Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ж.ГҮРРАГЧААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Ж.ГҮРРАГЧААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэж 7 хоног 20 цаг ниссэний дараа эсэн мэнд  эх дэлхийдээ  буусан түүхэн өдрийн 40 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Д.Рэгдэл “40 жилийн өмнөх энэ үйл явдал бол үеийн үед бахархаж явахаар ажил болсон. Тэр дундаа ШУА, Монгол улсын түүхэнд байгуулсан том үйл явдлын нэг нь таны нислэгийн эрдэм шинжилгээний программ байсан.   Таныг эсэн мэнд эх дэлхийдээ буусан түүхэн энэ  өдөр ШУА-ийн хамт олныг төлөөлж хүлээн авч уулзаж,  дурсамж яриа өрнүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

Ж.Гүррагчаа “Интеркосмос хөтөлбөр нь олон улсын хэмжээний  сансрын судалгаанд,  дэлхий дахинд болсон их том төсөл гэж би  боддог. 1966-1990-ээд он хүртэл “Интеркосмос” шугамаар асар их  ажил хийсэн.  Манай эрдэмтэд 1966 оноос эхлээд  энэ жилд  оролцоод эхэлсэн байдаг. Оргил нь яах аргагүй хамтарсан нислэгүүд юм. Энэ үеэр авсан зураг өнөөг хүртэл үнэ цэнээ алдахгүй байна.  Энэ ажилд  олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн.  Сансрын нислэгийн нэг том пирамидын орой дээр нь нислэгт оролцсон хэдэн хүний л нэр гараад байдаг. Мөн чанартаа энэ бол  та бүхний хөдөлмөр зүтгэл юм. ШУА, шинжлэх ухааны байгууллагын асар их оролцоо энд бий. Б.Ширэндэв, Цэгмид гуай гээд олон  мундаг хүмүүс тухайн үед бидний ард ажиллаж байсан. Энэ хүмүүсийн хэлсэн үгний мөрөөр арга хэмжээ авагддаг байлаа.  Ер нь хүн болгон оролцсон. Сурвалжлагч сэтгүүлч нар их сайн ажилласан. Үр дүнд нь олон түмэн мэдээллийг шуурхай авдаг байсан” хэмээн дурслаа.

Тэд мөн  чацарганын тухай товч хөөрөлдөв. Хүмүүс увсын чацаргана, Говь-Алтай аймгийн Бигэрийн чацарганын  аль нь сансрын нисгэгчийн хоолонд орсон бэ гэж маргалддаг. Үнэндээ аль аль нь орсон. Тус хоёр нутгаас хоёулангаас нь чацаргана авчирч тарималжуулж байсан.  Цаашдаа энэ судалгаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хүний биед ач тустай маш их зүйл байгаа. Сүүлд Чернобылийн хүүхдүүд “Найрамдал” зусланд 21 хоноход чацарганатай сүү уугаад бие нь сайжраад буцсан тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.   

 


Бусад мэдээлэл