Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол, Унгарын ШУА-иуд Археогенетикийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол, Унгарын ШУА-иуд Археогенетикийн чиглэлээр хамтран ажиллана

Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански  өнөөдөр ШУА-д зочилж хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дашрамд дурдахад, элчин сайд Борбала Обрушански  нь монгол судлалаар доктор хамгаалсан монгол судлаач эрдэмтэн хүн юм.

 Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухаанд ээлтэй Монголч эрдэмтэн Элчин сайд ирсэн явдалд бид олзуурхаж  байлаа. Таны монгол  улсын талаарх ихээхэн мэдлэгтэй байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэж  найдаж байна. Унгар улс нь Монгол судлалаар дэлхийд нэгдүгээрт  ордог. Энэ нь бид түүх нэгтэй гэсэн үзэлтэй холбоотой болов уу. Монгол улс биотехнологийн судалгаанд ойрын жилүүдэд ач холбогдол өгч хөгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Энэ  тал дээр танай улстай  хамтран ажиллах саналтай байна” гэлээ.  

Элчин сайд Борбала “Унгарын эрдэм шинжигээний хүрээлэн ирэх зургадугаар сараас  ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтраад “Бэлхийн өв” нэртэй томоохон хэмжээний Археологийн судалгаа эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаадаа таатай байна. Энэ хүрээнд Археогенетикийн чиглэлээр ахисан түвшний судалгааг явуулахаас гадна усны менежментийн чиглэлээр  хамтран ажиллах сонирхолтой  байна.

Мөн Унгарын Унгар судлалын хүрээлэнгээс Түүх, угсаатны зүй, Археологи, хэлний язгуурын судалгаа зэргээр хамтран ажиллахаар санал ирүүлсэн. Энэ тухай ирэх 6 дугаар сард Унгарын талынхан монголд айлчлах үеэр  дэлгэрэнгүй уулзалт хийнэ гэж найдаж байна” гэсэн юм.  

Унгарын ШУА-иас жил бүрийн 11 дүгээр сард Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмлэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил  ч энэхүү өдрийг Монголд тэмдэглэх саналтай байгаагаа элчин сайд хэллээ.

Хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагаа:

Монгол улсын ШУА нь Унгарын ШУА-тай анх 1959 оны 10 дугаар сарын 14-нд хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Үүнээс хойш 1995 оны 5 дугаар сарын 9-ний өдөр одоогийн ШУА нэрээр шинэчлэн зурж, эдүүгээ хүчин төгөлдөр хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хамтран ажиллах саналуудыг 2 тал солилцон төлөвлөж ажилладаг.

ШУА-ийн хүний нөөц болон хүчин чадлын хөгжилд Унгар улс ихээхэн хувь нэмэр оруулжээ. 1973 онд Унгар улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад Нарны зайн лаборатори байгуулагдахаар болж монголоос  эрдэмтэд Унгар улсын Тунгсрам фирмын болон Цахилгаан техникийн судалгааны хүрээлэнгийн лабораториудад мэргэжил дээшлүүлж, үр дүнд нь ШУА-ийн ФТХ-ийн Нарны зайн лабораторийн суурь тавигдаж байв.

Мөн 1979 онд ШУА-ийн  Биологийн хүрээлэнд анхны Генетикийн лаборатори байгуулагдан хөгжихөд Унгар улсын дэмжлэг туслалцаа чухал ач холбогдолтой байсан. Унгар улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар тус Генетикийн лабораторийн хэсгийг тоноглон,  хамтарсан судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, 10 орчим мэргэжилтэн судлаачдыг нь  Унгарын холбогдох лабораториудад сурган бэлтгэсэн байдаг.

 1990-ээд оноос Унгар дах Монгол судлал эрчимтэй хөгжиж одоог хүртэл оюутан судлаачдын зуны сургалтыг Унгар талаас ШУА-ийн ХЗХ-тэй хамтран зохион байгуулж иржээ.

Одоогийн идэвхитэй явж буй хамтын ажиллагаа нь хоёр академийн судалгааны хүчин чадлыг ашиглах, туршлага солилцох зорилгоор 3 жилийн хугацаатай эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2021-2023 онд хэрэгжүүлэх төслөө ч  батлуулжээ.    


Бусад мэдээлэл