Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШИНЖЛЭХ УХААН-БҮХ НИЙТИЙН ОЙЛГОЛЦОЛ” НЭГДМЭЛ УРИАН ДОР ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
“ШИНЖЛЭХ УХААН-БҮХ НИЙТИЙН ОЙЛГОЛЦОЛ” НЭГДМЭЛ УРИАН ДОР ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Эдүгээ  дэлхий дахинд мэдлэгийн нийгмийн давуу тал түүнд шинжлэх ухаан, технологийн гүйцэтгэх үүрэг роль, ач холбогдлыг дэлхийн улс орнуудын түвшинд нийт иргэд, багш, оюутан, сурагчид, төрийн болон  төрийн бүх байгууллагын ажиллагчид, бизнес эрхлэгчдэд сурталчилж ойлгуулах, нийгмийн бүхий л хөгжлийн  үйл  хэрэгт тэдгээрийн оролцоо, дэмжлэгийг өргөжүүлэх зорилтыг тавьж байна.  

Энэхүү чухал зорилтыг дэлхий дахинд олон нийтийн оролцоотой шийдвэрлэх  нөхцөл, боломжийг 2001 онд Францийн Парис хотноо болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын  32 дугаар ерөнхий бага хурлаар анх удаа Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 10-нд  дэлхийн улс орнуудад нэгдмэл байдлаар тэмдэглэж байх түүхэн шийдвэрийг гаргасан билээ.

Түүнээс хойш дэлхийн улс орнууд  жил бүр тодорхой уриан дор тухайлбал 2015 онд  “Шинжлэх ухаан- Тогтвортой хөгжлийн ирээдүй”, 2016 онд “Шинжлэх ухаан -Энх тайван-Хөгжил” зэрэг уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна.  

Манай улсад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Боловсрол,соёл,шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс анх удаа хамтран “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” гэсэн нэгдмэл уриан дор  тэмдэглэн өнгөрүүлнэ.  

Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл арга хэмжээний хүрээнд ШУА-иас   “Эрдмийн аян-2017”,  Түүх, археолгийн хүрээлэнгээс Манзушир хутагт С. Цэрэндорж:  Амьдрал өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Газар зүй, Гео-экологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын ЭШ-ний бага хурал, Японы Тохокугийн Их сургууль, МУИС-ийн  судлаачидтай ”Сансарын бичил хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн тухай ярилцлага зэргийг тус тус зохион байгууллаа.

“Дэлхийн шинжлэх ухаан өдөр” нь зөвхөн нэг өдрийн нэг удаагийн компанит ажил бус, харин шинжлэх ухаан, технологийн тухайн жилд олсон ололт амжилтыг бүх нийтэд сурталчлан түгээх,  бодит баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, болгох, нийгмийн, тодорхой салбар, байгуулага, хамт олон, бие хүний хөгжил, дэвшлийг дэмжих хэрэгслэл, хөдөлгүүр, хурдасгуур болгоход ашиглахад чиглэгдэж байна.

Энэхүү өдөр цаашид шинжлэх ухаан, боловсрол-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын оюун ухаан,түншлэлийг шинэ шатанд гаргах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, нийтийн анхаарал, оролцоог өргөжүүлэх талаарх санал, зөвлөмжийг дэвшүүлдэг бүтээлч  өдөр болгох зорилтыг дэвшүүлж байна.    

Шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийг бий болгох шинэ залуу үе, хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт чин сэтгэл зүрхнээсээ  зорилготой оролцдог болгон төлөвшүүлэх, чадварлаг судлаачдыг ерөнхий боловсролын сургуулийн шатнаас эрэмбэ дараатай сонгон шалгаруулж чиг зорилготой бэлтгэх арга хэмжээг энэхүү дэлхийн шинжлэх ухааны өдөр  бүх нийтээрээ нийгмийн салбар, түвшин бүрт ажил хэрэгчээр зохион байгуулах нь  нэн чухал ач холбогдолтой.

Мөн дэлхийн тив, өнцөг булан бүрт  гарч буй шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэлэг алхмуудын мэдээлллийг  шинжлэх ухааны мэргэжлийн байгууллага, салбарын яам, газар, байгууллага, төр, олон нийтийн бүх түвшний байгуулага дор бүрнээ өөр өөрсдийн чиглэлээр энэхүү дэлхийн шинжлэх ухааны өдрийг зохион байгуулж хэвших нь цаашдын аливаа хөгжлийн хувь заяанд маш их эерэг үр дүнг авчрах учиртай. 

Энэхүү “Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” сэдэвт“ Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийн үйл ажиллагааны нээлт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт ШУА-ийн Газарзүй,Гео-экологийн хүрээлэнд /Tеди төвийн урд байрлах/ болно.

Тус өдөр Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээ болж, уг хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явц, үр дүн, цаашдын хандлагын тухай үзэсгэлэн, танилцуулга, уулзалт, ярилцлага болохын сацуу оюутан, сурагчдад зориулан мэргэжил сурталчлах, зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэхүү “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” –ийн үйл ажиллагаанд Та бүхнийг өргөнөөр, идэвхитэй оролцохыг урьж бана.

Жич: Сонирхсон асуултаа дараах хаягнаас асууж, лавлаж болно. Үүнд:

Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс.

Утас: 265163       Емайл: icd.mas.ac.mn@gmail.com


Бусад мэдээлэл