ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын археологийн судалгааг бүс нутгийн хэмжээнд гарган өргөжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Тус хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Улаанбаатарт хуралдах гурван орны археологичдын форумын хүрээнд Төв Ази ба Умард Хятадын хадны зургийн судалгааг үндсэн сэдэв болгон авч үзсэн юм. Хадны зургийн тархалт, агуулгын хувьд манай улсын нутаг дэлхийд тэргүүлэх байр суурьтай болохын хувьд Монголын археологийн тэргүүлэх чиглэл болж идэвхитэй хөгжиж байгаа билээ. Гадаадад бага танигдсан Монголын хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан сурталчлах чиглэлд энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал алхам болох юм.
Иймээс тус хуралд Орос, Хятадын хүрэл төмрийн үе, түүний дотор хадны зургийн судалгааны тэргүүлэх судлаачид оролцож байгаа нь уг үйл ажиллагааны ач холбогдлыг ихэд өргөж байна. Тухайлбал, БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор Вэй Цзянь, Хятадын Хадны зургийн он цаг тогтоох хүрээлэнгийн захирал, профессор Тан Хуйшэн, Хятадын хадны зургийн судлалын холбооны ерөнхийлөгч Чжан Яша, Оросын Санкт-Петербург хотноо байх Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн захирал, профессор В.А.Лапшин, Сибирийн эртний урлагийн голлох мэргэжилтний нэг профессор В.А.Семёнов нарыг дурдаж болно.
Хурлын үр дүнд Төв Азийн бүс нутаг, цаашилбал Евразийн хэмжээнд Монголын хадны зургийн эзлэх байр суурийг дотоод гадаадын судлаачдын хамтын чармайлтаар тодруулан гаргаж, дан бүс нутгийн өргөн дэвсгэр дээр хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжуудыг нээх юм.
Монгол оронд хадны сүг зургийн дурсгал газруудаас Дундговь аймгийн Өлзийт сумын Цогт багийн нутагт орших Дэл уул нь уртаашаа 18 км, өргөнөөрөө найман км урт үргэлжилдэг. Номын хуудас шиг дэлгэгдсэн байдалтай, адууны дэл шиг урт нарийн хадны сүг зургууд бий. Дэл уулнаа хүрэл зэвсгийн үеийн 3000 гаруй хадны дүрс зураг, 20 гаруй дөрвөлжин булш, руни бичгийн 4 төрлийн бичээс, Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс болох 665 оны Түрэг, Хан улсын түүхэнд холбогдох нангиад буюу хятад бичиг, уйгаржин, Түвд бичгийн дурсгалуудтай гэдгийг ШУТИС-ийн түүх, архелогийн багш профессор Ю.Болдбаатар онцлон танилцуулж байлаа.
Харин БНХАУ-ын профессор Вэй Цзень ярихдаа “Хил залгаа гурван улсын судлаачид хоёр дахь жилдээ хадны сүг зурагны талаар хуралдаж байна. Эдгээр орны хадны сүг зургийн онцлог болон адил тал зэргийг нэгдэн судлахыг зорьж байна. Монгол улсын өмнөд хэсгээр нээн илрүүлсэн хадны сүг зургууд манай орны хадны сүг зурагтай төстэй тал олон бий. Сүг зурагны дүрслэлийг авч үзвэл мал ахуй эрхлэгчдийн ахуй, ан агнуур, хүний нүүрний дүрслэл зэргийг тод томруун тусгасан байдаг. Шар мөрний хойд эргийн дагуу орших ууланд нар шүтлэгтэй холбоотой хадны сүг зургийг дүрсэлсэн байдаг. Энэ нь бусад мал аж ахуй эрхэлж буй эртний хүмүүсийн амьдралын дүрслэлтэй адилгүй байдаг нь судлаачдын сонирхлыг ихээр татдаг” гэв.
Гурван улсын археологичдын форумд оролцож буй судлаачид маргаашнаас эхлэн монгол орны түүх дурсгалын олдворуудтай танилцах аялалд гарах юм.