ШУА-ийн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс “Монголын
Ботаникийн сэтгүүл”-ийг өнөө жилээс дахин эрхлэн гаргалаа.
Өмнө нь “Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
бүтээл” нэртэйгээр 1976–2014 онд
хэвлэгдэж байгаад түр завсарлаад байсан юм.
“Монголын Ботаникийн
сэтгүүл” нь ургамал судлалын чиглэлийн мэргэжлийн сэтгүүл байх бөгөөд түүний
бүхий л салбаруудыг тухайлбал, ургамлын аймаг, ангилалзүй; ургамалжил ба
ургамал бүлгэмдлийн тархац, ангилаа, зураглал, өөрчлөгдөл, хөдлөлзүй, экологи;
ургамлын нөөц судлал; ургамлын интродукци; генофонд, ургамлын анатоми, экофизиологи;
ургамлын биотехнологи, биохими зэргийг хамрах юм.
Сэтгүүлийн энэхүү
дугаараас Монголын мөөгийн аймагт тэргүүлэх дээд мөөгийн овог, төрлүүдийн
байрзүйн дараалал тэдгээрийн тархах зүй тогтлын тухай болон Богдхан уулын
Манзуширын амны гол горхи, ус намгархаг газрын замгийн бүрэлдэхүүн, Монгол дахь
Хумилж (Alchemilla L.)-ийн мөн Шүхэртэн овгийн төрөл таних онцлог
шинж тэмдэг зэрэг судалгааны үр дүнтэй танилцах болно.
Түүнчлэн Говийн Их
Дархан Цаазат газрын “А” хэсэгт ховор амьтны идэш тэжээл, амьдрах орчны
тогтвортой байдлыг бүрдүүлэх, элсний нүүлтийг тогтоон барих, нүүрстөрөгчийн
шингээлтэнд өндөр ач холбогдолтой манай орны цөлийн экосистемийн үндсэн
эдификатор ургамлуудын нэг Цагаан модот загт бүлгэмдлийн тархац, биологийн
нөөцийг анхлан тогтоосон судалгаа болон Төв Хангайн хошууны ойн хүлэмжийн хийн
ялгарлын суурь түвшинг тогтоох, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн
ялгарлыг бууруулах арга хэмжээг үнэлэх ажилд ой-ургамалжлын эзлэхүүн, биомассыг
тооцоолох Сибирь гацуур (Picea
obovata Ldb.)-ын ойд ашиглахад
тохиромжтой аллометрийн тэгшитгэлийн загвар, тус бүс нутгийн залуу шинэсэн ойд
1979-2018 оны хооронд хийгдсэн 8 удаагийн арчилгааны сул, дунд, их, маш их
эрчимтэй гэсэн 4 хувилбараар гүйцэтгэсэн сийрэгжүүлэх огтлолтын ажиглалт
судалгааны үр дүнд нэг га дахь модны тоо, дундаж диаметр, өндөр, нөөц огт
хөндөгдөөгүй хяналтын ойтой харьцуулсан судалгааны үр дүнгээс нийтэлж байна.
Сүүлийн үед хотын ногоон байгууламж,
цэцэрлэгжүүлэлтэнд эмчилгээний болон гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой Хар
үрт чаргай (Cotoneaster
melanocarpa Lodd.)-г ашиглах болсонтой холбогдуулан түүний
физиологийн чадавхи, фотосинтезийн онцлогийг илрүүлэн, фотосинтезийн өдрийн
эрчмийн хөдлөлзүйн хамгийн дээд хэмжээнд нөлөөлөх орчны тохиромжтой хэмийг
тогтоосон судалгаа болон эмийн ургамал болох Их шүүдэргэнэ (Chelidonium majus L.)–ийг Ботаникийн цэцэрлэгийн сорил туршилтын
талбайд /ex situ орчинд/ үндэслэг иш, үрээр тарьж ургуулан, ургамлын үрийн
гарц, сэргэн ургалтын үеийн үзэгдэлзүй,
үржих чадварын харьцуулан судалсан дүнг энэ дугаартаа орууллаа.
Эрхэм уншигч та бүхэн сэтгүүлийн талаарх санал
болон хэвлэгдсэн өгүүлэлд өгөх санал, шүүмжээ доорх хаягаар ирүүлнэ үү.
И-мэйл: botany@mas.ac.mn,
mas.botany@gmail.com
Шуудангийн хаяг: 13330 Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны
өргөн чөлөө 54а, ШУА-ийн 1 дүгээр байр, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, 413 тоот