ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн профессор Э.Равдан “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” бүтээлийг хэвлүүлжээ. МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Нэр судлалын төвийн судалгааны хүрээнд цөөнгүй улс орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог болсон “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” номын нээлт 4 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо
Уг бүтээлд орсон өгүүллүүд нь Монгол их гүрнийхээ хувь зохиолыг даган наад зах нь Нийтийн тооллын 300-аад оны үеэс дэлхийн олон улс оронд цацагдан тэнд идээшсэн монгол газар нутгийн нэрийг “Танай юм шүү” гэж тогтоож өгсөн харь улсын эрдэмтдийн судалгааны нээлтүүд юм. Монгол газар нутгийн нэр нь эргэлзээ бүхий эд өлгийн зүйлээс хэдэнтээ илүү Монголын түүх-соёлын маргашгүй, мартагдашгүй өв сурвалж, баримт мөнөөс мөн болохыг олон улсын эрдэмтэд тийнхүү үзэж нотолжээ. Нэр дагаж бидний өвөг дээдсийн түүхэн тодорхой үйл, зан заншил, ёс суртахуун зэрэг нь Өрнө, Дорнын олон улсад хэрхэн, хаана, яаж өрнөснийг аль нэг байдлаар дээрх өгүүлэл бүр бэлхнээ өгүүлсэн байна.
Товхимолд манай судлаачдаас Э.Равдан “Монголын эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэрийн тойм”-ыг гутгаар дэвтэрт хэвлэгдсэнээ өргөтгөн оруулжээ. Түүнчлэн МГНН-ийн анхны чухал бүтээлийг туурвисан ахмад эрдэмтэн Я.Цэвэл абугайн 1940-өөд онд Х.Чойбалсан гуайн тушаалаар манай улсын урд, хойд хөрштэй хилийн асуудлыг зохицуулах ажлын хэсэгт оролцож бүтээсэн “Монгол газар нутгийн ойллого бичиг” нэгэн ёсны тайланг зохиогчийн эхээр нь “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” /УБ., 2013/ гутгаар дэвтэрт хэвлэснээ энд дахин хэвлэсэн байна. Тийнхүү цохон тэмдэглэхийн учир нь бид бүгдийн мэдэх улс төрийн учир шалтгаанаас улбаалан эл чухал бүтээл 70 гаруй жил нийтийн хүртээл бололгүй өдгөөг хүрчээ. Гадаадын эрдэмтдээс энэхүү товхимолд шинээр Бээжингийн их сургуулийн профессор Яа Кечин, Японы Осакагийн их сургуулийн профессор М.Хашимото, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын ӨЗО-ны судлаач эрдэмтэн До.Мөнх, Батжаргал нарын зэрэг бүтээлийг оруулсан байна.