Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“1932 оны зэвсэгт бослогын судалгаа” эрдэм шинжилгээний хурал боллоо
“1932 оны зэвсэгт бослогын судалгаа” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол оронд 1932 онд лам нарын бослого гарсны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Талын язгууртан” сангаас “1932 оны зэвсэгт бослогын судалгаа” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022.11.14/ “Чингис хаан”-ы музейд зохион байгуулллаа. Хурлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндоржоос тодруулав.

Тэрбээр, “1932 оны энэ үйл явдал нь ХХ зууны Монголын түүхэнд тохиосон, эмгэнэлтэй бөгөөд маш олон асуудлыг агуулсан түүхийн тусдаа сэдэв юм. Энэ чиглэлийн судалгаа 1990-ээд оноос өмнө үзэл сурталжсан  байдлаас гарч чадалгүй, ганц өнцөгөөс тайлбарлаж ирсэн” гэдгийг тэмдэглэн хэлэв. 

Мөн 1990-ээд оноос хойш харьцангуй олон ургальч үүднээс асуудлыг тайлбарлах, шинээр тодруулах ажлыг манай орны болон гадаадын эрдэмтэн судлаач нар хийж ирснийг тодотгоод энд одоо хүртэл шийдэгдээгүй, нарийн зүйл үлдсэн, хөндөгдөөгүй сэдэв их бий. Нэг ёсондоо энэ сэдвийн талаар эрдэмтэн, судлаач нар нэгдсэн нэг шийдэл хүрч амжаагүй байгаа. Тиймээс 90 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэн, судлаачдын анхаарлыг энэ асуудалд хандуулан татах, энэ чиглэлийн судалгааг гүнзгийрүүлж, идэвхжүүлэх зорилгоор хурлыг зохион байгуулж байна" гэлээ. 

90 жилийн ойн хүрээнд өнөөдрийн хурлаас гадна дээрх сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарлан зохион байгуулж шалгаруулж байгаа юм.  Мөн энэ үйл ажиллагааг “Талын язгууртан” сан ТББ дэмжин ажиллаж шинжлэх ухааны судлалын ажилд 20 гаруй сая төгрөгийн сан бүрдүүлжээ. 

Өнөөдрийн хурлаар тавьсан илтгэлүүдийн онцлогийг дурдвал, Японд улсад хадгалагдаж буй, 1932 оны үйл явдалтай холбоотой баримтуудыг Токиогийн Гадаад судлалын их сургуулийн доктор Аоки Масахиро “Японы баримт бичиг дэх Монголын бослогын мэдээ” илтгэлдээ дэлгэв. 

Энэ үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор Н.Хишигт “ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны архивуудын баримт бичиг дэх Монгол” эмхэтгэлд багтсан Монголын шашин, лам нарын байдал, Засгийн газрын эсрэг бодол санаа, эсэргүү хөдөлгөөний талаарх баримтын тойм судалгааг танилцуулсан юм.

Мөн 1932 оны үйл явдлыг том зургаар, цогцоор нь авч үзэн юу гэж үнэлж дүгнэх талаар хөндсөн илтгэлийг доктор Д.Хоролдамба, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын ажилтан, доктор Б.Эрдэнэбилэг нар тавьсан юм. Түүнчлэн энэхүү үйл явдал нь ардын бослого байсан уу, эсвэл эсэргүү хөдөлгөөн, үймээн самуун уу, иргэний дайн гэх үү гэсэн тусгайлан хэрхэн томёолох талаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн эсэргүү хөдөлгөөн, бослогод оролцож байсан хүмүүсийн намтар судлалын асуудал гэсэн олон талт сэдвийг хөндсөн, урд өмнө хөндөгдөж байгаагүй сэдвийг гарган асуудлыг шинэ өнцөгөөс судалгааны баримтыг эргэлтэд оруулж буйг оролцогч нар онцоллоо. 

Түүхийн эх сурвалжаар лам нарын эсэргүү бослого гэгдэх Монголын эмгэнэлт хэрэг явдлын үеэр босогчид болон төр, засгийн талаас нийтдээ 5-6 мянган хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол үзүүлжээ. Эсэргүү лам нарын бослого нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдээс огт өөр үйл явдал  бөгөөд  энэхүү хэрэг явдал нь их хэлмэгдүүлэлтийн жилүүдийн эхлэл байсныг зарим судлаач дурдсан юм. 


Бусад мэдээлэл