Монгол Улс, БНЭУ-ын хооронд
дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын ЭСЯ-ны санаачлагаар
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн номын санд “Энэтхэг номын булан”
нээх ёслол өчигдөр боллоо. Энэ үеэр доктор О.Нямдаваагийн “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ
холбоо” бүтээл, Энэтхэгээс олдсон
XIII-XIV зууны Монгол хаадын миниатур зургийн үзэсгэлэнгийн нээлтийг мөн зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр БНЭУ-аас
Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Дэлхий даяарх цар
тахлын голомтыг өөрийн улсдаа барьж чадсан цөөхөн улс буюу 9 улсын нэг нь
Монгол Улс юм. Энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны түүхт 65 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд
“Энэтхэг номын булан” нээж Энэтхэгийн түүх соёл, олон улсын харилцаатай
холбоотой эдгээр номнуудыг бэлэглэж байна. Залуу үеийнхэн уншиж танилцаарай”
хэмээгээд Монголын эрдэмтэн судлаачидтай цаашид байнга хамтран ажиллахдаа
нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Их хурлын
гишүүн бөгөөд Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг “Миний бие биеэр Монгол-Энэтхэгийн
Парламентын бүлгийн даргыг хашиж байгаа бөгөөд цаашид бүхий л хүчин чадал нөөц
бололцоогоо хоёр улсын хамтын ажиллагааны өргөн салбарт идэвх санаачлагатай
ажиллахаа илэрхийлж дипломатч, доктор О.Нямдаваагийн Энэтхэг судлалд оруулж буй
нөр их хувь нэмрийг онцолж талархлаа илэрхийлэв”.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо “Дипломатч, доктор О.Нямдаваа гуай Монголын түүхийн талаар урьд өмнө дуулдаагүй, судлагдаагүй зүйлийг гарган тавихыг хичээдэг эрдэмтэн судлаач, дипломатчийн нэг. Та бүхий гарт өргөн барьж буй “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” номонд Хүннү (Хүн)-Энэтхэгийн харилцааг Энэтхэгийн түүх, чулуун бичиг, сүмийн барилгын хананд хэрхэн тэмдэглэсэн, Их Монгол улс, Делийн Султанат байлдааныг болон Могулын эзэнт улсын байгуулсан архитектор, соёл урлаг, зоосыг судлан тавьсны зэрэгцээ Энэтхэгт перс хэлээр үлдсэн “Судрын чуулган” номын Монгол хаадын XIII-XV зууны үеийн зурсан миниатур зурагт хийсэн тайлбартай энэхүү ном Монголын түүх, гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй” хэмээгээд манай хүрээлэнгийн дэргэдэх Энэтхэг судлалын төвийн тэргүүн О.Нямдаваагийн эрдэм судлалын ажил амжилт хүслээ.
Доктор, профессор О.Нямдаваагийн “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” номонд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан оролцоо, хувь нэмэр, нөлөөлөл зэргийг олон орны түүхчид судлан тэмдэглэжээ. Доктор, профессор О.Нямдаваа нь олон улсын харилцаанаас соёл, түүхийн асуудлуудыг олж харж судалгаанд холбогдох газар орон, номын сан, музей, судалгааны байгууллагад очиж хувь хүмүүстэй уулзан, тэмдэглэл хөтлөж өргөн хүрээнд олон жилийн турш тууштай судалгаа хийж уг бүтээлээ туурвисан байна.
Тэрээр бүтээлдээ:
Нэг. Энэтхэгийн түүхийн
хүрээлэнгийн Зөвлөлт, эртний самгарьд, перс хэлээр бичсэн гар бичмэлүүдээс
англи хэл рүү орчуулсан зүйлүүд, Хүннү нарын талаар Энэтхэгт тэмдэглдсэн 1148
оны түүхэн баримт зэргийг судлан Монгол, Энэтхэгийн эртний улс төрийн
харилцааны түүхийг тодруулан гаргасан байна.
Хоёр. Монголын эзэнт гүрний
үед Монголын их хаадын зүгээс Энэтхэгтэй харилцсан байдал, Энэтхэгийн улс
төрийн түүхэнд нөлөөлсөн нөлөөллийн талаар авч үзжээ. Чингэхдээ Монголын
Цагадайн улсад улс төрийн голлох нөлөөтэй явж ирсэн Барулас овог, удмынханы
түүхийг “Судрын чуулган”, “Бабур наме” зэрэг сурвалжийн мэдээ, баримтанд
тулгуурлан гаргажээ.
Гурав. Энэтхэгт 1774 онд
байгуулагсдан Рампур Раза номын санд бүрэн эхээрээ хадгалагдаж буй “Судрын
чуулган”-ы Энэтхэгийн хувилбар дахь Монгол хаадын миниатюр зургуудыг тайлбарлан
оруулсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ. Монгол хаадын дүр, дүрслэл бүхий
миниатюр зургууд Герман, Турк, Узбекистан, Иран зэрэг орнуудад хадгалагдаж
байгаатай дээрх зургуудыг харьцуулах, судлан үзэх боломжыг олгосон ажээ.
Эрдэмтэн О.Нямдаваа абугай
судалгааны эл бүтээлээрээ залуу судлаач нарт хоёр улсын харилцааны улс төр,
соёл, оюун санааны түүхийг хэрхэн тууштай судлаж, өргөжүүлж болохыг үлгэрлэн
харуулсан төдийгүй Монгол улсад Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийг судалгааг
урагш ахиулсан бүтээл болж чаджээ.