Хүн төрөлхтөн хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн цар тахлын түүхээс суралцсаар байна. Бидний өвөг дээдэс байлдан эзлэх урлагийг эзэмшээд зогсохгүй, хүн төрөлхтний мөнхийн дайсан болсон өвчин эмгэгийг эмчлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл амьдрах ухааныг бий болгосоор иржээ. Шинжлэх ухааны ололтод итгэх нь аливаа халдвараас сэргийлэх, түүнтэй тэмцэх хамгийн зөв гарц гэдгийг өнгөрсөн түүх бидэнд гэрчилж байна. Халдварт өвчнөөс найдвартай хамгаалах “Зэвсэг” вакцин боловсруулах аргыг нээсэн нь хүн төрөлхтний оюун ухааны гайхамшигт ололтуудын нэг гэдэг нь анагаах ухааны түүхэн үйл явдал, гэрч баримтууд нотолж байдаг. АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн захирал Жули Л.Гербердинг (MD.,M.P.H) “Асар хурдацтай глобальчлагдаж буй өнөөгийн ертөнцөд халдварт өвчин тархахаас сэргийлэх нь хэзээ ч ийм хурцаар тавигдаж байгаагүй бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ асуудалтай халз тулахад Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн Холбооны албан ёсны хэвлэл болох
“Халдварт өвчний хяналтын гарын авлага“-аас илүү үнэ цэнтэй лавлах материалыг би мэдэхгүй юм байна” хэмээн тодотгон хэлсэн байдаг.
Энэ зуунд, нэн ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хугацаанд дэлхийн олон оронд, түүний дотор Монгол Улсад хүн амын өвчлөлийн бүтэц, хүн ам зүйн үзүүлэлтэд гарсан нааштай өөрчлөлт нь олон талаар чухамхүү өргөн вакцинжуулалт нэвтрүүлсэнтэй шууд холбоотой юм. Монгол улс Цагаан цэцэг өвчнийг эх орны вакцинаар бүрэн устгаж, эрүүл мэндийн салбарт нотолгоонд суурилсан шинэ вакцинуудыг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд халдварт өвчний гаралт, эндэгдэл эрс буурч нярайн татран, полиомиелит өвчнүүдийг устгасан нь Монголын анагаах ухааны түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал бөгөөд анагаахын шинжлэх ухааны хөгжлийн томоохон үр дүн, ололт амжилт байв.
Коронавируст халдварын цар тахлын үед Төр, засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, Улсын онцгой комисс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс, ДЭМБ-аас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Коронавируст халдварын цар тахлын үед мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамжийг нэгтгэн дараах дөрвөн боть бүтээлийг толилуулж байна.
Он цагийн бичээст тэмдэглэгдэн үлдэх Түүхийн энэ үеийг:
”Халдвар өвчинтэй тэмцсэн түүх, хуримтлуулсан мэдлэг, ухаарал”
“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн”
“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага сургамж- салбар дундын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн”
“Монгол Улс цар тахлыг даван туулсан нь” зурагт альбом гэсэн дөрвөн боть бүтээлийг уншигч Та бүхэнд толилуулж байна.
Уг бүтээлд Монголын уламжлалт анагаах ухааны халдварт өвчин судлалын түүх, Ковид-19 буюу шинэ коронавирусийн халдварыг эмчлэх, түүнээс сэргийлэх уламжлалт аргуудыг авч үзэж, Цар тахалтай тэмцсэн өрнийн анагаах ухааны түүхийн товчооныг нэгтгэн боловсруулж, Улс тунхагласны дараах үеүдэд халдварт өвчинтэй тэмцсэн анагаах ухааны салбарын товч түүх, сургамжуудыг нэгтгэж, цар тахлын үед хийсэн ажил, авсан арга хэмжээг он цагаар дараалуулан товчлон өгүүлэхээс гадна туршлага, ололт амжилт, саад бэрхшээл, сургамж, цаашид анхаарах асуудлуудыг нэгтгэн дүгнэхийг хичээсэн болно.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зохиогчид, судалгааны баг, Ерөнхий редактор, Ботийн редакторуудыг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэн хэлэхдээ: Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хүч мөхөстсөн, хүн төрөлхтөн хөл алдсан коронавируст цар тахлыг даван туулахад академчид, эрдэмтэд, судлаачид, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад салбарын хамтын ажиллагаа маш чухал үүргийг гүйцэтгэсэн. Манай улсыг дэлхий нийтэд тэр дундаа Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ болохуйц стратегийг хэрэгжүүлсэн хэмээн ДЭМБ болон бусад улс орнууд дүгнэсэн. “Угтаж мэдээд тосож бэлдээд тэсэж гарна” гэх эртний үг бий. Аливаа үйл явдал болоод өнгөрсний дараа дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Нөгөөтэйгүүр дэлхий дахинд аливаа зүйлийн хувьсал маш хурдтай явагдаж байна. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Технологи болон бусад хөгжил, шинэчлэлтэй холбоотой эрсдэлүүд ч бий болсоор байна. Хүний болон амьтны гаралтай вирус, түүний хувьсал мутац цаашид яаж өрнөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс ямар ч үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг бодитой бөгөөд илүү шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо ихээхэн чухал байна.
Эрдэмтэд дөрвөн боть бүтээл туурвин үлдээж байгаа нь дараа дараагийн болзошгүй цар тахлын үед бидний хойч үед үнэлж баршгүй гарын авлага, архив болж үлдэнэ хэмээн онцлон хэллээ. Энэхүү үнэт өвийг эмхэтгэн, найруулан туурвисан ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд, МАУА-ийн тэргүүлэгч гишүүн, академич П.Нямдаваа, ЭМЯ-ны судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, ШУА-ийн Төрөлжсөн академууд хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан болон бүтээлийн Ерөнхий редактор, редакторуудад, Эрүүл мэндийн яам, Монголын фото мэдээ сэтгүүлийн хамт олон сэтгүүлчдэд гүн талархал илэрхийлье хэмээн хэлэв.
Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи
Монголын Анагаах Ухааны академи