ЮАНЬ ГҮРНИЙ МОНГОЛ ХААДЫН ЭРҮҮЛ МЭНД, УДМЫГ САЙЖРУУЛАХ НУУЦЫГ НЭЭХҮЙ
Академич Ш.Болд
Эрт цагийн хүмүүс амьдралын учир ухааныг мэдэж, арга билгийн ёсыг баримталж, идээ ундааны тоо хэмжээг тохируулж, явдал мөрийн хэв ёсыг сахидаг учраас урт насалдаг байжээ. Эдүгээ цагийн хүмүүс явдал мөрийн зохистой хандлагыг үл хайхран идээ ундааны анхаарал цээрийг мэдэхгүй, тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүслээ арвидуулж, амт шимтэйг дэндүү их шүтэж дундаж хэвийг батлан сахихгүй учраас 50-н нас хүрмэгц тамир хүч доройтох нь олонтоо болжээ. Жаргал, цэнгэлийн ёс бол биеэ хэрхэн сайтар арчлах явдалд буй. Биеэ арчлах ёс нь амьдралын алтан дундаж хэвийг сахихад оршино. Дундаж хэв гэдэг нь олдсон бүхний хэтрүүлж идэхгүй, дутагдсан бүхнийг зохистой нөхөж өгөхийг хэлж буй. Аль алийг нь хэтрүүлэх аваас их хохирол үздэг юм. Дундаж хэвээ сайтар сахиж чадваас арвидах, барагдах өвчин эмгэгт үл нэрвэгдэх ажээ. Хавар, намар, зун, өвөл гэсэн дөрвөн улирлын арга билгийн ээлжлэн солигдох явцад үл зохицолдсоноос өвчин үүсдэг. Тиймээс биеэ чадамгай арчлагчид арвидах, барагдах гэмээс зайлсхийж, гол тамираа хамгаалж чадваас идээ, хор, гэмд нэрвэгдэхээс эмээх учиргүй билээ. Мөн ургамлын эм ууж биеэ ихэд арчлан сувилах нь нэн чухал болой. Биеэ сайтар арчилж үл чадвал хичнээн эм уусан ч үр дүнд хүрэхгүй юм. Тиймээс Юань Улсын монгол хаад, Хубилай хаан (1215-1294 он), Буянт хаан (1285-1320 он), Заяат хааны (1304-1332 он) эрүүл мэндээ бататгах, энх тунх амьдрах сургаалыг эрт цагийн судар номоос түүн нэгтгэж өнөө цагийн Монголчууд Та бүгдэд хаадынхаа агуу ёс, аман хуулийг дагаваас хэрхэн эрүүл аж төрж, үр удмаа сайжруулан, монгол хүний бие бялдар, оюун ухааны чадавхыг дээшлүүлэх нууцыг дэлгэе. Тунгаан үзэж, болгоон соёрхоно уу.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ САХИХ ТУХАЙ ХААДЫН ЁС СУРГААЛ
Уг муугийн үрийг бүү ав
Удам муугийн хойморт бүү суу
Хубилай хааны (1215-1294 он) эрүүл мэндийн тухай ёс
Хубилай хаан ургамлын эм уух аргыг нягталж, идээ ундааг тохируулан явах, суухыг ёс журамд нийцүүлдэг учраас бие лагшин нь эрүүл байж, урт насалж, үр хүүхэддээ хязгаарлашгүй буян хишгийг хүртээсэн бөлгөө. Хубилай хааны насан хутаг батжиж элдэв өвчин эмгэггүй эрүүл энх аж төрж 80 шүргэх насыг зооглож, цэцэн хаан хэмээн алдаршив. Хичээнгүйлэн санахуйяа хаан эзэн эрдэний сууриндаа сууснаас хойш төр гүрний ажил хэргийг шийдвэрлэхээр завгүй байв ч цаг хугацаагаа сайн зохицуулж, өвөг дээдсээс удамшсан бие махбодоо шимжүүлэн арчлах арга ухаан, идээ ундааны амт чанарыг зүй зохистойгоор тохируулахыг сайтар болгоон эдэлж чадвал бие лагшин тунгалаг, нэн амарлингуй болохыг өөрөө үлгэрлэн үзүүлжээ. Биеэ асарч сувилах арга бол дундаж хэвийг баримтлахад оршино. Дундаж хэвийн баримтлалаас арвидах ба барагдах осол, гэм үл гарна. Түүнчлэн дөрвөн улиралд сайтар зохицуулж, идээ ундааны хэмжээг хичээн тэнцүүлж, явдал мөрийг үл самууруулж, таван цул, зургаан савыг таван амтаар тохируулан тэжээвээс цул, сав нь амарлин сайжирч хий, цусыг шимжүүлж, цог сүлд баясангуй тэнхлүүн, санаа зориг амар тогтуун болж аливаа зүйлийн гэм биеийг нэрвэж үл чадна. Халуун, хүйтний хорт амьсгалд ч үл автагдах учраас хүний бие аяндаа амар төвшин аж төрөн амгалан жаргалаа эдэлж чадах болой гэжээ.
