Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИ,ИННОВАЦИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИ,ИННОВАЦИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр” өнөөдөр тохиож байна. 2019 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь дэлхийн шинжлэх ухааны өдрийг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ” уриатай тэмдэглэсэн бол Монгол Улс Шинжлэх ухааны ажилтны өдрөө энэ жил “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН НИЙГЭМД ТУСТАЙ ЗАСАГЛАЛ”  уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын нэгдсэн арга хэмжээнд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын ажилтан, үе үеийн эрдэмтэн судлаачдад хандан мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэснийг дэд сайд Г.Ганбаяр уламжиллаа.

Тэрээр мэндчилгээндээ “2019 онд Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргалаа. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Хандлагаа  өөрчилье” уриан дор зохион байгуулж, цаашдын хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо түүхэн онцлог жил боллоо” хэмээн онцоллоо.

Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Улс орондоо мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгуур үндсийг бүрдүүлж, эх орноо шинжлэх ухаан, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд суурилсан хөгжлөөр замнахад нь түүчээлэх их үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаач нэг бүр идэвхийлэн оролцох журамт үүрэгтэй" гэдгийг онцлоод "Хийсэн бүтээсэн маань бага биш ч хийж бүтээх ажил асар их байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Шинэ амжилтын төлөө шинэ хандлагаар хамтдаа зүтгэцгээе." гэсэн юм. 

Баярын арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны 2019 оны шилдэг инновацийн дөрвөн номинаци, салбарын хэмжээний шилдэг 9 бүтээл, “Их эрдэмтний нэрэмжит” шагналын эзэд тодорч шагналыг Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат нар гардууллаа.

2019 онд зохион байгуулагдсан шинжлэх  ухаан, технологи, инновацийн нийт дөрвөн үзэсгэлэнд давхардсан тоогоор 73 байгууллагын 552 орчим бүтээгдэхүүн оролцжээ. Үүнээс нийтдээ долоон байгуулагын 16 бүтээл шилдэг инноваци номинацид нэр дэвших эрхээ авснаас шилдгийн шилдэг дөрөв тодорч, шагналаа гардан авлаа.

Тухайлбал, “Шилдгийн шилдэг инноваци” номинацид Мал эмнэлгийн хүрээлэн, “Монос” косметик ХХК, “Гарааны Дижитал Солюшнс” ХХК нар өрсөлдсөнөөс “Гарааны Дижитал Солюшнс компани” “Виртуал симуляторын цогц системийн удирдлагын дэлгэц” бүтээлээрээ ялагч болжээ.

  • “Шилдэг инновацийн технологи” номинацид “Малын арьс ширнээс гарган авсан коллагений гидролизат” бүтээлээрээ ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн,
  • “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”  номинацид “Акритракт” бэлдмэлээрээ “Гарааны рецептор” ХХК,
  • “Шилдэг инновацийн үйлчилгээ” номинацид “Монголын анхны хүүхдийн “Марчаахай” OTT үйлчилгээ бүхий онлайн систем”-ээрээ Марчаахай ХХК тус тус тодорчээ.
  • Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Шилдэг бүтээл” шагналын эзнээр “Монголын эртний нийслэл Хархорум” бүтээлээрээ МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн доктор, профессор  У.Эрдэнэбат тодорч, удаахь байранд “Монголын эзэнт гүрний түүх” 5 боть номоороо МУИС-ын доктор н.Дэлгэржаргалаар ахлуулсан баг хамт олон шалгарчээ. "Шилдэг бүтээл" шагналын дэд байрт "Сарьдгийн хийд" бүтээлээрээ  ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, Академич С.Чулуунаар ахлуулсан баг хамт олон  шалгарсан юм.  












Мөн их эрдэмтдээ алдаршуулах зорилгоор “Их эрдэмтдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд академич Ц.Дамдинсүрэнгийн шагналаар ОХУ-ын ШУА-ийн Гар, бичмэлийн хүрээлэнгийн Монгол судлалын төвийн эрхлэгч доктор, профессор Ирина Владимировна Кульганик шалгарлаа. 

Харин шинжлэх ухааны салбарт шинэ салбар ухааныг хөгжүүлэх, менежментийг боловсруулахад онцгой гавъяа байгуулсан нэгэнд олгодог академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Хишигт тодорсон юм. 

 


Бусад мэдээлэл