Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" музейд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ илгээснийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир уншиж танилцууллаа.
Уг мэндчилгээнд, “Өрнө, дорнын монгол судлалын төвүүдийн төлөөлөгчид хуралд оролцож, дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй монголчуудын хэл, түүх, шашин соёл, зан заншилд холбогдох ховор нандин сурвалж, баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлийн талаар хуулбарлан авах, хэвлэн нийтлэх, хамтарсан ном бүтээл туурвихдаа амжилт олж, монголчуудын соёлын өв олон улсад улам бүр хүрээгээ тэлж байгаад баяртай байна. Цаашид уг хурал түүхийн ховор нандин дурсгалыг хамтран судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгоход монгол судлаач эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн шинжлэх ухааны томоохон арга хэмжээнүүдийн нэг болно гэдэгт итгэл төгс байна” хэмээжээ.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Энэхүү эрдэм шинжилгээний хурал нэг талаас, үе үеийн гадаадын монгол судлаач эрдэмтдийн Монголд ирж хийсэн судалгааны бүтээл туурвил, гар бичмэлийг олон улсын эрдэмтдийн хамтын хүчээр судалж, ингэснээрээ дэлхийд тархсан монгол соёлын өв, үндэсний хэл бичгээ эрхэмлэн дээдлэх талаар төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд нэмэр болох нь дамжиггүй. Нөгөө талаас, энэ хурал монголчуудын үндэсний хэл бичиг, түүхийн олон хэлний эх сурвалж, баримтыг илрүүлэн судлах талаар манай эрдэмтдийн үндэсний ба олон улсын хэмжээнд тогтвортой явуулж ирсэн олон талт үйл ажиллагааны нэг хэсэг болдог. Ийм ч учраас энэ төрлийн хурлууд нь орон орны архивын сан хөмрөг дотроос монголчуудын хэл, түүх, соёлын өвд холбогдох шинэ болоод бүрэн гүйцэд судлагдаагүй баримтуудыг нээн илрүүлж, нийтэд таниулах, түүхийн цагаан толбыг тайлбарлах сэдлийг ямагт өдөөж байдгаараа судлаачдын шинэ үе байнга төрөн гарч ирэх нэг эх булаг болдог гэдэгт би итгэлтэй байдаг. Уг эрдэм шинжилгээний хуралд олон сонирхолтой илтгэл тавьж, тэдгээрээс гарах санал, дүгнэлт, зөвлөмжүүд нь төр засгийн шийдвэрт хүрч тусгагдан, монголчуудын соёлын нэн баялаг, гайхамшигт их өвийг судлах, хадгалах, хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус хурлыг 2013 оноос Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж ирсэн юм. Энэ хугацаанд хуралд 200-аад эрдэмтэн илтгэл тавьснаас таван эмхэтгэл хэвлүүлжээ.
Энэ удаагийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Унгар, ХБНГУ, Солонгос зэрэг улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд, монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил, Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаач биечлэн, 15 нь цахимаар оролцож илтгэлээ хэлэлцүүлэх юм.
Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж, “Монголын түүх, соёлд холбогдох гар бичмэл, архивын баримт дэлхийн олон оронд хадгалагддаг. Тэдгээрийн нэг том төлөөлөгч нь ОХУ юм. Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн эх сурвалж, судлал, баримт мэдээллийн төв гэсэн нэгжтэй. Үүнд, Монгол Улсын баримтын сан хөмрөг ажилладаг. Тус санд Монголын түүхэнд холбогдох нийт 250 мянга гаруй хуудас архивын ховор нандин баримт, монголч эрдэмтдийн захидал, дурсамж, эрдэм шинжилгээний бүтээлийн анхны эх, 5000 гаруй түүхэн ховор гэрэл зураг, Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулсан түүхийн болон угсаатны зүй, археологи, хээрийн шинжилгээний ажлын тайлан зэрэг үнэт ховор материал хадгалагддаг. Эдгээр нь Монголын түүхийг судлах, гүнзгийрүүлэх хэрэгт томоохон сан хөмрөгийг бүрдгүүлдгээрээ онцлогтой. Энэ удаагийн хурлаар 1915 оны хүн амын тооллогын тухай, монгол хэл, түүхийн сурвалж араб, турк, монгол, орос, солонгос, хятад, манж хэлээр буй гар бичмэлийг эрдэмтэн судлаачид олон нийтэд танилцуулах юм” гэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын Холбоо, Чингис хаан үндэсний музей хамтран зохион байгуулж буй юм.