Буянт хааны (1285-1320 он) эрүүл мэндийн тухай айлтгал
Аюурбарвад, өргөсөн нэр нь Буянт хаан өөрийн эзэнт улсын төв, дунд, зах хязгаарыг эргэн тойрох зорилгоор удаан хугацаагаар аялан нийслэлд буцаж ирсэний дараа аян замын алжаалаас болж бөөрний цочмог үрэвсэлд нэрвэгдсэнд хааны ордны зоогийг хамаарагч түшмэл эмч Хүсэхүй тусгай жороор ногооны шөл хийж, хааныг 3 сар эмчилж эдгэрүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ хааны бөөрний үрэвсэл эдгэх дашрамд хатадын нэг нь жирэмсэн болсон байна. Хаан үнэнхүү баясч Хүсэхүй эмчид “Давхар баяр” хэмээх өргөмжлөл шагнав. Буянт хаан үүнээс хойш дараах эрүүл мэндийн сургаалыг эзэнт гүрний хүн ардад айлтгажээ. Ертөнцөд биеэ сайтар арчилж чадахгүй, ургамлын эмийг ёсчлон хэрэглээгүйгээс болж зарим хүмүүс өвдсөн хойноо бурхан, тэнгэрт гомдох явдал бий. Ингээд яах ч билээ. Үүний оронд биеэ сайтар сувилан тэжээж, мах, тосыг хэтэрхий эдлэхгүй, элдэв бодлогошрол буруу санаархлаа цөөрүүлж, тачаангуй хүслээ хязгаарлан, баярлах гомдохыг багасган, тамир хүчээ хайрлан, үг яриагаа цомхотгож, өл алдахыг анхааран, зовнил гутралыг тэвчин, дэмий балай мөрөөдөл хүслийг арилган, зүй бус дуршил ба жигшмээр зүйлээс зайлсхийж, хараа сонороо хураан, дотор тамираа бататгахад хичээж, оюун санаагаа үл зовоон, бие махбодоо үл зүдрүүлж амарлингуй амьдарч чадвал өвчин зовлонд яахан нэрвэгдэх билээ. Биеэ сайтар гамнан арчлах нь урьдаар өлсөж байгаад сая идэх бөгөөд хэтэрхий цадтал идэхгүй, урьдаар ундаасаж байгаад сая уух бөгөөд хэтрүүлж үл болно. Идэж уухдаа хэтэрхий цадахгүй, бага хэмжээг эрхэмлэж, нэмж идсэн ч дээд хэмжээнээс давахгүйг эрхэмлэх. Ерөнхийдөө цатгалангаас өлсгөлөнд хүрэх, өлсгөлөнгөөс цатгалан болох, хэт цатгалан бол уушгийг гэмтээж, хэт өлсгөлөн бол тамир хөнөөдгийг анхаарч явах нь зүйтэй хэмээжээ.
Заяат хааны (1304-1332 он) эрүүл мэндийн талаарх захиа сургамж
Төвтөмөр, өргөсөн нэр нь Заяат хаан төрөлхийн лагшин тунгалаг, цэцэн сэргэлэн, санаа бодлого гүн хол тул Эзэн хааны танхимд өглөө үдэш тайвнаар ном бичиг үзэж оюун санаа, зан чанараа хүмүүжүүлж, төр гүрний түмэн явдлыг тун ч гэгээнээр тольдон шийдвэрлэж, дотоод богд, гадаад вангийн ёс эрдмийг нэн ихээр олсон буй за. Үүний зэрэгцээ Юань Улсын хааны ордны эмч нар Заяат хаан болон түүний өвөг дээдсийн эрүүл мэндийг хамгаалах тухай сургаалыг хичээнгүйлэн бодож, түшмэл сайд нараас Заяат хааны эрүүл мэндэд туслах, цаашид өргөн түмэнд өршөөл хишиг үзүүлэх, эрүүл мэндийн өв тэгш сургаалыг дэлгэрүүлэх нь чухал хэмээн үзэж “Идээ, ундааны жинхэнэ товч” хэмээх нандин номоор дамжуулан хаадын болон олон түмний тусын тулд сийлбэрлэн дармалдаж олноо өргөн тараатугай хэмээн зарлиг болгосонд ёсоор гүйцэтгэв. Ингэснээр өөрийн улсын хүн ардыг урт наслуулахаар үл барам дэлхий дахины бүх хүмүүсийн