Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ЧУУЛГАН ДЭЭР ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН  ЧУУЛГАН ДЭЭР ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ  Д.РЭГДЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ

2019.12.12

           

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид өө,

 

            Монголын залуу эрдэмтдийн холбооны 15 жилийн ойг тохиолдуулан, Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний ээлжит VI чуулганд шалгаран оролцож байгаа эрдэмтэн, судлаач Та нартаа  Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, эрдэм номын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Бас энэхүү Чуулга уулзалтын бэлтгэл, түүнтэй холбоотой олон ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Холбооны удирдлагад талархал илэрхийлье.

Одоогоос 20 шахам жилийн тэртээ ШУА-ийн санаачлагаар байгуулагдсан Монголын залуу судлаачдын холбоо өргөжин тэлсээр МЗЭХ болсноос хойш нэгэнт 15 жил улирсан байна. Миний бие танай холбоог анх байгуулагдсан цагаас нь өнөөг хүртэл талархан дэмжиж явдаг хүний нэг бөгөөд үйл ажиллагааны чиг үүргийнхээ хүрээнд олон жил найдвартай хамтрагчийн түвшинд ажиллаж ирсэндээ бас баяртай байдаг билээ.

Танай холбооноос тогтмол зохион байгуулж ирсэн залуу эрдэмтдийн чуулга уулзалт бүр тухайн цаг үеийнхээ онцлог болоод шаардлагад нийцсэн асуудлыг олж хэлэлцэн, шийдвэрээ гаргаж, биелэлтийг нь хангуулахын төлөө манай олон арван залуу судлаач нийтээрээ хамтран зүтгэн ажиллаж ирснийг онцлон тэмдэглээд,  өнөөгийн Чуулганд холбогдуулан цөөн үг хэлье.

1. VI чуулган нь Монгол Улсын ЕС-ын ивээл дор хийсэн МШУА-ы Анхдугаар их хурлын дараахан болж байна. Их хурал дээр манай төрийн 3 өндөрлөг Төрөөс ШУ-тайгаа харьцаж ирсэн хуучин хандлагыг өөрчлөх цаг болсныг нэгэн дуугаар зарлан тунхаглав. Одоо манай салбарынхан бүгдээрээ энэхүү өөрчлөлтийн зөв салхийг хөрсөн дээр бодит ажил болгохын төлөө хөгшин залуугийн ялгалгүйгээр нэг зүгт харж, цаг алдалгүй зүтгэх чухал шаардлага бий болжээ. Энэ бол та бидний зүгээс ажил үйлсдээ хандах хандлагаа өөрчлөх нэг боломж ч байж мэднэ гэж би ойлгож байна. Ингэж чадваас бид эх орныхоо ШУТ-ийн тогтолцоо болоод агуулгыг ОУ-ын жишигт ойртуулах нэг том алхам хийх болно. Үүнийг бидний өмнөөс, биднээс өөр хэн ч хийхгүй л болов уу даа гэж сүүлийн үед бодогдох боллоо.

2. “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа энэ удаагийн чуулганаар ОУ-ын ШУ-ы хөгжлийн чиг хандлагаас эхлээд Монгол Улсын ШУ-д суурилсан тогтвортой хөгжлийн бодлого, стратеги хүртэлх асар өргөн хүрээтэй, маш том асуудлуудыг хэлэлцэн, нэгэн зорилгын дор зангидахаар төлөвлөсөн нь манай залуу эрдэмтдийн мөрөөдөл тэмүүлэл, амбици өндөр байгааг илтгэнэ. Нөгөө талаас, хандлага өөрчлөгдөж байгаа энэ цаг дор та бүхэн маань үйл явц дахь өөрийн оролцоог шинээр тодорхойлж, цааш нь авч явах шийдмэг, тодорхой алхам хийхээр төлөвлөж байгаа гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

3. Даяаршин өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд хамгийн гүн гүнзгий, эргэлт буцалтгүй даяаршчихсан сегмент нь шинжлэх ухаан юм. Энэ даяаршил нь шинжлэх ухааны судлагдахуун болоод хүмүүний танин мэдэхүйн мөн чанартай амин холбоотойн учир аль ч улсын шинжлэх ухааны хөгжил, төлөвшлийг  дэлхийн жишигтэй харьцуулж ойлгохоос өөр сайн арга байдаггүй.  Энэ талаар миний бие 2011 онд Монголын залуу судлаачдын улсын IV дүгээр чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “.....хүн, байгаль, нийгмийг танин мэдэх томоос том ....зорилгыг шийдэх бүхий л ажил яван явсаар эд, эс, молекул, атом, эгэл хэсгүүдийн түвшинд очиж зангидагдах ... тул энэ нь... том шинжлэх ухааны судалгааны үндсэн объект, уулзах цэг  нь дэлхий даяар адилхан болчихоод байна гэсэн үг.  ...Монгол хэдийгээр хүн ам цөөтэй, жижиг улс боловч, Монголд том шинжлэх ухаан байх нөхцөлд л  шинжлэх ухаан жинхэнэ утгаараа оршин тогтнож, тогтвортой хөгжих боломжтой....тул бид шинжлэх ухааныг Монголын онцлогт тааруулах тухай гэнэн мөрөөдлөө орхиод, шинжлэх ухаанд  Монголын онцлогийг харгалзуулах зөв арга замын эрэлд хүчээ нэгтгэх цаг нэгэнт болчихсон гэж тэмдэглэжээ.

Дээр миний хэлсэн санаануудыг Монголын эрдэмтдийн залуу үеийг төлөөлж байгаа та бүхэн маань, ялангуяа салбар хуралдаануудын панелистүүд  IV чуулганаас гарах зөвлөмж, шийдвэртээ анхааран авч үзэх байх гэж найдаж байна.

Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага- ШУА-ийн хувьд шинэ мэдлэг, технологи бүтээхийн зэрэгцээ улс орныхоо хөгжлийн бодлогын шинжлэх ухааны суурийг сайжруулахын төлөө сүүлийн үед нилээд анхааран ажиллаж байна. 2018 онд бид их чуулганаараа “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал” илтгэл хэлэлцүүлж, одоо 7 хоногийн дараа болох Их чуулганаараа “Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг”-ийн асуудлыг авч хэлэлцэх гэж байна.

Та бүхэн энэ чуулганаараа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн бодлого болон Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлаар зөвлөмж гаргаж, хобогдох газруудад хүргэх юм байна. Эндээс та бидний бодлого, зорилго нэг чигт байгаа нь харагдаж байна. Би үүнд баярлаж байна.  Эх орныхоо хөгжилд     бодитой хувь нэмэр оруулах нь эрдэмтэн нэг бүрийн, ЭШБ нэг бүрийн үндсэн үүрэг билээ.

Ингээд шинжлэх ухаандаа бие сэтгэлээ зориулан хамтран зүтгэгч залуус та бүхэндээ Монгол Улсынхаа хөгжлийн хөдөлгүүр болж, эх орныхоо мандал бадралд жинтэй хувь нэмэр оруулахыг Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн хувиар уриалж байна.

Та бүхнийхээ эрдэм номын ажилд өндөр амжилт хүсч, номын цагаан буян ашид дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.

 

Чуулганы хуралдаанууд амжилттай өрнөж, гаргасан шийдвэр нь онч мэргэн байх болтугай.

 

Анхаарч сонссонд баярлалаа.

 

            

 


Бусад мэдээлэл