“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын хурал 11 дүгээр
сарын 25-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо. Баярын хурлыг нээж БСШУС-ын
Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар үг хэлж, мэндчилгээ
дэвшүүлэв.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ,
“Одоо бидний амьдарч буй аж үйлдвэржсэн нийгмээс Өрнө дорны олон улс орны жишгээр манай улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх мэдээлэлжсэн эринд шилжиж буй энэ үеийн гол онцлог нь мэдлэгийн эдийн засгийг төлөвшүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийг шинжлэх ухаанаар жолоодуулан хөгжүүлэхэд оршиж байна. Улс орон бүрийн төр засаг энэ чигт бодлого, стратегиа, боловсруулж аль хэдийнээ хэрэгжүүлж эхэлжээ. Түмний хэргээс үл хоцрохын тулд Монголчууд бид энэ үйл явцад татагдан орох нь гарцаагүй юм. Төр засаг бодлого, чиглэлээ тодорхойлоход анхаарч эхэлснийг бас хэлэх хэрэгтэй. Юуны өмнө бидний зүгээс судлаачдын академик чөлөө, шинжлэх ухааны өөрийн удирдлагын зарчмыг төр засгийн бодлоготой зөв зохистой уялдуулан шинжлэх ухааны түшвнөө шат ахиулах шаардлагатай байгаа гэдгийг бид ухамсарлан ажиллаж байна. Энд бид эхний ээлжинд байгаа боломжоо бодитой үнэлэж цэгнэх шаардлага байгаа”-г цохон тэмдэглэсэн юм.
Мөн тэрээр эрх зүйн орчноо боловсронгуй болгож, төр, шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, “Шинжлэх ухааны парк” байгуулах, үнэ цэнэтэй, өндөр хүчний чадал, нарийвчлалтай тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт хүрсэн дундын ашиглалтын лабораториуд байгуулах, шинжлэх ухааны гадаад харилцаанд чөлөөтэй оролцох чадвартай хүний нөөцийг өргөжүүлэх гэсэн цөөн хэдэн асуудал дээр төвлөрч ажиллахыг уриалсан юм.
Баярын хурлын үеэр шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, ач холбогдол өндөртэй, онолын өндөр түвшинд туурвисан болон үйлдвэр, үйлчилгээнд нэвтэрч, улс орны эдийн засагт үр ашгаа өгөх, тухайн онд үр дүн нь баталгаажсан шилдэг бүтээлийг “Оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
ШУА-ийн Түүх, археологийн захирал, доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг “Монголын археологийн өв” 6 боть цуврал бүтээлээр Тэргүүн байр, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Д.Болдбаатар, академич, доктор Б.Бямбаа нарын “Монгол оронд тархсан цус сорогч хачгийн эмнэлэг-биологи, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт 3 боть цуврал бүтээл, УАУТХ-ийн доктор, Б.Дэжидмаа, доктор, профессор Ч.Чимэдрагчаа, доктор Ц.Нямдэмбэрэл, докторант Ч.Эрдэнэчимэг, академич, доктор Б.Дагвацэрэн нарын “Калвацин” эм бүтээлээр тус тус Хоёрдугаар байр, ШУА-ийн ООГХ-ийн доктор Ч.Одонбаатар, доктор М.Өлзийбат, магистр Д.Мөнгөнсүрэн, доктор Ц.Батсайхан, магистр Б.Буянтогтох, магистр М.Дэмбэрэлдулам нарын “Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг” бүтээл, ШУА-ийн ХХТХ-ийн доктор Я.Даваажав, академич Б.Пүрэвсүрэн нарын “Монгол орны зарим ордын нүүрсний петрографийн судалгаа” бүтээл, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Д.Даваасүрэн, доктор, профессор Э.Сонинтогос нарын “Соёл урлагийн тайлбар толь” 2 боть цуврал бүтээлээр тус тус Гуравдугаар байр, ШУА-ийн ГГХ-ийн доктор Я.жамбалжав, магистр Я.Гансүх, Х.Тэмүүжин, Х.Цогт-Эрдэнэ, Ц.Ундрахцэцэг, А.Саруулзаяа, Ё.Амарбаясгалан, доктор А.Дашцэрэн, Ш.Нарангэрэл нарын “Монгол орны цэвдгийн тархалтын зураг” бүтээл, ШУА-ийн ХЗХ-ийн доктор Б.Түвшинтөгс, магистр Г.Баттогтох, Д.Боролзой, доктор Ж.Ганбаатар нарын “Монгол бичиг номын өв” бүтээл, ШУА-ийн ФХ-ийн доктор, профессор Ч.Ган-Өлзийгийн “Шинжлэх ухааны философийн зарим асуудал” бүтээл, БХЭШХ-ийн доктор, профессор Х.Шагдар, доктор, профессор Ц.Цолмон, доктор, профессор Г.Мягмаржав нарын “Монгол цэргийн урлаг” бүтээл тус тус Тусгай байрын шагнал эзэлжээ.
Мөн энэ үеэр ШУА болон Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академийн /TWAS/ 2016 оны Шилдэг залуу судлаачийн шагналыг ШУА-ийн ХХТХ-ийн ЭША, доктор Б.Амарсанаа, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор Ү.Отгонбаяр нар хүртсэн байна.
Шагнал хүртсэн нийт эрдэмтэн судлаачиддаа баяр хүргэе.