Монгол улсын Шинжлэх ухааны Академи, “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /ОНӨТҮГ/ 11 дүгээр сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Монгол наадам цогцолбор” бол Монголын эрийн гурван наадам зохион байгуулах дурсгалт цогцолбор болон хөгжихийн зэрэгцээ Монголын соёл уламжлалын өвийг харуулсан бүтээн байгуулалт хийнэ гэж харж байгаа. Тухайлбал, монгол угсаатны музей байгуулах, монголын археологийн дурсгал, монгол хүний эдэлж хэрэглэж явсан хэрэглэгдэхүүнийг монголчууд төдийгүй гадаадын жуулчдад танилцуулах том цогцолбор болно гэж харж байна. Ингэж хөгжүүлэхэд монголчуудын өв соёл, заншлыг судалдаг шинжлэх ухааны байгууллага их үүрэг гүйцэтгэн8 хамтарч ажиллан томоохон амжилтад хүрнэ. Санамж бичгийн дагуу бидний цаашдын харилцаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.
Харин “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, “Монгол наадам нь үндэсний хэв шинжийг шингээсэн, монгол хүнийг илэрхийлсэн, спорт, соёл урлагийн нэгдмэл илэрхийлэл. Тиймээс монгол наадмыг агуулга, хэлбэрийг хувьд хөгжүүлэхэд ШУА-тай хамтран ажиллах зүй ёсны шаардлагатай. Мөн Хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдыг оролцуулах, тэдний санаа бодлыг тусгах ажлыг зохион байгуулна. Хүй долоон худагт Монголчууд наадам үндэсний баяраа тэмдэглэж ирсэн, олон жилийн түүхтэй, дэлгэр сайхан нутаг. Энэ жилээс Хүй долоон худагт цанын бааз байгуулах ажил эхлүүлнэ. Ирэх жил морин поло, морь уналга, морин аялал, нум сум харвааны сургалтын төв байгуулна. Хүй долоон худагт монголчууд жилд 3 удаа очиж наадам үздэг төдий биш энэ дэнждээ жилийн 4 улиралд амарч зугаалдаг, үйлчлүүлдэг, спорт, урлагийн үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг газар болгохын төлөө ажиллана. Энэ бүхэнд ШУА, эрдэмтэн судлаачид бүхий л талаар зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Санамж бичиг байгуулснаар шинжлэх ухааны байгууллага, төрийн өмчийн байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол үндэстний баяр наадам, нүүдэлчин ард түмнийхээ түүх соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашид хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган хоёр талаас хэрэгжүүлэх юм.