн судалгааны томоохон экспедицийн нэг ОХУ болон Монголын
Шинжлэх ухааны академийн хамтарсан Биологийн иж бүрэн экспедици тасралттгүй 50
жил ажиллаж Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц баялагийн талаархи
онол практикийн гүнзгий ач холбогдолтой өргөн цар хүрээтэй судалгаа
шинжилгээний ажлыг гүйцэтгэж ирлээ.
1990 оноос тус экспедиц Монгол-Оросын хамтарсан биологийн иж
бүрэн экспедиц (МОХБИБЭ) гэдэг нэртэй болов.
МОХБИБЭ-нь Оросын газарзүйн
нийгэмлэгээс зохион байгуулсан Пржевальский, Потанин, Козлов нарын
удирдсан Төв азийн судалгааны алдарт
экспедицүүд болон Монголын Шинжлэх ухааны хороо ба ЗХУ-ын Шинжлэх ухааны
академиас зохион явуулсан иж бүрэн томоохон экспедицийн залгамжлагч болж байна.
Энэхүү экспедицийн гол зорилт бол нэгдүгээрт тус оронд эрдэм шинжилгээний
хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухааны доктор ба
боловсролын докторыг олноор бэлтгэх, хоёрдугаарт
монголын хөрс, ургамалжил, амьтны аймгийн тархац оршин тогтнох онцлог, зүйлийн
бүрэлдэхүүнийг тогтоох зорилгоор хөрс-ургамал ба зоологийн хайгуул болон суурин
иж бүрэн судалгаа явуулах, судалгааны үр дүнд биологийн чухал нөөц баялгийг
илрүүлэн үнэлэх, түүнийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг
боловсруулахад оршиж байв.
Тус экспедицийн Оросын тал юуны өмнө Төв Азийг судлаач нэртэй эрдэмтдийг
эрдэм шинжилгээний ажлын удирдагч, экспедицийн дарга, хайгуул, суурингийн
ахлагчаар томилж, нэртэй олон эрдэмтдийг судалгааны ажилд татан оролцуулсан
бөгөөд Төв Азийн нэрт судлаач доктор
А.А.Юнатов Академич Лавренко, В.Е.Соколов, А.Т.Мокроносов, Ю.Ю.Дгебуадзе,
С.Павлов, В.В.Рожнов, Н.С.Касимов,
сурвалжлагч гишүүн Ю.В.Гамелей, А.В.Суров нар болон ургамал судлаач В.Н.Грубов,
ой судлаач Н.Савин зэрэг эрдэмтэн судлаачид ирж, манай залуу судлаачдыг
судалгааны аргазүйд сургаж, багш шавийн холбоо тогтоож, тэдгээрийг эрдэмтэд
болгосон, оюуны их хөрөнгө оруулсан гавъяатай билээ.
Энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн
зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож, биологийн олон янз
байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм
судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг туурвин нийтлүүлэв.
МОХБИБ Экспедицийн ажлын ажлын үр дүнгээр 6.5 мянган
эрдмийн бүтээл хэвлүүлсэн бөгөөд тус экспедицийн шугамаар хээрийн судалгааны эх
хэрэглэхүүн материалыг бүрдүүлж “Монгол орны байгалын нөхцөл биологийн нөөц”
цувралаар 66 боть, “Монгол орны шавж”-11
боть, “Сээр нуруутан амьтад” цэвралаар 7 боть, 100 гаруй монографи зэрэг
томоохон бүтээлүүдийг туурвижээ. Мөн олон тооны янз бүрийн масштабтай зураг
хэвлэгдэв. Тухайлбал, “Монгол орны ургамалжлын зураг” (1979, 1:1500000
масштабтай), “Монгол орны ойн зураг” (1983, 1:1500000 масштабтай), “Монгол орны
хөрсний зураг” (1980, 1:2500000 масштабтай ), “Монгол орны экосистемийн зураг”
(1995, 1:1000000 масштабтай) зэрэг томоохон бүтээлийг нэрлэж болно.
