Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.АЛТАНСҮХ: ЦАХИЛГААН БОЛОН ЦАХИМ ХЭРЭГСЛИЙН ХАЯГДЛААС ӨНГӨТ МЕТАЛЛ ГАРГАН АВАХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Б.АЛТАНСҮХ: ЦАХИЛГААН БОЛОН ЦАХИМ ХЭРЭГСЛИЙН ХАЯГДЛААС ӨНГӨТ МЕТАЛЛ ГАРГАН АВАХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

-2021 он гэхэд нэг хүнд 6.8 кг цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал ногдоно-

Хог хаягдлыг хэрхэн аюулгүйжүүлж устгах вэ гэдэг хот суурин газрын нэг тулгамдсан асуудал. Тэр тусмаа аюултай, тусгай хог хаягдлын хувьд тусгай бодлого хэрэгтэй байдаг аж. Энэ талаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтансүхтэй ярилцлаа.

 

-Манай улсад хогны менежмент хэр зөв явж байна вэ. Шинжлэх ухааны үндэстэйгээр булж устгах, эсвэл дахин боловсруулах үйл ажиллагааг хийж чадаж байна уу?

-Хотжилт, үйлдвэржүүлэлт, хүн амын өсөлт болон тэдгээрийн хэрэглээтэй холбоотойгоор үүсэж буй хог хаягдлыг зөв зохистой устгах, аюулгүй болгох нь аливаа улс орон, хот суурин газар бүрийн тулгамдсан, зайлшгүй анхаарал тавих ёстой асуудал байсаар ирсэн. Цаашид ч хог хаягдлын менежментийг сайжруулах зөв, оновчтой шийдлүүдийг бий болгохыг шаардсан асуудал байсаар байна. Учир нь үйлдвэрлэл болон хүн амын хэрэглээтэй шууд хамааралтайгаар үүсэж байгаа хог хаягдал нь байгаль орчныг бохирдуулах, хүн ба амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Цаашлаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг зөрчихөд хүргэдэг. Үүний тод жишээ нь “COVID-19”-ийн тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнууд хот суурин газрын хүн амын дунд хөл хорио тогтоох, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлснээр байгаль орчинд эерэгээр нөлөөлж байгааг бид олон төрлийн мэдээллийн эх үүсвэрүүдээс авахаас гадна өөрсдөө харж байна.

-Аюултай хог хаягдал, тусгай хог хаягдал гэж бий. Ийм хог хаягдлыг хэрхэн устгадаг вэ?  

-Аюултай хог хаягдлын тухай товч ойлголтыг эхлээд өгөх нь зүйтэй байх. Олон төрлийн эх үүсвэрээс үүсэн бий болж буй хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх аюулын шинж чанараар нь аюултай, тусгай болон энгийн гэсэн зэрэглэлүүдэд хуваадаг. Аюултай хог хаягдлыг үүссэн эх үүсвэр, төрөл, шинж чанараас нь хамааруулан ангилж, дугаарлахаас гадна бүлэглэж авч үздэг. Үүнд бүрэлдэхүүндээ тэсрэмтгий, шатамхай, идэмхий, хортой, цацраг идэвхт бодисыг агуулсан хог  хаягдлууд ордог. Иймд энэ төрлийн хог хаягдлыг аюулгүй болгох, устгахын тулд уг төрлийн хаягдал үүсэхээс эхлээд бүрэн устгах хүртэл тусгай бодлого, боловсруулах арга технологи, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Товчхондоо бол аюултай хог хаягдлын орших хатуу, шингэн, хий ба шаварлаг гэсэн төрлөөс хамаарч түүнийг аюулгүй болгох арга, технологи, тоног төхөөрөмжүүд нь эрс өөр өөр байна гэж ойлгож болно. Энэ талаар 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Хог хаягдлын тухайн хуульд тодорхой бий. Мөн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг хог хаягдлын менежмент гэсэн сургалтад сууж дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт авч болно. 

Манай орны хувьд ийм төрлийн хог хаягдал бүү хэл энгийн ахуйн хог хаягдлаа зориулалтын газарт булах, овоолохоос өөрөөр аюулгүй болгох, овор хэмжээг нь багасгах, бүрэн устгах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага бараг байхгүй гэж хэлж болно. Улаанбаатар хотын хувьд хог хаягдлын менежментэд нааштай хандлага, бодит дэвшлүүд гарч байгаа хэдий ч цаашид сайжруулах олон асуудлууд байсаар байна. Хог хаягдлын менежмент нь бие биеэсээ хамарсан нийлмэл, цогц үйл ажиллагаанаас бүрддэг тул энэ үйл ажиллагааг хангаж ажиллаж байж үр дүнд хүрнэ. 

