Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-2014” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-2014” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд “Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд хор хөнөөлгүй  шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачилгыг сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх, тэднийг бодлогоор дэмжих, мөн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршиж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд “Шинжлэх ухаан ба бизнес” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд ШУА-ийн харъяа 8 хүрээлэнгээс бизнест нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, шинэ санаануудыг таницлууулсан юм.

 Уулзалтын үеэр ШУА-ийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудалд” сэдвээр ШУА-ийн ЭБТХ-ийн захирал, доктор Г.Бадамхатан, “Гумины бордоо экологийн үнэт бүтээгдэхүүн” сэдвээр ХХТХ-ийн эрдэмтэн Ж.Дугаржав, "Экологид ээлтэй энергийн үүсгүүр" сэдвээр ФТХ-ийн эрдэмтэн Э.Пүрэвдулам нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, эрдэмтдийн судалгааны үр дүнд үндэслэн баялаг бүтээх бүрэн боломжтойг хэлж байлаа.

ШУА-ийн хувьд 2013 онд дотоодод 4, гадаадад 1 патент авч ашигтай загвар 1, технологи 15, стандарт 8, аргачлал, заавар, зөвлөмж 66, зохиогчийн эрх 12, Техник эдийн засгийн үзүүлэлт, зураг, каталог 87-г гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй патент, мөн тооны технологи, стандарт эзэмшиж байна.

Эрдэмтдийн боловсруулсан эдгээр техник, технологи, шинжлэх ухааны ололтыг  үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг болгон бизнесийн эргэлтэд оруулахад тус уулзалт, үзэсгэлэн ихээхэн ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн МХАҮТ-д 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


 


 


 



Бусад мэдээлэл