Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЧАДВАРЖУУЛЪЯ” ЭЭЛЖИТ СУРГАЛТАД 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГЫН 250 ГАРУЙ СУДЛААЧ ХАМРАГДЛАА
“БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЧАДВАРЖУУЛЪЯ” ЭЭЛЖИТ СУРГАЛТАД 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГЫН 250 ГАРУЙ СУДЛААЧ ХАМРАГДЛАА

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны Академи хамтран 5 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт 2 өдрийн сургалт-семинарыг 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Танан” төвийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус зорилтот сургалт нь жил бүр тодорхой чиглэлээр явагддаг бөгөөд энэ удаагийн сургалт “Springer Nature, Research4life” мэдээллийн сангуудыг ашиглуулах санаачилга, арга зүйн семинар, “Судалгааны үр дүнг мэдээлэх, хэвлүүлэх” сэдэвт мэргэшүүлэх сургалт чиглэлээр 2 өдөр үргэлжлилсэн юм.

Сургалтын нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУЯ-ны ШУБЗГ-ын дарга Ж.Даваасамбуу, МУИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан захирал Б.Болдгив нар оролцов. Сургалтыг нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Залуу судлаачид та бүхэн цаашид Монголын шинжлэх ухааны ачааг үүрэлцэх хүмүүс. Иймээс та бүхэн өөрийн хүрээний мэдээллийг хаанаас ч олж авах чадвартай, хийсэн ажлаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж чадвартай байх ёстой. Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ хүссэн цагтаа авах чадварыг эзэмших нь хамгийн чухал” хэмээв.

Сургалтад ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, тэдгээрийн холбогдох хүрээлэнгүүд, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын үндэсний музей зэрэг 40 орчим байгууллагын 250 гаруй эрдэмтэн судлаачид хамрагдсан байна.

Семинарын эхний өдөр Монголын номын сангуудын консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Springer nature”, “Research4life санаачилгын OARE, AGORA, HINARI, ARDI сангууд”-ын танилцуулгыг хийж, дээрх сангуудаас хэрхэн мэдээлэл олж авах талаар илтгэл тавив. Дараагийн өдөр академич Ж.Тэмүүжин “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх-Хөндлөнгийн шинжээчийн үзэл баримтлал” сэдвээр, академич Ц.Оюунсүрэн “Судлаачийн замнал” сэдвээр, МУИС-ийн ШУС-ийн профессор Д.Баярсайхан “Нийгэм, хүмүүнлэгийн салбараар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр, Монголын номын сангуудын консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Нээлттэй мэдээлэл: Дараагийн үе шат”, “Эрдэм шинжилгээний бүтээлд судлаачийн ёс зүй, Plagiarism- Оюуны өмчийн зөрчил”, “ШУА-ийн Мэдээ сэтгүүлд бүтээл хэвлүүлэх шаардлага, давуу тал” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.

Семинарын үеэр илтгэгчид сургалтад оролцогчдын сонирхсон асуултад тухай бүр хариулт өгч байсан бөгөөд сургалтын төгсгөлд оролцогчдын зүгээс хэд хэдэн саналыг ирүүлсэн юм. Тухайлбал дараа дараагийн сургалт, семинарыг салбар бүрээр ангилан зохион байгуулах, сургалтыг жилд нэг бус хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх, түүнчлэн зөвхөн судлаачдад биш оюутан залууст хандсан сургалт зохион байгуулах талаар санал ирүүлж байв.

Оролцогчдын зүгээс энэ удаагийн сургалт семинарыг залуу судлаачдад маш хэрэгтэй, үр дүнтэй сургалт болсон хэмээн талархан хүлээн авч байсан юм. Тухайлбал ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн  хүрээлэнд судлаачаар гурав дахь жилдээ ажиллаж буй С.Пагмадулам анх удаа “Боловсон хүчнээ чадваржуулъя” сургалтад хамрагдаж байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ “Залуу судлаачид судалгааны үр дүнгээрээ өгүүлэл бичиж, түүнийгээ хэрхэн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхээ сайн мэддэггүй. Харин тус сургалтад хамрагдсанаар өөрсдийн бичсэн өгүүллээ хэрхэн хэвлүүлэх талаар маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо” гэв.

“Боловсон хүчнээ чадваржуулъя” ээлжит сургалтыг МҮОНТелевиз, Эх орон, NTV, Парламент суваг, UBS, VTV, Стар зэрэг телевизүүд, МҮОНРадио, Монцамэ агентлаг, www.news.mn, www.gogo.mn, www.eagle.mn, www.mminfo.mn, www.mglradio.com, www.olloo.mn, www.info.mn, www.zaluu.com, www.lag.mn, www.khunnu.mn, www.ikon.mn, www.mnb.mn, www.shuud.mn, www.mass.mn, www.vip76.mn  зэрэг 20 гаруй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурвалжилж ажиллав. Түүнчлэн ШУА-ийн албан ёсны вэбсайт /www.mas.ac.mn/, академийн твиттер, фэйсбүүк хуудсуудаар дамжуулан олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэв. 

БСШУЯ, ШУА-ийн хамтын санаачилгаар “Springer Nature”-тай 2016-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж,  11 салбарын 1821 эрдэм шинжилгээний сэтгүүл болон 580 орчим нээлттэй сэтгүүлүүдийг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд ашиглах боломжтой болсон билээ. “Springer Nature” нь дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээ, боловсрол салбарт хүлээн зөвшөөрөгдсөн чанартай төрөл бүрийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй итгэмжлэгдсэн брэнд бүхий асар том мэдээлэлтэй мэргэжлийн хэвлэлийн газар юм.

Түүнчлэн БСШУЯ-ны санхүүжилтээр 2016-2017 онуудад 2 жилийн хугацаатайгаар хөгжиж буй орнуудад зориулсан Research4life олон улсын санаачилгын HINARI, AGORA, OARE болон ARDI хөтөлбөрүүдээр дамжуулан 185 хэвлэн нийтлэгчдийн 69,000 гаруй судалгааны материалуудыг ашиглах боломжийг дээрх сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад давхар бүрдүүлэн өгч байгаа юм.


 


 



Бусад мэдээлэл