-Хогны менежмент гэдэг хог хаягдлаа ангилан ялгахаас л эхлэх байх. Ангилан ялгах тал дээр манайхан суралцаагүй л байх шиг байна.

-Зарим хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хэрэглэсэн лааз, зай болон хуванцар савыг ангилан хаях хогийн савуудыг байршуулж байгаа нь хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах боломжийг олгохоос гадна ялангуяа хэрэглэсэн зай энгийн, ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх бодит ажил болж байна. Гэвч хүн амын дийлэнх хувь нь ахуйн хог хаягдлаа ангилж, ялгаж хаях хэвшилд суралцаагүйн улмаас дахин боловсруулах боломжтой хог хаягдал хаягдсаар байна. Мөн зарим нэгэн албан байгуулага, орон сууцны хорооллууд ахуйн хог хаягдал болох цаас, хуванцар сав зэргээ ангилан хаяж байгаа боловч хог хаягдлыг ачиж тээвэрлэхдээ, бусад хогтой нийлүүлэн хаяж байгаа нь хог хаягдлыг үүсэл дээр нь ангилах бодит ажлыг үр дүнгүй болгож байгаа учраас ангилан ялгасан хог хаягдлыг төрөлжүүлэн ачиж тээвэрлэх, дахин боловсруулах аж ахуйн нэгж, үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай байгаа. Улаанбаатар хотын хувьд хэрэглэсэн хуванцар сав, цаасыг дахин боловсруулдаг цөөхөн хэдэн хувийн хэвшлийн үйлдвэрээс өөр үүссэн хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, боловсруулах үйлдвэрүүд байхгүй тул үүссэн ихэнх хог хаягдлыг зориулалтын цэгүүд дээр төвлөрүүлэн хаяж байна.

-Хог хаягдал гэхээд бид уламжлалт сэтгэлгээгээрээ цаас, шил, лааз, хуванцар болон хоол хүнсний үлдэгдэл гэж төсөөлдөг. Гэтэл хогны бүтэц хүртэл өөрчлөгдөж байх шиг байна. Түүний нэг нь электрон хог хаягдал болов уу. Энэ төрлийн хог хаягдал манай улсад хэр их гардаг вэ?

-Тиим ээ, хүний хэрэгцээ, техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хог хаягдлын төрөл, хэмжээ өөрчлөгдөж байна. Үүний тод жишээ нь ашиглалтаас гарсан цахим болон цахилгаан хэрэгслүүд, сансрын хөлөг, хиймэл дагуулууд болж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ялангуяа Япон улс дэлхийн агаар мандалд ашиглагдахаа больсон сансрын хөлөг болон хиймэл дагуулуудыг буцаан эх дэлхий рүү аюулгүй буулгах, ашиглах талаар ажиллаж байна. Мөн нэг жилээр хойшлоод байгаа “Токио-2020” олимпын медалиудыг цахим болон цахилгаан хэрэгслийн хаягдлаас үнэт металлуудыг гарган авч хийхээ хэдэн жилийн өмнөөс албан ёсоор мэдэгдсэн. Энэ дагуу медалиудаа бэлэн болгоод байгаа юм билээ.

Дэлхийн хэмжээнд хүн амын өсөлт, технологийн дэвшилттэй холбоотой цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл жил бүр 2-3 хувиар өсдөг. 2016 онд  44,7 сая тонн цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал үүссэн бол энэ хэмжээ 2021 онд 52,2 сая тоннд хүрснээр хүн нэг тутамд 6.8 кг цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал ногдоно гэсэн тооцоо, судалгаа байдаг. Хэдийгээр ийм их хэмжээний цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал дэлхийн хэмжээнд үүсэж байгаа боловч түүний багахан буюу 20 орчим хувийг л дахин боловсруулж байна.     

Манай орны хувьд 2013 онд явуулсан шинэ, удаан задардаг органик бохирдуулагч, үйлдвэрийн химийн бодисын улсын нэгдсэн тооллогын тайланд дурдсанаар 2012 онд 26170 тонн цахилгаан болон цахим хэрэгслийг импортоор оруулж ирсний 7439,6 тонн буюу 751480 ширхэг нь компьютер, 61,2 тонн буюу 611659 ширхэг нь гар утас байжээ.

