Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэмтэн Х.Намсрай Чингисийн одон гардлаа
Эрдэмтэн Х.Намсрай Чингисийн одон гардлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Академич Хавтгайн Намсрайд гардуулан өгсөн юм. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Академич Х.Намсрай нар үг хэллээ.

Мөн энэ үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын найрал хөгжим, найрал дуучид  “Дөрвөн цагийн тал”, “Халуун элгэн нутаг” дуунуудаар ая барьж оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Ерөнхийлөгч "Чингис хаан" одон  хүртсэн эрхмүүдэд гарын бэлэг гардуулж, хүндэтгэлийн зоогонд урилаа.

Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болж буй бөгөөд өмнө Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын 14 Ерөнхий сайд Д.Содном, 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Хөгжмийн зохиолч Б.Шарав, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарт улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж, "Чингис хаан" одонгоор шагнажээ.



Бусад мэдээлэл