Монгол, Орос эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн хүрээнд хоёр орны эрдэмтэд хамтран “ОХУ-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Хурлыг Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар удирдан явуулсан бөгөөд тус хуралд ОХУ, АНУ, Япон, БНСУ, Канадын томоохон эрдэмтэд болон өмнө ажиллаж байсан Польшийн эрдэмтэд хүрэлцэн ирж оролцов.
Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Палеонтологийн салбар энэ чиглэлээр судалгаа хийж буй үе үеийн судлаач, эрдэмтдийн зүтгэлээр амжилттай явж ирсэн байдаг. Бид ч гэсэн дэлхийд нэртэй шинжлэх ухааны салбарыг удирдан авч явж байгаагийн хувьд энэ байр суурийг алдахгүйгээр олон улстай хамтран судалгаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд палентологийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Хуучин тухайн олдворыг олоод морфологи хэв шинжээр нь судалгаа хийдэг байсан бол одоо улам нарийсч, молекул биологий талаас нь чулуужсан олдвороос генийн бүтээгдэхүүн олохоор хүчин чармайлт гаргаж байна. Ийм тохиолдолд нарийн багаж, тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэглээ гээд тэр үнэтэй багажийг улсаас шаардсангүй. Бид боломжоороо гадны орны лабораториудад очиж, бүтээл болгон дэлхийн томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж байгаа нь сайшаалтай юм” хэмээв.
Монгол Улс эрт цагийн үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд гуравдугаарт жагсдаг. Мөн дэлхий дээрх үлэг гүрвэлийн олдворын тавны нэг хувийг Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдворууд эзэлдэг аж. Тэгэхээр энэ чиглэлийн судалгааг монгол оронгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдгийг хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид хэлж байв.
Монголд палентологийн чиглэлээр хамгийн урт хугацаанд судалгаа хийж буй хүн бол Билгүүн номч Б.Ринчений хүү, академич, палентологич Р.Барсболд билээ. Тэрбээр хэлэхдээ “Манай орны үлэг гүрвэлийн өлгий Нэмэхт хэмээх уул бол дэлхийд ховор тооцогддог олдворт газрын нэг. Би сая илтгэлдээ дурьдахдаа үлэг гүрвэлийн бүх олдворын талаас илүү хувь нь эндээс олдсон гэдгийг онцоллоо. Мөн эртний хөхтөн үлэг гүрвэлийн 3/2 нь энэ газраас олдсон байдаг. Монголын хувьд Тэмээн шавар буюу Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газар, 1930-аад онд илрүүлсэн Нэмэхт уул гэсэн хоёр томоохон палентологи экспидицийн газар бий. Энэ хоёр том секторт оролцоогүй дэлхийн алдартай судлаачид бараг байхгүй гэж хэлж болно” хэмээв.
Монгол, Оросын палеонтологийн экспедиц 1946 оноос эхлэн хамтран ажиллажээ. Хоёр орны эрдэмтэд хамгийн сүүлд хээрийн судалгаа хийх явцдаа 70 гаруй жилийн өмнөх сонирхолтой 3 олдвор олсоноо дэлгэн үзүүлжээ. Үүнд экспедицийнхний хэрэглэж байсан хурдас, хуримтлал ялгах төхөөрөмж, тухайн үеийн экспедицид ажиллаж байсан хүмүүсийн нэрстэй шил, мөн 1967 онд ажиллаж байсан дараагийн хээрийн судалгааны ангийн хүмүүсийн нэрсийг хийсэн лааз зэрэг багтаж байна.