Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ЦАРЦСАНД ТӨР БУРУУТАЙ
Д.РЭГДЭЛ: ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ЦАРЦСАНД ТӨР БУРУУТАЙ

“Амьдрал сайнгүй байсан ч аав ээжийнхээ дэргэд жаргалтай өссөн” гэж хүүхэд насныхаа дурсамжийг цөөн хором ч болов дэлгэсэн академич Д.Рэгдэл гуайтай ярилцлаа. ОХУ-ын Харьковын их сургуулийг улаан дипломтой дүүргэсэн залуу дадлагажигч ажилтан гэсэн статустайгаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн босгыг давснаас хойш 43 жил энэ салбарт үнэнчээр зүтгэж яваа эрхэм юм.


Утааны улирал ард хоцорсон ч энэ сэдвээр хоёулаа өнөөдрийн ярилцлагаа эхлэх үү. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс танай академийг нэг л удаа хүлээн авч уулзсан тухай өмнө нь та ярьж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьж байв уу. Утааг бууруулахад шинжлэх ухааны үүрэг оролцоо хэр чухал нөлөөтэй вэ?

-Агаарын бохирдол бол нийт монголчуудын өмнө тулгамдсан асуудал. Үүнийг ул үндсээр нь шийдэхийн тулд шинжлэх ухааны салбарынхныг аль болох оролцуулах ёстой. Шинжлэх ухааны салбарын оролцоогүйгээр үе үеийн томоохон арга хэмжээг ганц хоёр удаа зохион байгуулж байсан ч асуудал бүрэн шийдэгдээгүй. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бид оролцох үүрэгтэй гэж үздэг. Энэ асуудлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  Засгийн эрхийг барьж байхдаа хоёр удаа уулзаж байсан. Дараа нь манай академиас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хурлаас  гаргасан зөвлөмжөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Сайдын зүгээс энэ зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна. Өвөл болохоор зөвхөн Улаанбаатарт ч биш Монгол Улсын 21 аймагт агаарын бохирдол нүүрлэдэг. Улаанбаатар хотынх бол шийдвэрлэх ёстой том асуудал болсон. Үндсэн шалтгаан нь хотыг тэлсэн гэр хороолол. Түүнээс гадна нийслэлийн барилга байгууламжийг дулаалах нь хамгийн чухал.

-Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна дулаан алдалтаас болж агаарын бохирдол ихсэж байна гэсэн үг үү?

-Социализмын үед баригдсан угсармал барилгуудыг сансраас нил улаан туяаны аппаратаар зургийг нь авч байсан. Энэ зургаар нийслэлийн бүх байшин барилгын цонх, орцны хаалга орчимд улаан туяатай гарсан. Энэ нь тэр хэсгүүдээр дулаан алдаж байна гэсэн үг. Үүнийг л багасгах ёстой. Орцны хаалганы дулаалгыг нэмэхэд л дулаан алдагдал багасна. Гэр хорооллын оршин суугчид байшингийнхаа хана болон цонх шалаар алддаг дулаанаа багасгаж чадвал эрчим хүч хэмнэнэ. Хамгийн их дулаан алддаг нь монгол гэр. Улаанбаатарт 100 мянга орчим монгол гэр бий. Гэрийг машины хучлагад орсон материалаар бүрэх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм материалаар гэрийн бүрээс хийдэг үйлдвэр байгуулж, үүнийг гэр хорооллын айлуудад лизингээр тарааж өгдөг байх зарчмыг хэрэгжүүлбэл, хэмнэсэн дулаанаар гэрийг халаана. Энэ бол академийн шийдэл. Манай эрдэмтэд  гэрийн дулаан хаана ямар хэсгээрээ илүү их алдагддагийг бүрэн судалсан. Судалгааны дүнгээр гэр ихэнх дулаанаа үүд болон шалаар алдаж байгааг тогтоосон. Мөн тооноор дулаан алддаг. Товчхондоо, дулаан алддаг гурван гол цэг болох шал, үүд, тооно гуравт илүү анхаарах нь чухал боловч  хамгийн гол нь бүрээс юм. Гэрийн бүрээсийг машины хучлагын материалаар хийвэл  дулаан алдагдал  хоёр дахин багасна гэдгийг ч тооцсон.

