Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дондогдулам хатны дурсгалт газраас илэрсэн олдворыг ШУА-ийн археологийн хүрээлэнд хадгалж байна
Дондогдулам хатны дурсгалт газраас илэрсэн олдворыг ШУА-ийн археологийн хүрээлэнд хадгалж байна

Улсын их дагина Дондогдуламын дурсгалт газраас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд ШУА-ийн Археологийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгээр найман шарга морь хөлөглөн одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж шар тосонд хайлуулсан хэмээн үздэг. [Шинийн наймны Цагаан Дара-Эх. УБ., 2016, т-6].
Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морьдыг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй. Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан тул авран хамгаалах үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онуудад авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн.
Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлсэн. Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ш, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхэгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон. Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд байна. Уг суварга нь бидний сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлүүдийн нэг болох Брадигабудын суварга хэмээх төрөлд хамаарна. Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа өргөсч 11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.
Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой юм. Дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Холбогдох ном зохиол:
Мэндсайхан О., Хатанбаатар Ч. Шинийн наймны Цагаан Дара-Эх. УБ., 2016, т-6
Энхтөр А., Нацагням., Хүрэлсүх., Батболд Г., Далантай С., Буянхишиг Ц. Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газар. УБ., 2020, т-9,11,73


Бусад мэдээлэл