Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: ХҮН БҮР ЮМ БОЛГОНД ОРОЛЦОЖ, ХИЙХ ГЭДЭГ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ
Д.РЭГДЭЛ: ХҮН БҮР ЮМ БОЛГОНД ОРОЛЦОЖ, ХИЙХ ГЭДЭГ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ

Монголд инновацийн төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг болсон юм. Өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүн бий болгоход юунд анхаарах хэрэгтэй талаарх хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна.

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Технологийн эрин үед хүмүүс толгойгоо солих хүртэл асуудал яригдаад эхэллээ. Ер нь глобал оршин тогтнохуй гэдэг зүйл байдаг. Энэ нь хүн төрөлхтний бий болгосон бараг уламжлалт болтлоо төгөлдөржсөн мэдлэг, сайн туршлагууд дээр тулгуурлаж хөгжихөөс өөр аргагүй. Тиймээс суурь мэдлэг дээрээ тулгуурлан дижитал, инновацийг хөгжүүлэх тухай ярих нь зүйтэй. Монгол Улсын хувьд инновацийн хөгжил хэрэгтэй гэдгийг харьцангуй эрт ойлгосон орон. 2009 оноос төрөөс инновацийн төслүүдэд санхүүжилт хийж, өнөөдрийн байдлаар ес орчим тэрбум төгрөгийн санхүүжилт ойлгож, тодорхой үр дүнтэй туршилтууд төслүүдийг хэрэгжүүлсэн. Гэтэл яагаад инновацийн төслүүдийн үр дүнд улсын эдийн засаг, стратегид мэдрэгдэхгүй яваад байгаа нь асуудал болж байна. Тиймээс бид одоо зарчим, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Нэгд, зарчим гэж юуг хэлж байна вэ гэхээр өнөөдөр  Монголд хүн болгон юм болгонд оролцож, хийх гэдэг. Энийгээ өөрчилье. Эрчим шинжилгээний ажилтан мэдлэг бий болгочихоод технологио гаргаад үйлдвэрлэлээ бий болгож, бүх шатандаа орж ажиллахаас өөр аргагүй болчихоод байна. Тэгэхээр энэ шат болгондоо эксперттэй болох хэрэгтэй. Энэ бол зарчмын гол өөрчлөлт. Хоёрт, бид хандлагаа өөрчилье. Өнөөдөр хувийн хэвшил шинжлэх ухаан технологийн салбар хоёрын хооронд  байдаг хамгийн том асуудал бол харилцан итгэлцэл байдаг. Итгэлцлийг бий болгохын тулд бид хамтран ажиллах ёстой юм. Хувийн хэвшил нь шинжлэх ухаан технологийн салбартаа итгэдэггүй, шинжлэх ухаан технологийнхон нь бизнесмэнд хамаг юмаа өгөөд алдчихна гэж айдаг. Ийм л нөхцөлтэй олон жил явж байна. Энэ зарчим, хандлагыг өөрчилж байж инновацийн үйл ажиллагааны үр дүн, улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд  нөлөөлөх боломж байгаа юм.

Зөвлөх бүтцүүд бий болж Монголд инноваци төсөл амжилттай хэрэгжинэ

-ХААИС-ийн ХААЭЗИХТ-ийн судлаач Б.Ганбат: Мэдлэгийг бий болгодог байгууллага бол эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд байгаа. Манай улсын дээд боловсролын байгууллагууд, мэргэжлийн шинжлэх ухааны байгууллагуудын потенциал харьцангуй бага. Хорь гаруй хүрээлэн, судалгаа хийдэг 10 хүрэхгүй сургууль байна. Улсаас жил 10 гаруй тэрбум төгрөгөөр судалгаа хийх, төсөл эхлүүлэх  төсөв баталдаг. Гэтэл энэ судалгааны ажлын үр дүн хаана байна вэ гээд харахаар хангалтгүй байна. Хамгийн гол нь зах зээлийн жамаар, бизнесийн утгаараа хөгжихгүй байна. Инновацийн төслөө яаж бизнес болгох, хөрөнгө босгох мэдлэг манай судлаачдад бага байдаг. Олон гарааны компаниуд хөрөнгө босгох, төслөө хэрэгжүүлэх гээд зах зээлд зогсонги байдалд орсон байна. Хоёрт, технологи дамжуулахад оролцдог, зөвлөдөг байгууллага, дэд бүтцүүд одоо л дөнгөж бий болж эхэлж байна. Энэ байгууллага экспертүүд эрдэмтдийн бүтээлийг зах зээлд гаргахад бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа хийдэг, хөрөнгө оруулалт татаж, гэрээг хийдэг ажил руу одоо орж байна. Зөвлөх бүтцүүд бий болж Монголд инноваци төсөл амжилттай хэрэгжинэ. Хамгийн том асуудал санхүүжилт байдаг. Өнөөдөр инновацийн чиглэлд санхүүжилт байхгүй байна гэж хэлж болно. Оюуны өмч, патентын загвараа барьчихаад банкин дээрээс зээл авах, санхүүжилт босгох боломж үнэхээр алга. Улаанбаатар хотын банк л патент барьцаалсан зээл олгож эхэлсэн. Гэхдээ энэ хангалтгүй байна. Дэлхий зах зээлд Монголын 60 гаруй технологийн компани гарсан байна. Тэдэн дунд туршлагатай хөрөнгө босгоод амжилттай явж байгаа олон компани байна. Энэ компаниудаа хэрхэн яаж дэмжих үү, заавал Монголдоо авчир гэж байгаа юм биш. Туршлагатай компаниудаас суралцах, хамтарч хийх зүйл их байна шүү дээ. Ингэж хамтарч нийлж байж л инноваци гэдэг зүйл эдийн засаг, нийгмийнхээ үр дүнг өгнө гэж бодож байна.

ЕБС-аас нь IT-гийн мэдлэгийг өгөхгүй бол монгол хүн технологийн хөгжлөөс хоцорно

-Нест академийн захирал Б.Габит: IT-гийн мэдлэгийг ерөнхий боловсролын сургуулиас нь олгож эхлэхгүй бол монгол хүүхдүүд дэлхийгээс хоцорч байна. Өнөөдөр ЕБС-д сурч байгаа хүүхдүүд таван жилийн дараа хуульч боллоо гэхэд хиймэл оюун ухааны хуулийн программ нь нөгөө хүнээсээ илүү ухаантай байх магадлалтай болчихоод байна. Тиймээс ирээдүйн боловсон хүчнүүд IT-гийн мэдлэг чадавхтай болж эхлэхгүй бол хүн төрөлхтөн технологийн хөгжлөөс хоцрох том аюул бий. Бид хоёр жилийн өмнөөс Нест академи гээд хичээлийн дараах хөтөлбөрөөр IT-гийн боловсролыг хүүхэд залуучуудад олгож эхэлсэн. Жилийн доторх үр дүн сайн гарсан. Өсвөр насны хүүхдүүдийг зөв чиглүүлбэл сайн суралцах чадвар өндөр байна.

                                                                                                          http://itoim.mn


Бусад мэдээлэл