Нийслэлд түүхий нүүрсийг  тавдугаар сарын 15-наас хориглох шийдвэр гарсантай адил энэ жилээс шинээр барьж буй амины орон сууц, нийтийн орон сууцны барилгыг стандартын хэмжээнд  дулааныг нь шийдэхгүй бол зөвшөөрөл олгодоггүй байхаар хуульчилбал асуудлыг шийдэж болно. Өөрөөр хэлбэл, дулаалгын асуудлыг шийдвэрлэж байж утааны асуудлыг бодитойгоор бууруулж болно. Үүнд  нийслэлийн удирдлагууд бидэнтэй санал нэг байгаа юм.

Хэрэв гэр, сууц болон албан байгууллага, аж үйлдвэрийг стандарт хэмжээнд дулаалж чадвал тэдгээрийг халаахад зарцуулж буй дулааны цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр хэмнэх боломжтой. Хэмнэгдсэн эрчим хүчээр гэрийг цахилгаанаар халаах шийдлийг хэрэгжүүлж болно гэж тооцоож байгаа юм. Гэрийг цахилгаанаар халаах шийдэл гарсан ч цахилгааны эх үүсвэр хүрэлцээгүй байна. Дулаалга сайн хийж чадвал Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран энэ аргыг ирэх өвлөөс “Эрдэнэт” хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бодит амьдрал дээр “Эрдэнэт”-ийн утаа багасч байвал Улаанбаатар хот санаа авч хэрэгжүүлэх болов уу.

-Тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглэнэ. Энэ нь утааг бууруулж чадах уу. Адилхан л нүүрс учраас утаа ялгаруулна гэж олон нийт үзэж байгаа?

-Ерөнхийдөө түлдэг л материал бол утаа гарах нь тодорхой. Түүхий нүүрс, сайжруулсан түлшний аль алинаас нь л утаа гарна. Гэхдээ сайжруулсан түлшийг стандартын түвшинд сайтар боловсруулсан бол агаарын бохирдол эрс буурна. Түүхий нүүрс шиг  тортог хөө дэгдэхгүй. Учир нь, сайн бодисоор шахаж хийсэн учраас шаталт сайтай тул утаанаас ялгарах бодис нь хамаагүй бага. Ийм түлшийг хэрэглэхэд түүхий нүүрсний хэрэглээ хоёр дахин буурах учраас ялгарах утаа нь багасна гэсэн үг. Улаанбаатар хотод 1.2 сая тонн түүхий нүүрс түлэхийн оронд 600 мянган тонн сайжруулсан түлш түлэхэд утаа хоёр дахин буурна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ утаанаас гарч буй хорт бодисын хэмжээг нарийн судалж тогтоох ёстой.

-Таны хувьд хүрэн нүүрсний асар их нөөцөө урд хөрш рүү зөөх биш нүүрсний хийн үйлдвэрийн цогцолбор байгуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлдэг. Энэ саналаа Засгийн газарт хүргүүлж байсан уу?

-Монгол Улс 180 гаруй тэрбум тонны нүүрсний нөөцтэй гэж одоогоор тогтоогдсон. Энэ бол асар их хэмжээ. Үүний 80 орчим хувийг хүрэн нүүрс /Lignite/ эзэлж байна. Одоогоор бид энэ нүүрсийг ашиглахгүй байна. Иймд химийн аж үйлдвэрт ашиглах нь үр дүнтэй юм. Монгол Улсад нүүрс химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах талаар эрдэмтэд Уул уурхайн салбарын томоохон зүтгэлтнүүдэд өмнө нь олон удаагийн саналыг дэвшүүлж байсан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн химийн аж үйлдвэрийн цогцолбор барих тооцоотой, урьдчилсан ТЭЗҮ-тэй санал боловсруулсныг олон газарт хэлэлцэж боломжтой гэдгийг баталсан байдаг.

Монгол Улс цаашид тогтвортой хөгжихийн тулд химийн аж үйлдвэрийг заавал хөгжүүлэх ёстой. Химийн аж үйлдвэргүйгээр хөгжсөн улс орон дэлхийд байхгүй. Гэтэл манайхан хими гэхээр л учрыг ухаж ойлгохгүй ярвайдаг. Муухай зүйл ярьж байгаа мэтээр хүлээн авах нь түгээмэл. Химийн аж үйлдвэрийг байгуулах үндсэн суурь нь хүрэн нүүрсийг боловсруулах асуудал юм. Хүрэн нүүрсийг боловсруулж нефтийг орлуулах шингэн түлш, нийлэг хийг ашиглан цахилгаан станц байгуулах, боловсруулалтын явцад ялгарсан асар олон төрлийн бодисыг ашиглан нийлэг бүтээгдэхүүн болох аяга, сав, шаардлагад нийцсэн уут хүртэл гарган авах боломжтой. Хүрэн нүүрснээс хаягдал гарахгүй. Тиймээс Химийн аж үйлдвэрийг байгуулснаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа бий болно. Магадгүй нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа энэ асуудлыг анхаарч үзэх болов уу гэж бид найдаж байгаа.

