ШУА-ийн
Техник технологийн салбарын Бага чуулганаас ШУТИС-ийн Механик, тээврийн
сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран "Шинжлэх ухаан, технологийн салбарын
суутнууд" эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү хурлын
зорилго нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бахархалт
эрдэмтдийг алдаршуулах, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг олон нийтэд түгээн
дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм.
Цаашдаа
энэхүү эрдэм шинжилгээний хурлыг цувралаар зохион байгуулах бөгөөд үйл
ажиллагааны эхлэл болгон өнөөдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш,
Академич Ч.Авдай, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн шагналт,
Чингис хаан одонт, Академич П.Очирбат нарын судалгааны ажил, бүтээл туурвилыг
дэлгэрүүлэхээр тус хурлыг зохион байгуулж байна.
“Энэ хоёр эрхэм бол алдар гавьяатай хүмүүс. Монгол Улсын анхны
ерөнхийлөгч, Монгол улсын баатар, “Чингис хаан”
одонт гээд алдар гавьяаны том эзэд. Нөгөө талаар суутнууд. Бид нар
номтой хүнийг “Суутнууд” хэмээн тодорхойлж тэдний ном, эрдмийг олон түмэнд сурталчилж, таниулах ажлыг
санаачлан зохион байгуулж байна” хэмээн ШУА-ийн Техник, технологийн салбарын
Бага чуулганы гишүүн, академич Х.Энхжаргал онцлов.
"Шинжлэх
ухаан, технологийн салбарын суутнууд" эрдэм шинжилгээний хурлыг нээж
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Салбарын бага чуулганаас Шинжлэх
ухааны ажилтны өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг олон ажил дээр нэгэн шинэ ажил оруулж ирсэнд би баяртай байна. Өнөөдрийн онцолж буй энэ хоёр эрхэм бол шинжлэх
ухааны суутан гэж хэлэхэд багадахаар алдартай эрдэмтэд. Тэд нарыг алдаршуулах,
хөдөлмөр бүтээлийг олонд дэлгэрүүлэх үүргийг академи хүлээх ёстой гэж бодож байгаа. Миний
хувьд энэ хоёр эрхэм хүнийг салбарын суутан гэхээс илүүтэй “Түүхийг бүтээлцсэн
алтан толгойтнууд” гэдэг алдар өгчихмөөр байгаа юм. Яах аргагүй Монгол улсын
түүхийг бүтээлцсэн алтан толгойтон бидний дунд сууж байна.
Энэ сард
монголын “Шинжлэх ухааны ажилтан”-ы сар болж байгаа учраас та бүхэнд Шинжлэх
ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Дэлхий даяар шинжлэх ухаангүйгээр аливаа хөгжил ирэхгүй гэдгийг бүгд ойлгочихлоо. “Аж үйлдвэрийн IV
хувьсгал” 2024-2025 онд оргил цэг дээрээ хүрэх нь тодорхой
болчихлоо. Энэ хувьсгалын галт тэргэнд улс орнууд яаж амжиж суух вэ гэдэг
асуудал одоо яригдаж байгаа. Өнөөдрийн
байдлаар дэлхий дээр 2.3 их наяд ам.долларыг шинжлэх ухаандаа зарж байна. Хэмжээний
хувьд АНУ нэгдүгээрт, Хятад улс хоёрдугаарт
жагсаж байгаа. 2023-2024 онд шинжлэх ухаанд зарж байгаа нийт зардлын
хэмжээгээрээ БНХАУ нэгдүгээрт орох төлөвтэй. 450 орчим тэрбум долларыг шинжлэх
ухаандаа зарна гэдгээ зарлалаа. Өөрөөр хэлбэл,
мөнгө зарж байж шинжлэх ухаан хөгжинө гэдгийг дэлхий нийт сайн ойлгож байна. Азид Солонгос улс ДНБ-нийхээ
эзлэх хувиараа дэлхийд тэргүүлээд ирлээ. Монгол улсын хувьд ДНБ-нийхээ 0,2 хувийг
шинжлэх ухаандаа зарж байна. Шинжлэх
ухаан технологийн салбарт зөндөөн асуудал байна. Энэ салбарт олон алдартан суутан төрүүлэх, шинжлэх ухаан
технологийн салбарын ажлын ололт амжилтыг практик хэрэглээнд нэвтрүүлэхэд яах
аргагүй 2 чухал зүйл шаардагдаад байгаа. Нэгдүгээрт нийт зардлаа нэмэх ёстой.
