Вэбсайтын цэс
Хэлний сонголт
А.АМАРЫН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
А.АМАРЫН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол төрийн мэргэн сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулж Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монголын түүхийн олимпиадыг 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Булган хотод зохион байгууллаа.

Хурлын нээлтэд БСШУЯ-ны Дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн засаг дарга З.Батзориг,  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун  нар оролцож,  Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, БХИС-ийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, Булган аймгийн төр захиргаа, боловсролын байгууллагын ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид болон бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов. Энэ удаагийн хурлаар А.Амарын амьдрал, үйл ажиллагаа, Монгол орны нийгэм, улс төрийн хөгжил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр болон А.Амарыг улс төрийн хилс хэрэгт хэрхэн хэлмэгдүүлсэн тухай эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааныхаа шинэ баримт мэдээнд тулгуурлан сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

МУИС, Түүх, археологийн хүрээлэн болон Булган аймгийн ЗДТГ-ын Боловсрол, соёлын газар хамтран нэрт түүхч, академич Ж.Болдбаатарын нэрэмжит Монголын түүхийн олимпиадыг 2011 оноос Булган аймгийн бүрэн дунд сургуулийн багш, сурагчдын дунд уламжлал болгон явуулж байна. Тав дахь удаа зохион байгуулагдах энэ удааггийн олимпиадыг нэрт түүхч А.Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа аж. Энэхүү олимпиад нь багш, сурагчдын дунд түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, эх түүхээ судлан сонирхох хүсэл эрмэлзлэл, ахмад үеэрээ бахархах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг болох зорилготой юм. 

            ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч А.Амар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, өнөөгийн Булган аймгийн Бугат сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр багаасаа бичиг үсэг сурч 1913 оноос Гадаад яаманд бичээч, эх зохиогч, дэс түшмэлийн алба хашиж, төр, нийгмийн зүтгэлтэн болох ажил, амьдралын их зам нь эхэлжээ.

            А.Амар 1921 оноос Ардын засгийн газарт туслах түшмэл, 1923 оноос Ардын засгийн газрын Гадаад, Дотоод, Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улсын банкны дарга, 1928 оноос БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932 оноос Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оноос БНМАУ-ын Ерөнхий сайдаар тус тус ажиллажээ. Түүнийг 1939.03.07-нд баривчлан ЗХУ-д аваачин мөрдөн байцааж, эрүүдэн шүүсээр улс төрийн хилс хэрэг хүчээр тулган 1941.07.10-нд хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1956.12.15-ны магадлалаар А.Амарт тулгасан хилс хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

            А.Амар олон жилийн турш үндэснийхээ түүх, соёл болон ирээдүйн хөгжлийн арга замыг шимтэн судалж 30 гаруй бүтээл туурвисны дотор 1934 онд “Монголын товч түүх” хэмээх алдарт бүтээлээ туурвижээ. Энэ нь Монгол үндэстний 2000-аад жиийн түүхийг улируулан судалсан анхны бүтээл мөн. А.Амар бол ХХ зууны Монголын төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн төдийгүй Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эх түүхээ судлан боловсруулсан их бичгийн хүн мөн.



Бусад мэдээлэл