Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ИХ ЧУУЛГАН БОЛЛОО
ИХ ЧУУЛГАН БОЛЛОО

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Их чуулганы эхэнд ШУА-ийн туг залах ёслол болж, академийн гишүүд тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Үүний дараа ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “ШУА-ийн 2016 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан”-г танилцуулж хэлэлцүүлсэн юм. Их чуулганы гишүүдийн зүгээс ШУА-ийн 2016 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг сайшаасны зэрэгцээ УИХ-ын Байнгын хороод, Засгийн газрын зохих байгууллагуудад хүргүүлж, тайланд дэвшүүлсэн зорилт, академичдийн гаргасан саналыг 2017 оны төлөвлөгөөндөө тусган ажиллах хэрэгтэйг онцолж байв.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулалтын болон шинжлэх ухааны суурь ба бусад судалгааны ажлыг улс орны өмнө шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудтай уялдуулах, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШУА, их сургууль, үйлдвэрийн холбоог хангахад чиглүүлж, ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж иржээ.

Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 27 тогтоолоор өөрчлөн шинээр байгуулагдсан харьяа болон бусад хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, зохицуулахад ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Их, бага чуулганыхаа үйл ажиллагааг чиглүүлэн тодорхой зорилтууд тавин 2016 оныг “Шилдэг менежмент, чанартай бүтээмж”-ийн жил болгон зарлаж, төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан БСШУСЯ, БОАЖЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, БХБЯ зэрэг яамд, төрийн байгууллагуудтай судалгаа, үйлдвэрлэл, инновацийн асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласнаар хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан байна.


Орон нутгийн хөгжилд чухал шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэхээр Нийслэл хот, Ховд, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв зэрэг аймгуудтай гэрээ байгуулан ажиллаж хэд хэдэн зөвлөмж, аймгийн экосистемийн иж бүрэн судалгаа зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэв.

ШУА-ийн үйл ажиллагааны нэг гол чиглэл бол дэлхийн шинжлэх ухааны сүлжээг ашиглан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах явдал бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвийн 120 гаруй эрдэмтэн судлаач олон улсын болон бүс нутгийн төсөл, хөтөлбөрт хамтран хэрэгжүүлэгчээр амжилттай оролцож байна.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас 2017 оныг “ХҮРЭЭЛЭНД ХҮРЧ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, шинжлэх ухаан технологийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, харъяа хүрээлэнг суурь санхүүжилттэй болгох, судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэх; Тэргүүлэгчдийн газар, харъяа хүрээлэнгүүдэд бүтцийн зохистой өөрчлөлт хийж, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх; суурь судалгааны төслийн санал, зарим төслүүдийн тайланг салбарын Бага чуулганаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргах ажлыг сэргээх эрх зүйн орчинг бий болгон, Бага чуулганы үйл ажиллагааг сайжруулах; оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, гарааны компаниудыг дэмжих, бойжуулах ажлыг шинэ шатанд гаргах, улмаар шинжлэх ухааны паркт ажиллах өрсөлдөх чадавхи бүхий компани бий болгох, гадаад хамтын ажиллагааг санхүүжилтийн гол эх үүсвэрийн нэг болгох чиглэлээр анхааран ажиллаж, хүрээлэнгийн орлогыг нэмэгдүүлэх; эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сүлжээг шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар болсон байна.




Бусад мэдээлэл