Тус экспедицийн чухал үр дүнгийн нэг болох Орос монголын 100 гаруй эрдэмтдийн олон
жилийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн “Монгол
орны экосистем атлас”-ыг экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан англи хэл
дээр бэлтгэн хэвлүүллээ.
Орос монголын биологич эрдэмтдийн бүтээн туурвисан
эрдмийн бүтээл, байгаль хамгааллын холбогдолтой санал, зөвлөмжийг үе үеийн
Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, их дээд сургуулийн
оюутан, судлаачид гарын авлага хэрэглэхүүн болгон ашиглаж, байгаль хамгааллын
салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж
байна.
Монгол Оросын хамтарсан биологичдын олон жилийн судалгаа
шинжилгээний ажлын үр дүнд бий болсон мэдээ, эх хэрэглэхүүн нь монгол орны экосистем, биологийн төрөл
зүйлийн хувирал өөрчлөлтийг үнэлэн дүгнэх мониторинг судалгааны чухал ач холбогдолтой
болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Биологийн экспедиц байгуулагдсан цаг үеэсээ эхлэн манай
оронд эрдмийн зэрэгтэй эрдэмтэн судлаач бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж байна. Тус
экспедицийн шугамаар ОХУ-ын ШУА-н хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудад манай
залуу ажилтнууд эрдэм шинжилгээний томилолтоор урт, богино хугацаагаар
томилогдон ажиллаж, мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ аспирантур, докторантурт
суралцаж эрдмийн зэргийг амжилттай хамгаалсан юм.
МОХБИБЭ ажилласан энэ хугацаанд Монгол орны байгалийн нөхцөл,
биологийн олон янз байдлын хээрийн судалгааны материалыг боловсруулсны үндсэн
дээр шинжлэх ухааны докторын зэргийг 45 ажилтан, биологийн ухааны докторын
зэргийг 107 ажилтан хамгаалснаас монголын 28 ажилтан шинжлэх ухааны доктор, 90
гаруй хүн боловсролын докторын зэрэг хамгаалсан байна.
Тухайлбайл, О.Шагдарсүрэн, А.Дулмаа,
Н.Өлзийхутаг, Д.Доржготов, А.Болд,
Ч.Содномцэрэн, Б.Бямбаа, Ч.Дугаржав, Ч.Доржсүрэн нар шинжлэх ухааны
докторын зэрэг хамгаалж монголын шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдов.
Экспедици ажиллаж эхэлсэн эхний
жилүүдэд судалгааны ажлыг 1) Монголын ургамлын аймаг ба амьтны аймгийн бүртгэл;
2) Монголын хөрс ба ургамлын бүрхүүлийн орон зайн бүтцийн үндсэн зүй тогтлыг
илрүүлэх ба янз бүрийн масштабтай түүний зурагзүйн загварыг буй болгох; 3)
суурин цэгүүд дээр хөрс-ургамалжлын бүлгэмдлийн хөдлөлзүйг судлах гэсэн гурван үндсэн чиглэлээр хийж байв.
Дараагийн шатанд дээрхи судалгааны
ажлууд үргэлжилж, экосистемүүдийн үндсэн хэв шинжийн бүтэц, хэв шинж, үйл
ажиллагааны онцлог ба экоситемүүд дэх амьтны аймгийн үүргийн талаар хайгуул ба
суурин судалгааны ажил хийгдсэн юм.
1990-ээд оноос өмнөх үе шатны судалгааны
ажил батлагдсан хөтөлбөрийн дагуу Монголын экосистемүүдийн орчин үеийн төлөв
байдлын экологийн үнэлгээ, тэдгээрийн хүний нөлөөгөөр өөрчлөгдсөн байдал,
цөлжилт ба доройтлын оношлогооны үзүүлэлтүүдийг тодорхойлох ба иж бүрэн
экологийн зургуудыг зохиох зэрэг шинэ чиглэлүүдээр судалгаа эхэлсэн болно.