Хэдийгээр цахилгаан болон цахим хэрэгслийн импорт, хэрэглээ эрс өссөн боловч одоог хүртэл ашиглагдахаа больсон, эвдэрсэн цахилгаан болон цахим хэрэгслүүдийг цуглуулах, ангилан ялгах, дахин боловсруулах систем манай улсын хэмжээнд байхгүйгээс хэдий хэмжээний цахилгаан болон цахим хэрэгсэл хаягдал болон гарч байгаа гэсэн үг. Гэхдээ үүнийг нарийн тооцох аргагүй байна. Ашиглалтаас гарсан цахилгаан болон цахим хэрэгслээ иргэд ижил төрлийн хэрэгслийн сэлбэг болгох, хадгалахаас гадна ахуйн хог хаягдлын хамт хаяж байна.

-Электрон хог хаягдал гэж юу юуг хэлэх вэ. Энэ төрлийн хог хаягдлын хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар манай уншигчдад ойлголт өгнө үү?

-Энгийнээр хэлбэл бид бүхний өдөр тутам байнгийн хэрэглэдэг цахилгаан болон электрон хэрэгслэлүүд нь ашиглалтын тодорхой хугацаатай байдаг бөгөөд энэ хугацаа нь дуусаж ашиглагдахаа больсон, мөн ашиглалтын явцад эвдэрч хэрэглэгдэх боломжгүй болсон хэрэгслүүдийг цахилгаан болон цахим хэрэгслийн хог хаягдал гэж үзэж байгаа юм. Тухайлбал гар утас үйлдвэрлэгч компаниуд ямар ч төрлийн гар утасны ашиглагдах хугацааг гурван жил орчим гэж тооцдог.  

Эдгээр цахилгаан болон цахим хэрэгслүүдийн эд анги, бүтэц тус бүр нь их, бага хэмжээтэй үнэт, өнгөт болон хүнд металлууд, хуванцар материалууд болон аюултай хортой нэгдлүүд агуулсан, галд тэсвэртэй, удаан задардаг, органик болон органик бус бодисуудаас бүрддэг. Удаан задардаг органик бодисууд гэдэг нь хлор, бром, фтор зэрэг галоген агуулсан нүүрс устөрөгчид нэгдлүүд юм. Иймд энэ төрлийн хог хаягдлыг зориулалтын бус газар хаявал байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөллөөр хувиралд орох, цаашлаад удаан хугацааны туршид байгаль орчныг бохирдуулагч болж  хүн болоод амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

-Электрон хаягдлыг хэрхэн аюулгүй, хоргүй болгож устгаж булдаг юм бол. Энэ талаар манай улсад мэргэшсэн тохижилт үйлчилгээний байгууллага байна уу. Жишээ нь эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгадаг тусгай компани байдаг шиг тийм аж ахуйн нэгж бий юү?

-Цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдлыг хог гэж харахаасаа илүүтэйгээр металлууд болон резин хуванцарыг гарган авах хоёрдогч түүхий эд гэж үзэж, дахин боловсруулж ашиглах чиг хандлага руу дэлхий нийтээрээ ороод байна. Энэ нь ийм төрлийн хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах замаар устгах, мөн байгалийн түүхий эдээс гарган авах бүтээгдэхүүний хэмжээг багасгах боломжуудыг бий болгосноор байгалийн түүхий эдийн олборлолтоос үүдсэн байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх нөхцлийг бий болгоно гэж үзэж байна.

Манай оронд цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдлыг цуглуулдаг, тэдгээрийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар дахин боловсруулж шаардлагатай түүхий эдүүд болох металл, хуванцар, резин гарган авдаг үйлдвэр, аж ауйн нэгж байхгүй.

-Электрон хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах боломжтой юу. Тухайлан асуухад гар утас болон бусад төрөл бүрийн цахилгаан барааг хэрхэн устгадаг юм бэ. Манайхан ангилан ялгалгүй энгийн хогтойгоо хаядаг?

