Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал 5 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордны хурлын их танхимд эхэллээ. Тус хурлыг МУ-ын ЗГ-ын Ойг тэмдэглэх үндэсний хороо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, академич Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Баярцогт, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцож үг хэлэв.
УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Өндөр гэгээн Занабазар Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм. Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшлүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашныг бий болгож төлөвшүүлсэн юм. Их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн тооцоон дээр үндэслэн байгуулсан байдаг. Үүний нэг нь Монгол Улсын нийслэлийн гал голомтыг бадраасан Сарьдагийн хийд буюу Төгс баясгалант номын их хүрээ юм. Өндөр гэгээн Занабазар бээр Леонардо да Винчи, Рембрандтын уран зургаас үл дутах Очир Дара бурхан, язгуурын таван бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу их мастер байлаа. Түүний бүтээлийг өрнө дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн ЮНЕСКО хамгаалалтандаа авсан. Үүний үр дүнд их уран бүтээлчийн өөрийн гэсэн ур хийц, бүтээсэн технологи, Монголын төдийгүй дэлхий дахины соёлын хосгүй үнэт өв болон үлдсэн юм. Өндөр гэгээн Занабазар бол олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн юм. Энэхүү "Соёмбо" монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно” гэжээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг ЕТГ-ын дарга П.Цагаан уншиж сонордуулав. Ерөнхийлөгчийн илгээлтэд
“Монголчууд бидний авъяас билэг төгс, хосгүй нэгэн хутагт, олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Занабазар Богдын сэнтийд өргөмжлөгдөж, өөрийн орноо бурхан шашны номыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн Нийслэл хотын их үндсийг тавьж, дэлхийд гайхагдсан сонгодог урлагийн бүтээлд зүй ёсоор тооцогдох давтагдашгүй бүтээлүүдээ туурвин, Соёмбо үсэг, эе эв, гүн ухааны бодрол бясалгалын олон ном судар зохиож, монгол зураг, уран баримал, бүхэл бүтэн дэг сургууль үндэслэсэн хосгүй авъяс билэгтэн хүмүүн байв. Тэрээр билэг төгс авъяастнаас гадна байгаль эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалахад онцгой анхаардаг гавъяатан байсан. Монголын шашин номын тэргүүн, оюун билгийн гайхамшиг, нэрт соён гэгээрүүлэгч энэ хүмүүний амьдрал, түүний бүтээсэн өв судлал Монголд төдийгүй эдүгээ олон улсын судлал болсон байна. Түүний амьдрал уран бүтээлтэй холбоотой мартериалуудыг монгол, төвд, манж, орос, хятад зэрэг хэлнээс хөрвүүлж, нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад өнөөдрийн Та бүхний зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Өндөр гэгээн судлал цаашид улам өргөжин гүнзгийрэхэд манай залуу үе, монголч эрдэмтэн судлаачид чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээв.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ,
“Монголын түүхэнд нэг тохиосон, монголчуудын хувь заяанд нийдэм нөлөөлсөн, Монголын цор ганц Өндөр гэгээнтний тэгш дүүрэн ойг бид ёслон тэмдэглэж байна. Чухамхүү өндөр хувь заяанд төрсний тул энэ цолыг өргөж, ухаарахуй ба урлахуйн өндөр тэнгэрт туурвин бүтээсний учирт энэ цолыг хамгаалж, энэрэхүй ба нийгүүлсэхүйн өндөрт гэгээрсний тул энэ цолыг Монгол түмэн түүнд мөнхөлжээ.
Өнөөдрийн олон улсын энэхүү хурлыг Монгол Улсын Засгийн Газрын Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний Хороо, Монгол Улсын ШУА, түүний Түүх, Археологийн хүрээлэн, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, Өндөр гэгээн судлалын бүтээлүүдээ хэлэлцүүлэхээр үндэсний нэр хүндтэй олон эрдэмтдээс гадна Эрмитаж, Кунсткамер, Кембрижийн их сургууль, Эрхүүгийн музей, Буриад улсын Үндэсний музей, Бүх Хятадын Ардын Их сургууль, Япон улсын Отани, Тохоку, Хирошима Их сургуулиуд, Варшавын их сургуулиас нэр хүндтэй эрдэмтэд хүрэлцэн ирсэн нь хурлын ач холбогдлыг өндөрт өргөж байна.