-Үйлдвэрлэл байгуулах, хөгжүүлэх тухай ярьсных жижиг дунд үйлдвэрлэл эсгий шаахай, бойтгоосоо илүү гарахгүй олон жил боллоо. Энэ нь таны ярьдгаар өнөө технологийн мэдрэмжгүй байдалтай шууд холбоотой юу?

-Харамсалтай нь, жижиг дунд үйлдвэрлэлийн технологийн түвшин дээшлэхгүй байгаа нь үнэн. Үүнд Монгол Улсын төсөвтэй харьцуулахад чамлахааргүй их мөнгөн дүн яригдаж байгаа юм. Энэ мөнгөний нэг хэсгийг зориулалтын бусаар ашиглаж, нэг хэсгийг нь мэдээлэлд ойр байдаг эрх мэдэлтэй хүмүүс  нь авчихдаг, үлдсэн жаахан хэсгийг өвлийн өвөөгийн бэлэг мэт технологийн доод түвшний жижиг үйлдвэрүүдэд хуваарилдаг.

Миний санаагаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн мөнгөний тодорхой хэсгийг төрийн бодлогоор тогтвортой инновацийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй. Энэ нь монголын эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш нарын боловсруулсан инновацлог  технологиудыг  үйлдвэрлэлийн зориулалтай ашиглахад заавал хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг. Жишээ нь, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгөний 25 хувийг энэ үйлдвэрт зарцуулах бодлогыг төрөөс гаргаж, энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэмжээний мөнгөн дүнг эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээр шийдвэрлэж өгвөл зургаан жилийн дараа жижиг дунд үйлдвэрлэлийн технологи мэдэгдэхүйц сайжирна. Үүнийг дагаад эсгий шаахай, бойтог хийж буй хүмүүсийн технологи ч өөрчлөгдөнө. Одоо бол жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил багахан хэмжээний бүтээгдэхүүнээрээ гэр бүл нь тогтмол орлоготой байх л түвшинд байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн буруу биш. Энэ үйлдвэрлэлийг авч явах бодлогыг баримталж буй хүмүүсийн буруугаас бол технологийн түвшин ахихгүй байна.

-Улсаас дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 0.4 хувийг шинжлэх ухааны салбарт гаргадаг. Энэ үзүүлэлт жилээс жилд буурсаар 0.1 хувьд хүрсэн нь дэлхий дээр хаана ч байхгүй хувь гэж эрдэмтэд шүүмжилж байсан удаатай. Шинжлэх ухааны салбарын хөгжил  ямархуу түвшинд байна вэ?

-Энэ бол манай салбарын хамгийн эмзэг асуудал. Төрөөс  шинжлэх ухаан технологийн салбарт өгч буй мөнгөний хэмжээ ДНБ-д эзлэх хувь сүүлийн зургаан жилд дараалан буурсан. Одоо 0.1 хувьтай болчхоод байгаа юм. Энэ бол дэлхийд байхгүй жишээ л дээ. Гаднын улс орнуудад ДНБ-д эзлэх шинжлэх ухаан, технологид эзлэх зардлын хэмжээ их бага хэмжээгээр үргэлж өсч байдаг. Бодит жишээг БНХАУ-аас харж болно. Тус улс жил бүр энэ салбарт зарцуулах ДНБ-ий хувиа нэмсээр 2021 онд АНУ-ыг гүйцэх гэж байна. 2017 оны байдлаар Хятадын нэг хүнд ногдох шинжлэх ухаан технологийн арга хэмжээний зардал 350 ам.доллар ногдож байна. Манайх 2017 оны байдлаар нэг хүнд ногдох зардал нь зургаан ам. доллар байгаа юм. Урд хөрштэй харьцуулахад ногдох зардлаараа 60 дахин бага. Үүнийг хүнд ярихад ичмээр. Шинжлэх ухаан, технологийн зардал нэг хүнд ногдох хэмжээ 1 хувьд хүрч байж тухайн улсын шинжлэх ухааны салбар эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Манай улс энэ зардлыг дор хаяж 10 хувиар нэмэгдүүлж байж л нэг хувьд хүрнэ. Энэ зардлыг ойрын хугацаанд нэмэх ёстой.