Монгол улсын засгийн газар “Монголын биологийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчны
төлөв байдлын экологийн үнэлгээ” сэдэвт МОХБИБЭ-ийн хөтөлбөрийг баталсан юм. Уг
хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол орны
экосистемүүдийн үндсэн хэвшинжүүдийн төлөв байдлын зураглал ба
үнэлгээний талаар тусгай аргазүй боловсруулав.
М:1000000 масштабтай “ Ecosystems of
Mongolia” зургийнг зохиож 1995 онд
“Ecosystems of Mongolia” зураг 15 хуудастайгаар цаасан хувилбараар хэвлэгдсэн
ба харин 2000 онд түүний электрон эх хувилбарыг дуусгав.
2000-аад оноос эдийн засгийн хөгжлийн
зах зээлийн тогтолцоот хөгжлийн замыг сонгосон Монгол улс ба шилжилтийн үед
нилээд тод илэрч буй экологийн чухал асуудлыг судлахад экспедицийн үйл
ажиллагаа чиглэсэн байна. Монголын ШУА
ба оросын ШУА-ийн хооронд байгуулсан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны
протоколын дагуу МОХБИБЭ-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрт Монголын байгалийн
нөхцөлийг судалгааны 7 үндсэн чиглэл, тэдгээрээс гарах үндсэн үр дүнг
тодорхойлсон юм.
Төв ази ба Өмнөт Сибирийн шилжилтийн
бүсийн амьтан- ургамал ба биогеоценозын олон янз байдал, Монголын тусгай хамгаалалттай нутаг
дэвсгэрийн сүлжээний одоогийн төлөв, хөгжлийн ирээдүй, Цөлжилт, Монголын
байгаль орчны бохирдлын эколог-нийгмийн асуудал, Байгал нуурын ай савын биологи ба экологийн
мониторинг судалгааны чиглэлээр тус экспедицийн монгол оросын талууд ойрын
ирээдүйд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Монгол
оронд байгалийн экосистемүүдийн үйл ажиллагаа, ландшафт-экологийн нөхцөлийн
хувьсал, биологийн нөөц баялагийг зохистой ашиглах ба байгаль хамгааллын арга
хэмжээг боловсруулах талаар экспедицийн олон жилийн турш явуулсан судалгаа нь
арга зүйн чухал ач холбогдолтой. Төв Азид загвар орон болох Монголын экосистем
ба экологийн нөхцөлийн судалгаа нь Сибирийн тайгын ой ба Төв Азийн цөлийн зааг
дээр экологийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой байх
болно.
МОХБИБЭ
манай орны байгалийн бүслүүрт экосистемийн урт хугацааны мониторингийн сүлжээг байгуулав. Тухайлбал,
Архангай аймгийн Түвшрүүлэхийн ойт хээр, Өмнөговь аймгийн Булган сумын цөлийн хээр,
Төв аймгийн Өнжүүлийн хуурай хээр, Мөнгөнморьтын ой-нугат хээр, Завхан аймгийн
Тосонцэнгэлийн ой, Булган аймгийн Хялганат, Дархан-Уул аймгийн Шарын голын ой,
Сэлэнгэ аймгийн нуга, Сүхбаатар аймгийн Жинхэнэ хээр, Нийслэлийн Гацууртын ойн
суурингуудыг байгуулахад техник-эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
Цаашид электрон өөрөө бичигч
дамжуулагч төхөөрөмжийг ашиглан Монголын хөрсний дулаан ба усны горимыг жилийн
турш судлах, цөлжилтийн явц ба ургамлын харь зүйлийн судалгаа үргэлжилж,
ургамлын аймаг ба амьтны аймгийн биологи экологийн судалгааг гүнзгийрүүлж, ойрын
жилүүдэд Монгол орны нийгэм-эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогод нийцүүлэн тус
экспедицийн судалгааны шинжилгээний ажлын хөтөлбөр, үндсэн чиглэлийг нарийвчлан
боловсруулах зорилго тавьж байна.