Монголын нүүдлийн соёл иргэншлийн өлгий, Монгол төрийн гал голомт Орхоны хөндий, Эзэн Чингисийн үүтгэсэн их улсын нийслэл Хархорум, Өгөдэй хааны Түмэн амгалант ордны туурин дээр Алтан ургийн төр ёсны аргамжааг таслалгүй Эрдэнэ зуугаар төвлөсөн Монгол сэтгэлгээ, Монгол соёлыг урагшлуулан хөгжүүлсэн түүний өв санг нарийвчлан судлах нь хойчийн бидэнд түүх уламжлалаа шинээр ойлгох, шинийг сэдэх ач холбогдолтой юм.
Түүний шашны туурвил зүйг чөлөөт сэтгэлгээгээр хөглөн, Монгол хүний ухаан, ур шингээн урласан бүтээл шүтээнүүд нь өдгөө дэлхийн аль ч галерейд Занабазарын хийц, Занабазарын сонгодог бүтээл хэмээн үнэлэгдэж байна.
Өндөр гэгээний барьж байгуулсан сүм хийд бол бясалгал гэгээрэл, бурсан хуврагуудын орон төдийгүй, нүүдэлчдийн төвлөн суух хот суурин байгуулах зорилгыг давхар агуулсан бөгөөд Монгол шашин, Монгол орон хийд, Монгол дэг ёсыг цогцлоон бүтээх гэсэн гүн ухааных нь бодит биелэл байв . Монгол нүүдэлчний аливаа эрдмийг ажиглан таниад, хуулан авах төдий бус, өөриймшүүлэн хөгжүүлж, шинэчлэн сайжруулдаг арга ухаанд Өндөр гэгээн олон шавиа оройлон дагуулж явжээ. Өндөр гэгээний зохиосон нэг боть зохиолын доторх гүн ухаан, магтаал, залбирал, шашны зан үйлийн бүтээл нь төв ёсыг сахих үндсэн зарчимтай байснаараа хожмын зуунуудад Буддизмын олон урсгал чиглэл, дэг ёс Монголд аливаа зөрчилгүй дэлгэрэх үндсийг тавьсан байна. Энэ санааны үүднээс Өндөр гэгээн мэдлэгийн их өв Ганжур, Данжурыг Монголд дэлгэрүүлж, олон судар ном бүтээлгэсэн байдаг. Түүний санаачлагаар 5-р Далай ламын сангаас Ганжурын сонгодог эх өдгөө Монгол улсын Төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Түүний зохиосон номын хэлний “Соёмбо-зояди” буюу “Өөрөө гийсэн гэгээн” хэмээх үсэг нь тухайн цагийнхаа сонгодог мэдлэг болсон Буддизмын их бага арван ухааны номын ай саваас монгол хүн ярианы хэлэнд ойроор орчуулан буулгаж, түргэн суралцан, зохион бичих оролдлогоос үүдэлтэйгээс гадна хятад, төвд, манж, орос зэрэг бүс нутгийн олон соёлын харилцаанд цагийн эрхээр татагдан орсон монголчуудын оюуны соёлын дархлааг тогтоох бас нэгэн зорилго агуулсны учир өдгөө монголчуудын төрийн сүлд, нэрийн хуудас болж байна.
Өндөр гэгээн бол Төв Азийн бүс нутгийн олон соёлын харилцаа холбоо, түүхэн учир шалтгаан, шашны бодлогын нөлөөг гүнзгий мэдсэний учраас Монгол соёлын дархлаа, тусгаар тогтнолыг Энэтхэг, Төвд, Монголын Буддын шашны язгуур холбоонд тулгуурлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлжээ.
