Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АЗИ ТИВИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛ СУДЛААЧИД ХУРАН ЧУУЛАВ
		АЗИ ТИВИЙН  ҮЛЭГ  ГҮРВЭЛ  СУДЛААЧИД  ХУРАН  ЧУУЛАВ

Азийн динозаврын ассоциац (АДА)-ийн ээлжит III хурал 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хюнан мужийн Чэнжоу хотод амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн Азийн динозаврын ассоциацын III хурлыг “Эрдэс чулуулаг ба эрдэнэсийн V дахь удаагийн олон улсын экспо”-той хамтатган зохион байгуулсан нь сонирхолтой, олон хүнийг хамруулсан томоохон арга хэмжээ болсон юм.

Уг хуралд Монгол улсыг төлөөлж, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Азийн динозаврын ассоциацийн хүндэт ерөнхийлөгч, академич Р.Барсболд, тус хүрээлэнгийн захирал, АДА-ийн дэд ерөнхийлөгч, доктор Х.Цогтбаатар нар уригдан оролцов.

Энэхүү томоохон арга хэмжээний нэг болох Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд  Р.Барсболд “Махан  идэшт  үлэг  гүрвэлүүдийн  улиран  хувьсал” сэдвээр, Х.Цогтбаатар “Монголын үлэг гүрвэлүүд, тэдгээрийн палеоорчин, харилцан холбоо, онцлог” сэдвээр тус тус илтгэл  хэлэлцүүлсэн байна.

Ази тивд үлэг гүрвэлийн судалгаа 1980-аад оноос эрчимтэй хөгжиж, Монгол улс, БНХАУ-ын нутгаас олж тогтоогдсон олдвор цуглуулга, түүний судалгаа палеонтологийн шинжлэх ухаанд үнэтэй байр суурь эзлэх болсны дээр сүүлийн жилүүдэд Азийн зарим орнууд тухайлбал Япон, ОХУ-ын Алс дорнодын бүс нутаг, БНСУ, Тайланд зэрэг улс үлэг гүрвэлийн хайгуул, судалгаанд онцгойлон  анхаарч, багагү амжилтад хүрсэн байна. Гэвч үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурталчилан таниулах хийгээд түгээн дэлгэрүүлэх, мөн залуу судлаач, оюутнуудыг сургах, дахин сургах, Азийн үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээний талаарх мэдээллийг солилцох, танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохицуулах бүтэц, зохион байгуулалт тус бүс нутагт үгүйлэгдэж байв.  Шинжлэх ухааны ихээхэн ирээдүйтэй энэ салбарыг Ази тивд хөгжүүлэхэд Умард Америк дахь “Сээр нуруутны палеонтологийн нийгэмлэг”-тэй төстэй “Азийн Динозаврын Ассоциац” (АДА) буюу Asian Dinosaur Association (ADA)-ийг байгуулах нь зүйтэй гэж үзэж, Япон, Хятад, Монгол, Орос, Солонгосын эрдэмтдийн санаачлагаар тус ассоциацийг 2012 онд байгуулжээ. Нийгэмлэгийн гишүүн орноор Япон, БНХАУ, Монгол, ОХУ-ын Алс Дорнодын үлэг гүрвэлийн судалгааны төв, БНСУ, Тайланд улс нэгдсэн бөгөөд 2015 онд Малайз улс элсэв. Түүнчлэн энэ холбоонд Азийн үлэг гүрвэлийн судалгааг хийдэг Европ, Америк, Австралийн судлаачид  нэгдсэн байна. Тус нийгэмлэгийн төв нь Япон улсын Фукуй хотод байдаг бөгөөд Азийн үлэг гүрвэлийн Олон Улсын хурлыг 2 жилд нэг удаа урьдчилан тогтсон оронд зохион байгуулдаг ба анхны хурал нь Япон улсад 2013 онд болж, удаах нь 2015 оны 11 сарын 19-24-ны хооронд Тайландын вант улсын нийслэл Вангкок хотод Тай улсын гүнжийн эвээл дор  болсон бөгөөд  2017 оны ээлжит III хурал нь ийнхүү БНХАУ-ын өмнө зүгийн Чэнжоу хотод зохион байгуулагдав.

Азийн динозаврын ассоциацийн ээлжит IV хурал болон дараагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, экскурсыг Монгол улсад 2019 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.



 



Бусад мэдээлэл