Зардлаа нэмэгдүүлэхэд ердөө 400 тэрбум орчим төгрөг л болно. Энэ мөнгө манай улсын эдийн засагт тийм ч их хөрөнгө биш юм.  Манай улс шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх бодлогод эргэлт хийх цаг нь болсон. Өөрчлөлт оруулж байж уруудаж буй сумыг дээш нь эргүүлнэ шүү дээ. Тэгэхээр 0.1 хувийн үзүүлэлттэй улс дэлхий дээр маш цөөхөн. Шинжлэх ухаан технологийн зардалд оруулах ДНБ-д эзлэх зардал дэлхийн дундаж нь 1.7 хувь байдаг. Энэ бол харьцангуй өндөр боломжийн үзүүлэлт. Гэтэл манай улс дэлхийн дунджаас 15 дахин доогуур үзүүлэлтэй байж болохгүй.

-Социализмын үед хяналт чанга байсан ч шинжлэх ухааны салбарт харамгүй мөнгө хаяж байсан гэдэг. Одоо эсрэгээрээ өөрчлөгдсөн бололтой. Хөрөнгө санхүүжилтээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед шинжлэх ухааны салбарын хөгжлийг авч явах эрдэмтдийг төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх бодлогын хүрээнд цомхотгосон. Дараа нь хоёр Ерөнхий сайдын нүүр үзлээ. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажилчдын тоог нэмсэн үү?

-2010-2015 оны судалгааг харахад энэ салбарт ажиллаж буй судлаачдын тоог цөөлсөн улс орон их цөөхөн л дөө. Манай гурав дахь хөрш Өмнөд Солонгос 2010-2015 онд шинжлэх ухааны салбарын ажилчдын тоог 98  хувиар нэмсэн байдаг юм. Гэтэл манай улсад угаасаа эрдэм шинжилгээний ажилчид нь цөөхөн. Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны үзүүлэлт дэлхийн дунджаар 1500 бол манай улсад энэ үзүүлэлтээс гурав дахин бага буюу 500 байна. Нэг сая хүнд 500 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Ийм бага үзүүлэлттэй байхад 2015 онд  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар эрдэм шинжилгээний ажилчдын тоог 15 хувиар цомхотгосон. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх нэг том эмгэнэл. Үүнээс хойш эрдэм шинжилгээний ажилчдын тоог нэг хүнээр ч нэмээгүй. Шинжлэх ухааны салбарыг зогсонги, царцанги байдалд оруулчихсан. Энэ бол төрийн бодлогын алдаа. Эрдэм шинжилгээний ажилчдын тоог нэмдэггүй, санхүүжилтээ хорогдуулахаар л үндсэндээ ийм байдалд хүрч байна. Бид Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг өөрчилсөн тогтоол гаргаж өгөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Энэ дагуу Ё.Баатарбилэг сайд ойрын үед тогтоол гаргана гэх хариу өгсөн болохоор ойрын үед энэ тогтоол гарах байх. МАН 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны салбарын зардлыг тав дахин нэмнэ гэж тусгасанд бидний зүгээс их баярлаж, дэмжээд саналаа өгсөн. Гэтэл одоо 2019 он гэхэд тав дахин нэмэх нь байтугай таван хувиар ч нэмээгүй шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. 2020 он гэхэд энэ амлалтаа биелүүлэх хэрэгтэй.

-Таны хувьд шинжлэх ухааны академийн босгыг эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч болтлоо дэвшсэн. Эрдэм шинжилгээний ажилтан болохоор шийдсэн залууст хандаж хэлэхэд юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой байдаг вэ?

-Шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажилтан болно гэдэг бол  их, дээд  сургуулиа төгсөөд 10 жил чин сэтгэлээсээ ажиллаж байж судлаач болох дөртэй болж байгаа юм. Их, дээд сургуулиа төгсөөд л үйлдвэрт инженерээр ажилладгаас өөр. Энэ салбар сэтгэлгээний онцлог, асар их тэвчээр гэсэн хоёр зүйлийг шаарддаг. Энэ бүхнийг давж байж л цаашид хөгжин дэвших зам нь дээшилж байгаа юм. Шинжлэх ухааны салбарт амжилт гаргадаг хүний хоёр үндсэн чанар бий. Зөв төлөвшихийн сацуу хийсэн судалгааны дүн нь улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Одоо бол судалгааныхаа ажилд эргэлзэх хандлага ажиглагддаг. Би бол шат алгасаагүй. Бүх дамжлагыг дамжсан учраас аль шатанд хүн юуг бодож, сэтгэдэг, ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг мэднэ. Ер нь манай салбараас хэлний шаардлага хангасан хүн гаднын аль ч оронд сурч, хөдөлмөрлөх нь нээлттэй. Энэ бол манай салбарын нэг онцлог. Залуус зорилгоо тодорхойлохгүйгээр шинжлэх ухааны салбарт орж ирж байна.

-Шинжлэх ухааны салбарт шинэ нээлт гаргахад асар олон амжилтгүй туршилтыг хийсэн байдаг уу. Үүнийг дагаад хөрөнгө мөнгө ч яригдах байх?

-Туршилт бүр амжилттай болно гэж байхгүй. Хоёрдугаарт, эрдэмтэн болгон нээлт хийхгүй. Мянган чадалтай, том эрдэмтэн байхад нээлт хийх нэг эрдэмтэн байх нь тун ховор. Азтай нь л нээлт хийнэ. Мундаг эрдэмтэн гэхээс илүү азтай хүн л нээлт хийдэг. Нээхийн тулд өмнө нь олон хүн судалгаа хийсэн байдаг. Дэлхийд цөөхөн хүн, тоотой хэдэн улс оронд л шинэ нээлт болсон байдаг юм. Орчин үеийн өндөр түвшний бага тоног төхөөрөмжтэй, олон эрдэмтэнтэй улсад л үе үе шинэ нээлт хийгддэг. Монголд байгалийн ухааны чиглэлээр шинэ нээлт хийх нөхцөл нь бүрдээгүй. Гэтэл манайхан “би нэг ийм зүйл нээлээ, гэрчилгээ авъя” гээд л гүйж байгаа нь нээлт биш. Чиний хийсэн ажил дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд гарч,  олон улсын Их сургуулиудын сурах бичигт орж байвал шинэ нээлт гэж үзэж байгаа юм. Ер нь  өчнөөн мөнгө зарж өөдтэй үр дүн гараагүй гэдэг асуудал дэлхийн бүх улсад байдаг. Хятадад ганцхан том эрдэмтэнд жилд 13 сая долларын төсөл өгч байна. Монгол Улс шинжлэх ухааны салбарт шинэ туршилт, төсөлд 13 сая орчим доллар зарцуулдаг. Энэ бол маш бага мөнгө шүү дээ. Үүнийг манай зарим сайд дарга нар их мөнгө зарцуулж байна гэж хэлдэг. Тэд юу ч мэдэхгүй байна. Шинжлэх ухааны салбарт шинэ төсөл, туршилтад мөнгө зарцуулж байж улс орны хөгжилд ашигтай зүйл хийнэ.

Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа гуайг сансарт нисэхэд чацарганын тос өгч явуулж байсан гэдэг. Хэрэв дахин Монгол хүн сансарт ниссэн бол чацарганын тосыг хэрэглэх боломжтой байсан ч харамсалтай нь дахин нисээгүй гэж та нэгэн удаа ярьж байсан. Чацаргана сансарт маш сайн хүнс болдог гэсэн үү?

