МУИС-ийн Философийн тэнхимээс санаачлан 2009 оноос эхлэн их, дээд сургуулийн мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд философийн олимпиад зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил уг олимпиадыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Монголын философийн холбооноос хамтран “Философи, хүний эрхийн уулзварт” сэдвийн хүрээнд 5 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадын үйл ажиллагааг нээж ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г.Чулуунбаатар үг хэлэв.
Олимпиадад их, дээд сургуулийн 11 баг оролцож, “философийн эх зохиол”, “тохиолдол судлал”-ын шинжилгээ хийн хоорондоо мэтгэлцэж өрсөлдлөө. Олимпиадад МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын салбарын “Unite of Science” баг тэргүүн байр, ЭМШУИС-ийн багш Ц.Нямсүрэнгийн удирдсан “Их үйлсийн эзэд” баг дэд байр эзлэв. Зохион байгуулагчдын зүгээс тэргүүн байр эзэлсэн багт олимпиадын цом, мөнгөн шагналыг гардуулав. Мөн МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн “Параллель” баг мэргэн санаа дэвшүүлэгч, МУИС-ийн ШУС-ийн “Гүн” багийн оюутан П.Сувданчимэг шилдэг илтгэгчээр тус тус шалгарсан юм.