Хоёрдугаарт энд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа цалинг нэмж
байж “Алтан толгойтон”-ууд төрж гарна гэж би бат итгэлтэй байгаа. Өнөөдрийн
онцолж буй 2 эрдэмтний тухайд гэвэл социализмын
үед ДНБ-нийхээ 1 хувийг шинжлэх ухаан технологийн арга хэмжээнд зарж байх үед
судалгаа шинжилгээний ажлынхаа суурийг сайн тавьж чадсан. Одоо залуу үе гарч ирэхэд өөр нөхцөл шаардагдаж байна. Монгол улс 2024
он гэхэд ДНБ-нийхээ 1 хувийг шинжлэх ухаан технологийн салбарт зарна гэсэн
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр явж байгаа. Чухам яаж хэрэгжихийг мэдэхгүй
байна. 2023 оны төсөвт 70 орчим тэрбум тавигдсан нь анх удаа гэж хэлж болохоор
үйл явц боллоо. Цаашдаа энэ маягаар ахиц дэвшил гараад явбал энэ салбарт илүү
олон “Алтан толгойтон” төрнө гэж итгэж байна. Үүнээс гадна Шинжлэх ухаан технологийн салбарт
томоохон бодитой үр дүнтэй ажил хийе гэвэл энэ салбарт ажиллаж байгаа төр,
хувийн хэвшлийн бүх байгууллагууд бүхий л
боломжоороо үйл ажиллагаагаа нэгтгэж ажиллах нь чухал. Энэхүү хамтын
ажиллагааг өдий хүртэл авч яваа хүмүүсийн томоохон төлөөлөл болсон 2 эрдэмтэн маань өнөөдөр энд сууж байна” гэсэн
юм.
Мөн энэ
үеэр БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого,
инновацын хөгжүүлэлт хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор (Ph.D)
Д.Баттогтох “Суурь судалгаагүй шинжлэх ухааны бүтээгдэхүүн байдаггүйтэй
адил уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Тиймээс Монгол улсын түүхийг бүтээлцэж
явсан эрхэм хүмүүсээс мэдлэг туршлага,
санаа бодлыг сонсох нь бидэнд маш чухал юм.
Өнөөдрийн арга хэмжээ нь шинжлэх ухааны салбарын соёлыг дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн чухал арга хэмжээ болж
байна” хэмээн тодотгов.
Эрдэм
шинжилгээний хурлын үеэр академич Ч.Авдай “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН,
ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр, академич П.Очирбат“ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН
ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМА” сэдвээр тус тус илтгэл
тавилаа.
Илтгэлийн
агуулгыг товч дурдвал:
Академич
Ч.Авдай “Монгол улсын шинжлэх ухаан
технологийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам” илтгэлдээ “Монгол улсын
шинжлэх ухаан технологийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол
орон улс төрийн хувьд ардчиллыг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хувьд зах зээлийн
харилцаанд бүрэн шилжих, соёл боловсрол шинжлэх ухааны хувьд олсон ололт
амжилтаа дэлхийн хөгжингүй орнуудын туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй
тэргүүний технологиор баяжуулан хөгжүүлэх, эрүүл мэндийн хувьд үйлчилгээг хүн
амд хүртээмжтэй, үр дүнг сайжруулан хүн амаа эрүүлжүүлэх бодлого барьсан
хариуцлагатай үед амьдарч байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үйл явцад гадаадын
улс орнуудтай тогтоосон харилцаа өргөжиж төр засгаас богино хугацаанд ашиг олох
гэсэн бодлого, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа эрх мэдэл бүхий
хүмүүс өөрөө баяжих гэсэн үйл ажиллагаа, байгалийн баялаг, ашигт малтмал, мал
аж ахуйн гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулахгүйгээр экспортолж, аль ч
салбарт хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн үнэлгээ буюу авч байгаа цалин хөлс нь
амьдрал ахуйд нь бүрэн хүрэлцдэггүй, тодорхой мэдлэг мэргэжилтэй хүмүүсийн
зарим хэсэг нь хөдөлмөрийн үнэлгээ сайтай гадаад орнуудад очиж ажиллаж амьдрах,
нэг хэсэг нь ажлын байраа голоод ажил хийдэггүй, улс төрийн бодлоготой уялдан
хүн амын дийлэнх хэсэг нь төрөл бүрийн халамж, хөнгөлөлтөд дулдуйдан боломжоо
дайчлан ажилладаггүйтэй уялдан бараг гуравны нэг нь ядуурч, гадаад орнуудад маш
их өртэй, олон намын тогтолцоо, өндөр албан тушаал эзэмших гэсэн хувь хүмүүстэй
холбогдон нэгдсэн үзэл санаа, эв нэгдэл муутай хүнд нөхцөлтэй тулгарч байна.