-Чацарганын тос бол их өвөрмөц бүтээгдэхүүн. Миний хувьд хэрэглээ талаас нь нэлээн судалсан. Сансарын нислэгийн үед нисгэгчдийг хоол хүнсээр хангах тухай бол хамгийн чухал бөгөөд сансрын  шинжлэх ухааны хамгийн том асуудлуудын нэг. Сансарт өдөрт дор хаяж өдөрт хоёр литр ус уух шаардлагатай. Усаа гамнаж уух шаардлагатай тул биеэс гарч буй бүх шингэнийг дахин цэвэршүүлж байж уух шаардлагатай болдог гэсэн үг. Үгүй бол тэнд удаан хугацаагаар ажиллах нөхцөл байхгүй. Удаан хугацаагаар ажиллахад хэмжээгүй их хоол хүнс нөөцлөх боломжгүй тул хамгийн бага жинтэй, физиологийн хэрэгцээг хангах хүнс бэлтгэнэ гэдэг нь шинжлэх ухааны том асуудал юм. Сансрын нисгэгчийн хоол хүнсийг бэлтгэхэд манай улс туршлага багатай ч чацарганын тос оролцуулсан зургаан төрлийн хүнсийг ОХУ-ын сансрын нисгэгчдийн хоол хүнс бэлтгэдэг газарт бэлтгэн явуулсан түүхтэй. Ж.Гүррагчаа баатарт туршилт хийхэд сансарт нисч буй хүнд ашигтай гэдэг нь батлагдсан. Хэрэв дахин монгол хүн сансарт нисвэл чацарганын тосоо ашиглахад бэлэн. Чацарганын тос бол их үнэ цэнтэй түүхий эд юм. Энгийн тос биш.

-Та хүүхэд насныхаа нэгэн дурсамжид  1959 оноос өмнө хөдөөгийн амьдрал ядуу тарчигхан байсныг хуучлахдаа монгол гэрүүд цагаан бүрээсгүй байсан гэдэг. Тэр үед малчдын ахуй амьдрал ямархуу байв. Гэхдээ ээж аавтайгаа хамт байсан мөч хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж байдаг болов уу?

-Би чинь хөдөө өссөн хүүхэд шүү дээ. Аав ээжтэйгээ байх үе хамгийн сайхан гэдгийг хүн хожим нь л ойлгодог. Амьдрал одоогийнхоос хэв маяг их өөр байлаа. 1950 оны эхэн үе л дээ. Хэрэглэдэг хүнс нь ч өөр байсан юм. 4-9 сар хүртэл хагас жил махтай хоол идэхгүй. Цагаан идээ иднэ. Хүйтний улирал эхэлж аравдугаар сараас л махан хоолтой “золгоно”. Ер нь хоол хүнсний хангамж сайнгүй байлаа. Цагаан гурил байдаггүй. Гэртээ гар тээрмээр улаан буудайнаас багахан гурил гарган авч, хэрэгцээгээ хангадаг, амьдрал хангалуун биш ч гэсэн аз жаргалтай байв. Аав ээжийн хайранд байсан учраас бид аз жаргалтай л байлаа. Хаврын эхэн саруудад өлсөх үе зөндөө байсан ч дорхноо мартагддаг. Биднийг зөвхөн аав ээжээс гадна нутгийн бүх хүн л алсуур харж хандаж явдаг, буруу хийвэл алгадаад авах зүйл байсан. Аав ээж бол өмөөрөхгүй. Ийм байдлаар л хүмүүжсэн учраас хариуцлагатай байх ёстой гэсэн орчинд өссөн. Одоо бол аав ээж нь хүүхдээ загнавал буруудчих гээд байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч байгаа нь харамсалтай ч аав ээжийнхээ хайранд өсч байгаа хүүхэд хааяа нэг хатуу үг сонсох, хааяа алганы амт үздэг байх нь буруу зүйл байхгүй. Үүнийг хэтрүүлэх нь л хамгийн хэцүү юм. Амьдрал хангалуун байснаар аз жаргалтай болохгүй. Аз жаргалтай байна гэдэг нь л ээж аавын хайранд өссөн хүүхэд нас юм. Ер нь монголчуудын амьдрал 1960 оны дунд үеэс их сайжирсан. Үүнээс өмнө монголчуудын амьдрал ядуу байсан ч олноороо өлсгөлөнд нэрвэгдсэн зүйл байгаагүй. Монголчууд айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг гэдэг зарчмаар л амьдарч ирсэн. 1960 оны дунд үеэс амьдрал сайжирч 1970 оны эхээр одоогийн төлөв байдал бүрдэж эхэлсэн л дээ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад та шинжлэх ухааны салбарыг сонгож эрдэмтэн болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бэ?

-Эмч болох байсан болов уу. Миний багад эмч, багш нар их нэр хүндтэй байлаа шүү дээ. Өвчтэй хүнийг эдгээгээд хөл дээр нь босгодог нь их л ид шидийн юм шиг санагддаг байсан.  Одоо бол багшийн нэр хүнд жаахан унасан. Харин эмчийнх бол харьцангуй дундаж.                                                                                                                                       ЭХ СУРВАЛЖ NEWS.MN


Бусад мэдээлэл