Энэ таван боть ном бол орчин цагийн
шинжлэх ухааны анхны байгууллага-Судар
бичгийн хүрээлэнгээс өнөөг хүртэлх нэгэн зууны, түүний дотор ШУА байгуулагдсаны
нэгэн жарны түүхийг багтаасан, Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн шинжлэх
ухаан, технологийн олон салбар бүхий үндэсний тогтолцоо бий болгон хөгжүүлэхийн
төлөө Монгол Улсын төрөөс явуулж ирсэн бодлого, түүний хэрэгжилтийг бодит
баримтаар харуулсан, түүхийн шинжлэх ухааны салбарт хамрах цогц бүтээл юмаа.
Нийтдээ 190 орчим хэвлэлийн хуудас, манай
улсын шинжлэх ухааны түүхийг өгүүлсэн анхны энэ томоохон бүтээлийг жил гаруйхан
хугацаанд бичиж бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх нь тун ч амаргүй ажил байсныг
тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж би бодож байна.
“Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” хэмээх энэхүү таван боть ном бол өнгөрсөн зууны туршид шинжлэх ухаан, технологийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдын хөдөлмөр зүтгэлээр цогцолсон олон талт түүхэн үйл явцыг бүхэлд нь, өөрөөр хэлбэл ерөнхий зураглалаар нь харуулахыг зорьсон, манай салбарын хүрсэн төвшнийг шинжлэх ухааны томоохон салбаруудын ололт амжилтаар товчоолон гаргах оролдлого хийсэн анхны томоохон хэмжээний суурь бүтээл гэдгээрээ монголчуудын оюун санааны хөгжлийн түүхэнд зохих байр сууриа эзэлнэ гэж найдаж байна.
“Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” таван боть ном бол эрдэм шинжилгээний, эсвэл судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тайлан биш юм. Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхэтгэл ч бас биш. Харин түүхийн шинжлэх ухаанд хамрах бүтээл юм. Тийм ч учраас манай зарим судлаачид өөрийн судалгааны үр дүнг эндээс олохгүй байж болно. Тэр ч байтугай дотроо олон чиглэлтэй шинжлэх ухааны аль нэг томоохон салбарын зарим чиглэл дурдагдаагүй байх магадлал өндөр. Үүгээр би юу хэлэхийг зорив гэхээр, нийт эрдэмтэн судлаач, эрхэм уншигч та бүхэн маань энэ 5 боть номноос юуны өмнө Монголын шинжлэх ухааны түүхийг олж харахыг хичээгээрэй" хэмээн онцолсон юм.
Хоёрдугаар ботид 1930-1960-аад оны
хоорондох гучин жилийг хамарч байгаа бөгөөд энэ үед тухайн цагийн нийгэм,
соёлын хөгжлийн шаардлагад нийцүүлэн
Судар бичгийн хүрээлэнг 1930 оноос Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 оноос Шинжлэх
ухаан, дээд боловсролын хүрээлэн болгон өөрчлөн зохион байгуулсан цаг үед “улс
төрийн хэлмэгдүүлэлт”, “нэг хүнийг тахин шүтэх явдал”, “сэхээтний төөрөгдөл”,
“намч биш ажил явууллага”, “намын эсрэг бүлэг” гэх зэрэг олон таагүй үйл явдал
манай улсад өрнөж, шинжлэх ухааны салбарын боловсон хүчний хөгжилд ноцтой хор
хохирол учруулсан хэдий ч Монголын шинжлэх ухааны байгууллага бүтэц, зохион
байгуулалт, материаллаг бааз суурийн хувьд бэхжин, үндэсний эрдэмтэн
судлаачидтай болж хөгжсөнийг судалгааны түүхэн баримтуудад тулгуурлан бүтээлийн
эл ботид дэлгэрэнгүй гаргажээ.