Урьд өмнө нь хөнгөн хүнсний
чиглэлээр байгуулан ажиллаж байсан үйлдвэрүүд хувьчлал нэрийн дор өөрийн өмч,
мөнгөтэй болох гэсэн мэдлэг чадвар, бэл бэнчин муутай хүмүүсийн гарт очсоноор
үйл ажиллаагаагаа үргэлжлүүлэн явуулах чадваргүй, үрэн таран болж түүнийгээ
сэргээж, илүү хүчин чадал, орчин үеийн машин техник, технологитой үйлдвэрүүдийг
барьж байгуулж чадахгүй бараг өдий хүрч байна. Энэ нь угаасаа өөрийгөө тэтгэн
нөхөн сэргээх замаар бие даан хөгжих чадвар суугаагүй, бусад орны зээл тусламж,
техник технологид түшиглэн хөгжиж ирсэн эдийн засаг маань тэрхүү орчин нөхцөлөөсөө
холдохоор байгаа бодит боломжийнхоо хүрээнд хүртэл буурсан хэрэг бөгөөд
үйлдвэрлэл, эдийн засгийн хүнд байдлаас түргэн гарах нь төр засгийн зөв мэргэн
удирдлага, зохион байгуулалт, гадаад орчноос нөлөөлөх боловч өөрийн орны нөөц
баялгийн ашиглалт, үндэсний боловсон хүчний мэдлэг чадвар, овсгоо самбаа, улс
орны үйлдвэрлэх хүчний чадавх, нийт хүн амын эх орноо гэсэн чин санаа, ажлын
хариуцлага, бүтээлч үйл ажиллагаа гол үүрэг гүйцэтгэх ёстой.
Аливаа улс орны цэцэглэн хөгжихийн
үндэс нь өөрийн орны шинжлэх ухаан технологийг оновчтой түргэн хөгжүүлэх явдал”
гэдгийг онцоллоо.
Түлш-эрчим
хүч, эрдэс баялгийн салбарын аж үйлдвэрийн 4-р хувьсгалын шаардлагад нийцэх
өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал онцгой чухал байна. Үүний тулд
хиймэл оюун ухаан, тоон эдийн засаг, киберфизикийн систем, эд зүйлсийн интернэтийн
чиглэлээр оюутан залуучуудыг гадаад дотоодын их, дээд сургуулиудад сургаж
бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг бэлтгэх ажлыг эрчимжүүлэх
шаардлагатай байна” гэлээ.
Төгсгөлд нь, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд байгалийн баялгийн материаллаг үндэс нь хэвээр байхын зэрэгцээ оюуны хувьсгалаар удирдагдан бага нөөцөөр их хэрэгцээг хангадаг болох нь. Ашиг орлогын төлөөх эдийн засгийг байгаль орчноо хамгаалах ногоон эдийн засаг болгон хувиргах шинэ парадигмийг дэлхийн дэг журам болгох нь. Агаар, ус, хөрс, ургамал, газрын хэвлийд үзүүлдэг зарим төрлийн сөрөг нөлөөгөө арилгаж тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн шинжлэх ухаанч шинэ парадигмыг тодорхойлж ногоон уул уурхайг хөгжүүлэх арга замыг хөндлөө. Мөн эрчим хүчээр дагнаж байсан нүүрсний хаанчлалыг энерги технологийн, химийн технологийн чиглэлээр үргэлжлүүлэх шинэ парадигмийн стратегийг тодорхойлохыг чухалчиллаа.