насан хутгийг нэмэгдүүлсүгэй хэмээн зорьсон тул үнэхээр энэ мэт бүх нийтэд хайрласан буян хишгээс илүү зүйл байна гэж үү. Үүний тулд идээ ундааг хамаарагч дотоод эмчээр дөрвөн хүнийг томилж тэд ургамлын эмийн дотроос хоргүй зүйл түүнээс харилцан харшилдахгүй, удаан хэрэглэхэд бие махбодыг төлжүүлэн шимжүүлж болмоор эмүүдийг идээ ундаатай хамт найруулж таван амтыг тохируулан тэнцүүлж хичээнгүйлэн базааж байв. Түүнчлэн эзэн хаанд өргөх эрхэм нандин идээ ундааг үргэлж хянамгай бэлтгэхийн ялдамд хэн гэдэг хүн хамааран хариуцах, ямар сав суулга хэрэглэх, архи сархад өргөхдөө заавал хар агар, шижир алт ба болор хундаганд хундагалах нь зүйн хэрэг хэмээн үзжээ. Банжингарав (Хас хатгуур цэцэг), Мухар цагаан, Цээнэ (бүгд Монголд ургадаг ургамал) зэрэг ургамлын ширгээмэл ханд, Үхрийн чөмөг, Чонон хармагын навчны шөл хийгээд элдэв зүйлийн эрхэм дээд хоол идээ бүгдийг тохиромжтойгоор хэрэглэвэл зохино гэжээ.
ХААДЫН УДМЫГ САЙЖРУУЛАХ НУУЦЫГ ЗАДЛАХУЙ
Эрт цагийн эрдэмтэн, мэргэд монгол хаадын жирэмсэн хатадын хэвлий дэх хүүхдийн хүмүүжлийн тухай ёсыг чухалчлан дурдсан бөлгөө. Эхнэр хүн жирэмсэн үедээ хавиргалан хэвтэхгүй, захалж суухгүй, удтал хүчлэн зогсохгүй, зүй бусын үнэртэй муухай идээг идэхгүй, зөв хэрчиж огтлоогүй идээг идэхгүй, ор дэвсгэр, сандал суудал нь төв бус бол суухгүй, гажуу өнгө үзэмжийг харахгүй, садар самуун дуу чимээг сонсохгүй, үдэш орой хөгжимчин, дуучны аялгуу, дуу сэлтийг сонсох нь чухал байдаг. Түүнчлэн амаар дамжих идээ ундаанаас оюундаа тунгаасан идэш уушийг ихэд эрхэмлэх нь туйлаас чухал аа. Энэ нь уудаг ундаа, иддэг хоолноос ухааны хооллолт хол илүү гэдгийн сонгодог жишээ юм. Жирэмсэн эхчүүд өөрийн ухамсрыг хоолны амтанд уусгаж үгүй хийхээс зайлсхийх их ухааныг олж, идээ ундааг биеийн хэрэгцээнд бус оюун санааны хэрэгцээнд тохируулах, юу тааралдсаныг бус ямар хэрэгтэй гэдгийг чухалчлан мэдэж эс идэх идээ ундааг цээр хийж сахих нь хэвлий дэх ургийн эрүүл чийрэг бойжих нөхцлийг хангадаг. Цаашлаад хүүхдийн хүмүүжил бол эхээс төрсөн цагаас бус эхийн хэвлийд олдсон цагаас эхэлдэг гэдгийг анхаарвал зохино.
Явдал мөр, идээ ундааг зүй зохистой шүтсэнээр төрсний дараа нярай хүүхэд нь өнгө зүсээр төв хээнцэр, авьяас билиг нь олноос хэтийднэ. Улмаар цэцэн сэргэлэн, оюун билигтэн болж нэгийг сонсвоос зууг төсөөлөх нь бүгд эхийн хэвлийн хүмүүжлээс болох ажгуу. Эртний мэргэдийн олонх нь жирэмсэн эхийн хэвлийн хүмүүжлийг эрхэмлэдэг тул жирэмсэн хүн үхсэний гашуудал, бэлэвсрэлийн байдал хийгээд эрэмдэг зэрэмдэг эв муутайг үзэж харахыг цээрлэж харин мэргэд, эрдэмтэд, ухаант өвгөдийн баяртай, бэлгэтэй сайн сайхан явдлыг ажиж харахыг эрхэмлэх чухал юм.
- Хүүхдээ оюун ухаан төгс болгохыг хүссэн жирэмсэн эхчүүд мөрөг загас ба тогос шувуу зэргийн зургийг бахдан сонирхвоос сайн.
