Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АВТО МАШИНЫ ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧАНАРТ АНХ УДАА СУДАЛГАА ХИЙЖЭЭ
АВТО МАШИНЫ ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧАНАРТ АНХ УДАА СУДАЛГАА ХИЙЖЭЭ

“Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш- үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар боллоо.

Энэ үеэр “Монгол улсын агаарын чанар, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”, “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний мэдээлэл цуглуулалт, анхан шатны үр дүн”, “Цэвэр, үр ашигтай түлш, автомашин  хэрэглэн хаядлыг бууруулах арга замууд”, “Агаарын бохирдол ихтэй үеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” зэрэг сэдвээр судлаач, эрдэмтэд илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлүүдийг нэгтгэж НҮБ болон Монгол улсын засгийн газарт танилцуулах юм байна.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн бөгөөд энэ талаар МАУА-ийн эрдэмтэн  нарийн бичгийн дарга Б.Бурмаажаваас тодруулахад “Эхний судалгааны үр дүнгээс үзэхэд агаарын бохирдол  хүн амын амьсгалын замын  өвчинд нөлөөлж байна. Тэр дотроо  уушигны хатгалгаа,  уушигны архаг бөглөрөлт гэдэг өвчин зонхилон нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн зүрх судасны өвчин тэр  дотроо тархины судасны эмгэгүүд их тохиолдож  байна” гэлээ.  

Агаарын бохирдлыг бүрдүүлдэг олон хүчин зүйлийн нэг нь шатахууны хэрэглээ бөгөөд манай улсын хувьд  евро 2 стандарт буюу хамгийн их бохирдолтой шатахуун хэрэглэдэг гэдэг судалгааг эрдэмтэд хийжээ. Авто машины шатахууны хэрэглээ, чанарт хийсэн энэхүү судалгаа нь  манай улсын хувьд  анхны тохиолдол гэнэ. Судлаачдын хэлж байгаагаар  Улаанбаатар хотын  өвлийн утааны нийт хувийн 15-20 хувийг цахилгаан станц, 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл, 5-10 хувийг бага оврын зуух, 50-70  хувийг гэр хорооллын яндан ялгаруулдаг байна. Зуны улиралд гэр хорооллын утаа зогсдог ч  автомашины  яндангаас гарч буй хар тугалаг, хүнд металийн  хорт хий жилийн 4 улиралд явагдаж байдгийг дээрх судалгаа харуулж байгаа юм.   

Автомашинаас ялгарч буй бохирдлын хэмжээ өндөр байгаа шалтгаан нь хуучин машины хэрэглээгээс гадна олон улсад хэрэглэгдэхээ больсон евро2 шатахууны хэрэглээтэй холбоотой гэнэ. Манай зах зээлийн 90 хувийг хангадаг  ОХУ хүртэл дотооддоо евро 4 стандартыг хэрэглэдэг. Гэтэл монгол улс  хамгийн их бохирдолтой буюу евро 2 гэсэн шатахууныг нь оруулж ирсээр л байна.  Евро 2  шатахуун нь 1 литрээс 2000мг  хүхэр ялгаруулдаг бол евро 4 нь 50 мг, евро 5 нь 10 мг хүхэр ялгаруулдаг гэдгийг  судлаачид онцоллоо.

Түүнчлэн автомашины утаа газрын түвшинд хаягдаж байгаа учраас намхан хүмүүс, хүүхдүүд илүү хордох магадлалтай. Мөн  автобусны буудал дээр зогсох бус сандал дээр сууж хүлээж байгаа хүмүүс илүү хорт утаагаар амьсгалдаг гэдгийг  ч хэлж байна.

 

 

 


Бусад мэдээлэл