Өндөр гэгээний эхлүүлсэн утга, санаа, сэдэв нь Монголын хожмын мэргэдийн бүтээлүүдийн төрөн гарах сэдэл болж байв. Монголчуудын тухайд 17-18-р зуун бол улс төрийн амьдралын хувьд ороо бусгаа цаг байсан боловч шашин, соёл, нэн ялангуяа эрдэм мэдлэг, туурвил бүтээлийн хувьд Өрнө дахины ренесанс буюу сэргэн мандалт, enlightenment буюу соён гэгээрлийн аль альных нь шинжийг агуулсан, Өндөр гэгээн Занабазар (1635-1723), Ойрдын Зая бандид Намхайжамц (1599-1662), Халхын Зая бандид Лувсанпринлэй (1642-1715) нараар манлайлуулсан үе байлаа.
Туурвисан урлал, зохиосон бичиг, бүтээсэн ном, айлдсан сургааль, барьж босгосон сүм хийд, түгээн дэлгэрүүлсэн үзэл баримтлал, дагасан олон шавь нар-мэргэдийн түвшинг нь үзвээс Өндөр гэгээн бол нэг бодгалийн хэмжээнээс хальсан их мэдлэгтэн байна. Түүний намтрыг туурвисан Агван-Иштүвдэнгийн бичсэнчлэн “Бурхан цутгах, бурхан зурах, сийлэх, хот мандлын зураг тэг, эм зурхай, ер бүгдэд түүний эс айлдсан гэх юм үгүй мэт болой”[1] . Чингэвээс Өндөр гэгээнтэн бол Монголын Да Винчи, Микеланжело, Диени Дидро, бас Ломоносов нь байсан гэж хэлж болох юм.
Өнөөдөр бид Өндөр гэгээн судлалыг туурвил бүтээлийнх нь салбар бүрээр тусгайлан хөгжүүлэхийн сацуу нэгэн бодгалийн үүтгэсэн гүн ухаан, нэгэн бодлогын дор бүтээснийг харгалзан үзэж нэгдмэл арга зүйгээр, шинжлэх ухааны олон салбарын уулзварт авч үзэх шаардлагатайг дурьдахыг хүсч байна.
Энэ удаагийн хурлаас эхлэн Өндөр гэгээнтний амьдрал, өвийн судлал олон улсын түвшинд хүрч байгаад ШУА-ийн нэрийн өмнөөс нэн талархаж байна. Цаашид манай эрдэмтэд, Монгол судлаачид хамтран Өндөр гэгээн судлалыг улам өргөтгөх, дэлхийд тархсан өв соёлыг нь бүртгэх, олон улсын архивт хадгалагдаж буй эх хэрэглэгдэхүүнийг нь судалгааны эргэлтэд оруулах, дагнасан судлаачид бэлтгэхэд манай ШУА, Түүх, Археологийн болон бусад хүрээлэнгүүд идэвхтэй хамтран ажиллах болно” хэмээлээ.
Хуралд Өндөр гэгээнтний бүтээл, шашин соёлын гайхамшгийн тухай судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлэхээр үндэсний нэр хүндтэй олон эрдэмтдээс гадна Их Британи, Умард Ирландын вант улсын Кембриджийн их сургууль, ОХУ-ын Эрмитаж улсын музей, Кунсткамер буюу Угсаатан, хүн судлалын музей, Эрхүүгийн хязгаарын музей, Буриадын Үндэсний музей, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Их сургууль, Япон улсын Отани, Тохоку, Хирошима Их сургуулиуд, Польшийн Варшавын их сургуулиас нэр хүндтэй эрдэмтэн судлаачид хүрэлцэн иржээ.
Уг эрдэм шинжилгээний хурлаар академич Ж.Болдбаатар “Өндөр гэгээн Занабазарын улс төр, нийгмийн үйл ажиллагааг шинээр авч үзэх нь” сэдвээр, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа: элчин, баримт, судалгаа” сэдвээр, Бурханч лам Г.Пүрэвбат “Өндөр гэгээний хувилгаан урлал” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Түүнчлэн ОХУ-ын Эрмитаж Улсын музейн төлөөлөгч Ю.И.Елихина “ОХУ-ын эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг сэдвээр”, ШУА-ийн Хэл зохион хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар “Соёмбо дөррвөлжин үсгийн судлалын зарим асуудал” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Үүний дараа эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжилсэн юм.