- Хүүхдээ гоо үзэсгэлэнтэй, царай төгс болж төрөөсэй хэмээн хүссэн жирэмсэн эхчүүд өнгөт тана, гойд хас эрдэнэ, есөн эрдэнийг сонирхон үзэж байвал зохино.
- Хүүхдээ идэр чийрэг, зүрх зоригтой, бяр тэнхээтэй болж төрөөсэй хэмээн хүсэгч жирэмсэн эхчүүд жигүүрээ дэлгэн халин нисэгч харцага зэрэг хүчирхэг шувуудыг сонирхон харж байвал нэн чухал байдаг. Энэ мэт сайн, муугийн нөлөө хэвлийн хүмүүжилд хамаарал бүхий явдал мөр, идээ ундааны талаарх анхаарал цээрийг ихэд хичээж байх хэрэгтэй.
Хүүхэд төрүүлсэн хөхүүл эх нь өвчин хуучингүй идэр насны байвал сайн байхын зэрэгцээ зан чанар нь энэрэнгүй, уужуу талбиу, дөлгөөн дулаан, үг яриа цөөн нь дээд болно. Хүүхэд нь эхээ түшиглэж хөхний сүүгээр шим тэжээлээ шингээн авдаг учир эх хүн идээ ундааны хэрэглээг анхаарах нь чухал юм. Эхийн сүүний сайн муу байх нь хүүхдэд шууд нөлөөлдөг учраас сүүний шимийг онцгойлон анхаарах ёстой. Хүүхдийн эрүүл байх, өвчлөх эсэх нь мөн л хөхүүл эхийн идээ, ундааны цээртэй шууд холбоотойг өгүүлэх юун. Хэрвээ идээ, ундаанд зохистойг үзэж болгоомжлон цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ая тааваараа идэж уухад хүрвэл хүүхдийг өвчлүүлэх нь магад болмой. Ийм болвоос даруй эх бологч нь хүүхдээ өвчлүүлсэн хэрэг болно.
Эрт язгуураас хаан эзний удмыг өвчингүй эрүүл төрүүлэх, аливаа гэм уршгаас сэргийлэн асрахыг анхаарах, төрсний дараа өвчилсөн хойно нь ийм тийм болов хэмээн элдэв үг хэл гаргахгүй байх нь идээ ундааны жинхэнэ ёсыг хүндэтгэж ургамлын эмийг дээд гэдгийг мэдүүлэхэд оршино. Ерийн үгэнд, хоолны амттай шимтэйгээс халшрахгүй, махны тарганаас уйдахгүй хэмээн өгүүлсэн байдаг. Тиймийн тул ямартай ч хийж болохыг нь хийж, хийж үл болохыг нь заавал цээрлэх хэрэгтэй. Үлгэрлэвээс, жирэмсэлсэн эмэгтэй нь явдал мөрийн талаар болгоомж цээрийг сахихгүй, хөхүүл эх зарим идээ ундааг цээрлэхгүй бол нялхас амархан өвчлөх болно. Түүнчлэн амттай, шимтэй идээ ундаанд хэтэрхий шунахайраад цээрийг умартах аваас өвчин эмгэг үл мэдэгдэм нууц далдаар буй болох юм. Энэ нь нэгэн цагийн амтанд буюу олдож буй нэгэн цагийн жаргалд ташуурах аваас зуун наслах биеэ бодоогүй явдал мөн тул юутай харамсалтай билээ хэмээн захисныг хойчийн хүмүүст уламжилъя. Энд дурдан буй үг, өгүүлбэр бүрийн утгыг нээн, дэлгэрүүлэн ухаж ойлговоос хүнээр хүн хийх ухааны олон талт ойлголтыг нэгтгэн, энгийн боловч цаанаа эрч хүчтэй, нотолгоотой өгүүлсэн нь юутай гайхалтай.
Бид Хубилай сэцэн хааны (1260-1294 он) үеэс Төвтөмөр буюу Заяат хааныг (1328-1332 он) хүртэлх Монгол хаадын идээ ундааны уламжлалыг судлан тогтоож 1330 онд Заяат хааны үед Хүсэхүй хэмээн монгол түшмэлийн хятад хэлээр бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх алдарт зохиолыг Мин Улсын Жинтайгийн долоон жилийн (1465 он) хугацаанд гаргасан албан ёсны хятад барын хэвлэл, мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны орчуулагч Хөхлуугийн 1982 оны монгол бичгийн орчуулга бусад эх сурвалжийг ашиглан орчин цагийн монгол хэлэнд буулган тайлбарын хамт хэвлүүлэхээр зэхэж байна. Айлаас эрхээр авдраа уудал гэдэг дээ. Миний мэдэхгүйг мэргэдийн номоос үзээрэй.