Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН ФОРУМ БОЛЛОО
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН ФОРУМ БОЛЛОО

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн санаачлан ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын Их сургуультай хамтран 2016 оноос хил залгаа Монгол, Орос, Хятад гурван улсын Археологийн форумыг зохион байгуулж байна. Энэ нь манай гурван улсын археологичдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдмийн солилцоог тогтворжуулах, шинэ мэдлэг, судалгааны үр дүнг харилцан солилцох үр дүнтэй хэрэгсэл болж байгаа билээ. Анхны уулзалт, эрдэм шинжилгээний хурал 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болсон билээ.

Энэ жилийн археологийн форумын хүрээнд “Орос, Монгол, Хятад хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл” эрдэм шинжилгээний хурал 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Абакан хотноо болж өнгөрлөө. Хуралд Монголын талаас 5, Оросын талаас 10, Хятадын талаас 7 эрдэмтэн судлаач оролцож Төв Азийн хадны зураг болон энэ бүс нутгийн археологийн судалгааны бусад асуудлын талаар илтгэл хэлэлцүүллээ. Монголын талаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Батболд, Н.Эрдэнэ-Очир, Б.Бадма-Оюу, А.Энхтөр нар оролцов.

Форумд оролцогчид 8 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөд Сибирийн хүрэл ба түрүү төмрийн үед холбогдох Хакассын Итколь нуурын хойд бие дэх Окуневын соёлын дурсгал, Салбыкийн булш, Оглахтын болон Боярын хадны зургийн дурсгалт газруудыг үзэж танилцсан юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Монголын хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг Орос ба Хятадын судлаачдад хүргэж, харилцан туршлага судлан, судалгааны арга зүй ба судалгааны хөгжлийн хандлагыг хэлэлцсэн үр дүнтэй хурал болж өндөрлөсөн юм.


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн


 



Бусад мэдээлэл