ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.
“Chemistry-2016” хуралд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Улаанбаатарын их сургууль, Тээврийн дээд сургууль, ХХААХҮЯ-ны Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монголын эрдэмтдийн зөвлөл, “МАК” ХХК, “ЮТО” ХХК, “Тавин-Ус” эмийн үйлдвэр зэрэг байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцож, олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Мөн хурлаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ, Финлянд болон Болгар улсын их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар нийт 41 илтгэл хэлэлцэгдсэнээс (аман илтгэл 19, ханын илтгэл 22) урилгаар ОХУ-ын Сибирын салбарын Буриадын Улаан-Үдийн Байгаль ашиглалтын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭШТА, ОХУ болон Буриадын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Г.Базарова, ШУА-ийн ХХТХ-ийн Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор А.Минжигмаа нар тойм илтгэл тавьжээ.
Тус хүрээлэн 2013 оноос эхлэн хүрээлэндээ ажиллаж байсан нэр хүнд бүхий ахмад эрдэмтдийн монголын болон дэлхийн химийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны ажлын үр дүн, бүтээл туурвилыг залгамж хойч үед нь сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн хурлыг ахмад эрдэмтний нэрэмжит болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хурлыг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор, академич Ж.Амгалангийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.
Академич Ж.Амгалан нь 1962 оноос одоог хүртэл тус хүрээлэнд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа манай ахмад эрдэмтдийн нэг юм. Тэрээр өөрийн баг, судлаачдын хамт Монгол орны хөрсний микроэлементийн болон хатуу биеийн механохимийн судалгааг Монгол улсад хөгжүүлсэн, энэ чиглэлийн олон арван эрдэмтдийг бэлтгэсэн нэрт эрдэмтэн билээ.