Шинжлэх ухааны Академи, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран “Үндэсний инновацийн тогтолцоо, Инновацийн тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг 6 дугаар сарын 5-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад ШУА-ийн харъяа хүрээлэн, төвийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон инновацийн асуудал хариуцсан ажилтнууд хамрагдсан байна. Сургалтыг ЭЗХЯ-ны Ахлах мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд сургалтаар Инновацийн тухай хууль, түүнтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орсон хуулиудыг танилцуулж, монгол дахь инновацийн үйл ажиллагааны орчин ямар төвшинд байгаа талаар таницлуулсан юм.
Түүнчлэн эрдэмтдийн хийсэн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар саад бэрхшээл байгаа талаар санал солилцлоо. Мөн шинжлэх ухааны салбар дахь инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд төр, засгийн оролцоо, дэмжлэг хамгаас чухал бөгөөд монгол улсын бүсчилсэн хөгжлийн стратегитай уялдуулан өндөр технологийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цогцоор нь хөгжүүлэх, өндөр технологийн гарааны компаниудыг олноор нь дэмжин гаргах хэрэгтэйг онцолж байв.