Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДАНИ УЛСАД "ЧИНГИС ХААНЫ ТАЛ НУТАГ: МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
ДАНИ УЛСАД   "ЧИНГИС ХААНЫ ТАЛ НУТАГ: МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Данийн үндэсний музей, Дани улсын Аархус хотын Моосгард музейнууд хамтран "Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид" үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь 2018 оны 6 сарын 18-наас 2019 оны 4 сар хүртэл Аархус хотын Моосгард музейд, дараа нь Данийн үндэсний музейд дэлгэгдэн тавигдана. Үзэсгэлэн нь Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад онд цуглуулсан цуглуулгуудад тулгуурласан бөгөөд үзмэрүүдийн дотор Түүх, археологийн хүрээлэнгийн хөмрөг дэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулгаас олдсон 13 зууны үеийн баатар эрийн хатмал шарил эд өлгийн зүйлс анх удаагаа сэргээн засварлагдан дэлгэгджээ.

Тус модон авсны үзэгчдэд харуулах талын хулганы ялгадсыг цэвэрлэж, нөгөө талыг анх байсан чигээр нь үлдээсэн байна. Эмээлийн мод 3 хэсэг салсан байсныг сэргээж, бүтэн болгож харуулжээ.

Үзэсгэлэн 2018 оны 06 сарын 18-нд Дани улсын Аархус хотын Моосгард музей-д нээгдэж, нээлтэнд Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд М.Энхсайхан, Аархус хотын төлөөлөгч, Данийн үндэсний музейн болон Хеннинг Хаслундын гэр бүлийнхэн тэргүүтэй нийт  350-400 хүн оролцсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

2018 оны 06 сарын 20-нд тусгай үзэсгэлэнг хариуцсан эрхлэгч Pauline Asinghкуратор Camilla Sorensen Bjarno, Археологи болон Сэргээн засварлалтын салбарын дарга Peter Hambro Mikkelsen, сэргээн завсарлагч Helle Strehle нар Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг хүлээн авч үзэсгэлэнг танилцуулж, цаашид хатмал шарилын талаар хамтран судалгаа хийж хамтын бүтээл гаргахаар  санал солилцов. 




Бусад мэдээлэл