Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол /2017.07.04/ Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Ираны хувьд энэ бол эхлэл байгаа юм. Манай сайн санаат хүмүүс, эрдэмтэд, тэнд сурч, ажиллаж байгаа хүмүүс анхны энэ бүтээлийг хэвлэж, гаргаж байгааг их дэмжиж байгаа. Үүнийг мэргэжлийн талаар, шинжлэх ухааны чиглэлд улам өргөжүүлж, улам нарийн судлах шаардлагатай” хэмээв.
2012 оны 9 дүгээр сард Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд “Иран дахь монгол өв соёл” (уран барилга, зоос, шашин) хэмээх нэг сэдэвт бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтийн хүртээл болгож байна. Уг бүтээл нь Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлжээ.