Шинжлэх ухааны Академи, Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран “Хамтдаа бүтээх таны боломж” шинжлэх ухаан үйлдвэрлэл бизнесийн форумыг 5 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгууллаа.
Хурлыг нээж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг аймгийнхаа үйлдвэржилт, хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Үүний дараа ШУА-ийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх Технологийн инкубатор төвөөс боловсруулж буй туршилт, зүгшрүүлэлт хийгдсэн технологиудийг танилцууллаа.
Хурлын үеэр ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Оюунцэцэг “Эрдэсжилт ба хатуулагтай ундны усыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэх судалгааны ажлын танилцуулга” сэдвээр, Сайншанд аж үйлдвэр цогцолборын суурин төлөөлөгч Э.Пүрэв “Сайншанд цогцолборын төслийн суурь судалгааны ажлын явц”сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга П.Ганхуяг: “Бид аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран ажиллах, эрдэмтдийн бүтээсэн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар хөдөө орон нутагт үйлдвэрлэл явуулж ажлын байр бий болгоход хамтран ажиллахад бэлэн байна” хэмээгээд Аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл” байгуулж ажиллах санал тавилаа. Түүнчлэн Дорноговь аймаг 1000 ингэний ферм байгуулах зорилт тавин ажиллаж буй бөгөөд ингэний сүү боловсруулах тал дээр ШУА-тай хамтран ажиллах тухай санал солилцлоо. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төлөөлөгч Э.Пүрэв ШУА-ийн харъяа Эрдэс боловсруулалт, технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах, ялангуяа төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж байв.