Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮД ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ БАЙНА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮД ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ БАЙНА

"Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд, сэтгүүл хэвлэн нийтлэх шаардлага стандарт" уулзалт хэлэлцүүлгийг БСШУСЯ, Шинжлэх ухааны академи хамтран  өнөөдөр зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн эхэнд MongoliaJOL-ын менежер, Монголын Номын Сангуудын Консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга Mонголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформ (MongoliaJOL)-ын талаар танилцуулга хийж, “Сэтгүүл хэвлэн нийтлэх шаардлага, стандарт” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн “Монголын Химийн Сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд”, “Монголын Биологийн Шинжлэх ухааны Сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд”, “Төв Азийн Анагаахын Шинжлэх ухааны сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд” сэдвээр  академич Ж. Тэмүүжин,   доктор(Sc.D), профессор  Б.Баяртогтох,  доктор(M.D.), профессор С.Мөнхбаярлах, нар тус тус илтгэл тавилаа.  

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаж олон улсад эрдэм шинжилгээний сэтгүүл цахим хэлбэрээр олон нийтэд хүрдэг болсон энэм үед  тус чиглэлийн сэтгүүлийн чанар, стандартыг хэрхэн сайжруулах талаар оролцогчид санал бодлоо хуваалцаж, бусад улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн туршлагаас иш татаж ярилцав. 

Хэвлэмэлээр хэвлэдэг сэтгүүлийг цахим руу шилжүүлснээр хэвлэлт болон түгээлтийн зардлыг хэмнэхээс гадна олон нийтэд илүү хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ сэтгүүлийн чанар, стандартыг сайжруулахад өгүүлэл, бүтээлийн чанар олон улсын жишигт нийцсэн байх ёстой гэдэгт байр суурь нэг байлаа.

 

ШУА-ийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн доктор Б.Авид, "Академийн санаачилгаар сүүлийн зургаан жилд Номын сангуудын консорциумтай хамтран олон улсын INASP байгууллагын дэмжлэгтэй монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформыг хөгжүүлж байна. Тус платформд одоогоор ШУА, Химийн хүрээлэн, Олон улсын хүрээлэнгийн хоёр, ХАА-н нэг сэтгүүл цахимаар цацагддаг. Онлайнаар цацахад сардаа 10-20 мянган хүн үзэж сонирхдог.  Иймээс цаашдаа илүү олон сэтгүүлийг цахим хэлбэр рүү шилжүүлэх зорилготой ажиллаж байна" хэмээн ярьсан юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад 150 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл байгаагаас 11 нь цахим хэлбэрт шилжээд байна.  


Бусад мэдээлэл