ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубээс
өнөөдөр “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах
боломж” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр манай эрдэмтэд
дулаан хуримтлуулах аккумулятор болон мөн цахилгаан дулааныг хадгалах блокон
зуух зохион бүтээснээ танилцуулсан юм. Дулааны аккумулятор нь шөнийн цагийн
хөнгөлөлттэй үед буюу тарифийг тэглэх оройн 21.00-ээс өглөөнийн 06.00 цагт
цахилгаан энергийг дулаан болгон хувирган хадгалж өдрийн цагаар гэр, сууцыг
бүрэн халаах хүчин чадалтай, эхний хувилбарыг гаргаад туршиж байна. Тэгвэл мөн
л шөнийн цахилгааныг хуримтлуулдаг цахилгаан дулааныг хадгалах блокон зуух
зохион бүтээсэн “Монватт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж, ”Өнөөдөр манай
блокон зуухыг нийслэлийн гэр хорооллын 300 гаруй айл ашиглаж бид 3-4 жил
туршсан учир одоо амьдралд өргөнөөр нэвтрүүлэх үүднээс танилцуулж байна” гэв.
Дотоодын эрдэмтдийн зохион
бүтээсэн төхөөрөмжүүдийг нийслэлийн гэр
хорооллын айл өрхүүдэд эхнээс нь ийнхүү нэвтрүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн
байдлаар шаардагдаж буй зүйл нь эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний чадлын
хэмжээг нэмэгдүүлэх явдал байгаа. Үүнд салбарын яамнаас сүүлийн жилд анхаарч
хүчин чадлыг дотоодынхоо боломжийн хэмжээнд нэмэгдүүлж байгаад урамшиж буйгаа
эрдэмтдийн төлөөлөл илэрхийлж байв.
Шинжлэх ухаан технологийн
дэвшлийн үр дүнд дулаан тусгаарлах шинэ материалуудыг хэдийнэ олон тоо, төрлөөр
үйлдвэрлэн гаргаж байна. Шинжлэх ухааны хэлээр “өгөгдсөн шинж чанар” гэгдэх
эдгээр материалыг ашиглан гэр, сууцны дулааны алдагдлыг бууруулах боломж их
байгааг эрдэмтэд тэмдэглэж байв. Наад зах нь халаалтын дулааны чадлыг багасгах
боломжтой болсон. Жишээ нь, гэрийн бүрээсэнд тохирсон материал гарсан. Үүнийг
ашиглахад гэрийн дулааны хүчин чадлыг 4 кВт-аас 2-2.5 кВт хүртэл бууруулж
байна. Гэрийн халаалтад зарцуулж буй дулааны энергийг 2 дахин, түүнээс илүү
хэмжээгээр багасгах боломж бүрдэж буйг онцолж байлаа. Хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг засгийн газарт хүргүүлэх
юм байна.