Түүхэн хөгжлийн явцаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн харьяанд байсан Улсын
нийтийн номын сан, Улсын музей, Улсын архив бие даан хөгжих нөхцөл бүрдсэн
тухай, Сурах бичгийн комисс, Нэр
томьёоны байнгын комисс, Орон нутаг судлах товчоо, Улс орны түүх судлах сайн
дурын сурвалжлагчдын бүлгэм, Лекцийн товчоод улс орны нийгэм, соёл, боловсролын
хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан тухай, хуучны ном зохиолыг судлан
боловсруулах, орчуулах, хэвлэн нийтлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулсан
тухай, Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага эрдэм шинжилгээний мэргэжилтэй
боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил бодит ахиц гарч, 1960 он гэхэд тус улсад
шинжлэх ухааны доктор 5, байгалийн ухаанаар дэд эрдэмтэн 56, нийгмийн ухааны
дэд эрдэмтэн 44-тэй болсон тухай, шинжлэх
ухааны олон салбар бие даан хөгжих хөрс суурь бүрэлдсэн тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судлан
боловсруулж энэ ботийг туурвижээ.
Гуравдугаар ботид 1960-1990 оны үеийг хамарч байгаа болно.
Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын түүхийн өргөн далайцтай эрчимтэй
хөгжлийн үе буюу 1961 онд Шинжлэх Ухааны Академи тулганы
чулуугаа тулж 1980-аад он хүртэл байгаль, анагаах, хөдөө аж ахуй, нийгэм,
хүмүүнлэгийн ухааны олон салбартай болж
хөгжсөний зэрэгцээ их, дээд сургуулиуд үүсэн байгуулагдаж, шинжлэх ухаан, дээд
боловсролын томоохон тогтолцоо бүрэлдэх олон талт үйл явц өрнөснийг энэ ботид тодорхой тусгажээ.
Мөн энэ үед нам, засгаас шинжлэх ухааныг хөгжүүлэх тодорхой бодлого
боловсруулан хэрэгжүүлж, материаллаг бааз, хөрөнгө мөнгө төсөвлөж байсны ачаар
шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн тоо нэмэгдэж, улс ардын аж ахуй, соёлын
хөгжилд үр ашгаа өгснийг, Монголын
эрдэмтэд улс орондоо төдийгүй хилийн чанадад үнэлэгдэх болсныг, Шинжлэх ухааны
академи байгууллагын хувьд төрийн яамдтай эн зэрэгцэхүйц статустай болж
чадсаныг, энэ үйл хэрэгт академийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэв
чухал үүрэг гүйцэтгэснийг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
Дөрөвдүгээр ботид Монголын шинжлэх ухаан,
технологи өрнөн хөгжиж, бүтэц зохион
байгуулалтын хувьд өргөжин бэхэжсээр
1990 оны ардчилсан өөрчлөлттэй золгосон үеэс эдүгээ хүртэлх сүүлийн гучин жилийн шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг тоймлон харуулав. Энэ үед
Монголын нийгэм ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж, шинжлэх ухаан, технологийн
салбарыг нийгмийн шинэ тогтолцооны шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэх үйл
явц өрнөсөн билээ. Уг үйл явцын бодлого, эрх зүйн орчин хэрхэн бүрдсэн, түүний
хэрэгжилт хэрхэн өрнөж, салбарын бүтэц зохион байгуулалт яаж өөрчлөгдсөн болон
шинжлэх ухааны салбарын боловсон хүчин, гадаад харилцаанд ямар өөрчлөлт гарсан,
хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрхэн явагдсан, шинжлэх ухааны үндсэн
салбаруудаар судалгаа, хөгжүүлэлтийн ямар ажил хийгдэж, ямар тодорхой үр дүнд
хүрсэн зэргийг эл ботид нэлээд дэлгэрэнгүй тусган оруулав.
Тавдугаар ботид салбарын хөгжлийн түүхэн үйл явцыг харуулсан архивын
баримт, мэдээлэл, түүхэн зураг, шинжлэх
ухаан технологийн салбар хийгээд төрийн
өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудын
хөгжлийг харуулсан гэрэл зураг, бодит баримт, салбарын томоохон
зүтгэлтэн, нэрт эрдэмтдийн тухай баримт мэдээлэл зэргийг багтаан түүхэн альбом хэлбэрээр олон нийтэд хүргэхийг хичээсэн болно.