-Цахилгаан болон цахим хэрэгслүүд нь тэдгээрийн хэрэглээ, хэлбэр, загвар болон ашиглалтаасаа хамаараад металл болон металл биш материаллуудыг янз бүрийн хэмжээтэй агуулж байдаг тул дахин боловсруулан ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ эдгээрийн бүрэлдэхүүнд хүнд, хортой металлууд болох хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, хром болон халалт болоод галд тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор нэмж өгдөг удаан задардаг органик бодисууд агууллагддаг тул тусгай технологи, багаж төхөөрөмж ашиглан боловсруулах шаардлагатай. Бүх цахилгаан болон цахим хэрэгслүүдийн жингийн 3-6 хувийг дамжуулагч хэлхээний хавтан буюу printed circuit board эзэлдэг ба түүний 30-40 хувь нь зэс, төмөр, никель, хар тугалга, цайр, мөнгө, алт болон паллади зэрэг металлууд, 30 орчим хувь нь  хуванцар, үлдсэн хэсгийг нь шилэн болон керамик материалууд бүрдүүлдэг. Иймээс сүүлийн үед цахилгаан болон цахим хэрэгслүүд дэх хэлхээний хавтангаас үнэт болон өнгөт металлуудыг гарган авах судалгаа болоод бодит ажлууд дэлхийн олон оронд эрчимтэй хийгдэж байна. Манай орны хувьд ч гэсэн энэ чиглэлээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн органик бус химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилчид судалгаа шинжилгээний ажил хийж, тодорхой үр дүнд хүрээд байна. Эдгээрээс үндэслээд манай орны хувьд ашиглагдахаа больсон цахилгаан болон цахим хэрэгслүүдийг ангилан ялгах, цуглуулах, хаях төвлөрсөн зориулалтын цэгийг байгуулах, тэдгээрийг уламжилалт бус хүрээлэн буй орчин болоод хүн, амьтанд хор хөнөөл багатай дэвшилтэт аргаар дахин боловсруулах аж ахуйн нэгж бий болгоход онцгой анхаарах шаардлагатай байгаа.

-Приус машины батарей асар олноор хаягддаг гэж дуулсан. Ийм хаягдлыг мөн тусгай цэгээр бөөгнүүлэн авах шаардлагатай юу?

-Япон улсын “Тоёота” компани 1997 оноос хайбрид хөдөлгүүртэй приус машин үйлдвэрлэж эхэлснээс хойш 4 дэх үеийнхээ приус машиныг үйлдвэрлэхээс гадна цахилгаанаар цэнэглэгддэг Плаг ин (Plug-in hybrid) хайбрид машиныг үйлдэрлэж, худалдаанд гаргаад байна. Приус машин нь өндөр хүчдэлийн болон бага хүчдэлийн гэсэн хоёр төрлийн батарейтай. Анхны загварын приус машин 38 тасалгаанаас бүрдсэн 53 орчим килограмм жинтэй никел-метал-хайбрид батарейтай үйлдвэрлэгдэж байсан бол шинэ загвар гарах тусам түүний овор хэмжээ багасаж, харин багтаамж нь сайжирсаар ирсэн. Харин Плаг-ин (Plug-in hybrid) хайбрид машиныг литийн ион батарейтай үйлдвэрлэж байна. Дахин цэнэглэгддэг литийн ион батарейг сүүлийн үед бүхий л салбарт өргөн ашиглаж байна. Ийм учраас литийн ион батарейг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ Японы эрдэмтэн Акира Ёшино (Akira Yoshino), Америкийн эрдэмтэн Жонн Гооденоүф (John Goodenough) болон Английн эрдэмтэн Станлеу Виттинхам  (Stanley Whittingham) нар 2019 оны Химийн салбарын Нобелийн шагналыг авсан. Дэлхийн бусад улсад тухайлбал Япон улсад шинэ машин авахад түүнийг эвдрэх болон хэрэглээнээс гарахад дахин боловсруулалтад оруулах төлбөрийг төлдөг. Приус машины батарейг 8-10 жилийн хугацаанд ашиглах техникийн насжилттай  ба машины гүйлт 240.000 км хүрэх хүртэл солих шаардлагагүй гэж үздэг боловч энэ нь машины загвар, хэрэглээ, цаг уурын нөхцөл байдал зэргээс хамаарч өөрчлөгддөг. Приус машины батарей нэлээд хэмжээний никель, хөнгөн болон хүнд газрын ховор элемент, хуванцар болон электролитоос бүрддэг учраас “Тоёота” компани ашиглалтаас гарсан батарейг дахин боловсруулах хөтөлбөрийг 2010 оноос эхлүүлээд байна. Батарей нь маш нийлмэл бүтэцтэй, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулж байдаг учраас түүнд агуулагдах хэсэг тус бүрийг тус тусад нь тохирох зориулалтын газруудад хаях, боловсруулалтад оруулах ёстой байдаг.

Дан батарей ч биш өөр бусад ашиглагдахаа больсон аюултай, хортой бодис, хог хаягдлыг бусад ахуйн хог хаягдлаас ялгах, зохих ёсны бэлтгэсэн зориулалтын газар хаях, аюулгүй байдлыг хангасан тохирох үйлдвэрийн газруудад дахин боловсруулалтад оруулах ёстой гэдгийг хүн нэг бүрээс эхлээд аж ахуйн нэгж, хувийн болон төрийн байгууллагууд ухамсарлан ойлгож, нэгдэж ажиллах нь байгаль орчноо хамгаалахад оруулах том хувь нэмэр юм.


Бусад мэдээлэл