Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монгол улс дахь угсаатан судлалын шинжлэх ухаан: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Угсаатан судлалын салбар бие даан байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол улсад угсаатан судлалын шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 60 гаруй жилийн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилгоор тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Эрдэм шинжилгээний хурлаар үндсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үүнд монголчуудын угсаа гарвал, монгол угсаатны түүх, угсаатны бүлгийн судалгаа, монголчуудын уламжлалт аж ахуй, эдийн болон оюуны соёлын судалгаа, монгол угсаатны орчин үеийн нийгэм-соёлын үйл явцын судалгаа, монгол угсаатны биет бус соёлын өвийн судалгаа, тулгамдсан асуудлууд зэрэг багтсан байна.
Хурлын төгсгөлд “Олон улсын монгол судлаач эрдэмтдийн хамтарсан тус хурал нь монгол улс дахь угсаатан судлалын шинжлэх ухааны үүсэл, хөгжил, монгол угсаатны угсаа гарвал, ахуй, соёл, орчин үеийн угсаатны нийгэм-соёлын судалгаа, түүний цаашдын чиг хандлагыг тодруулахад чухал ач холбогдолтой хурал боллоо” хэмээн хуралд оролцогчид дүгнэж байв.
Монгол улсад угсаатан судлалын шинжлэх ухааны анхны мэргэжилтэнг 1950-иад оны сүүл үеэс бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1961 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн байгуулагдахад ууган салбаруудын нэг нь Археологи-Этнографийн салбар өргөжин, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Угсаатны зүйн сектор байгуулагдаж байв. Мэргэжлийн судлаач, эрдэмтдээс бүрдсэн судалгааны шинэ салбар үүсэн байгуулагдсан нь Монгол улсад угсаатан судлалын шинжлэх ухааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм