Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Баян-өлгий аймагт “Угсаатны бүлгүүдийн соёлын ижилсэл ба орон нутгийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Баян-өлгий аймагт “Угсаатны бүлгүүдийн соёлын ижилсэл ба орон нутгийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг  зохион байгуулав

Монголын нийгмийн амьдрал бүхэлдээ шинэчлэгдэж, 2020 онд монгол хүн, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан хэмээх эрхэмлэх үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэхийг уриалан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан билээ. Эдгээрийг угсаатны бүлгүүдийн үнэлэмжийн хүрээнд тодруулан судлах асуудал чухал юм. Иймд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас “Монгол Улсын баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн соёл-экологийн судалгаа” суурь судалгааны төслийг хэрэгжүүлж байна.

 Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан Баян-Өлгий аймаг дахь салбараас “Угсаатны бүлгүүдийн соёлын ижилсэл ба орон нутгийн хөгжил” сэдвээр 11-р сарын 24-ний өдөр Өлгий хотод чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулав. Баян-Өлгий аймгийн хөгжлийн төлөө сан, “Дагшин Алтай” ТББ, аймгийн ЕБ-ын 2-р дунд сургуультай хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийг Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор /Ph.D/ Д.Батмөнх нээж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын  зөвлөлийн дарга, Ардын багш, доктор Л.Дашням, Ардын уран зохиолч Р.Шынай, Гавьяат багш В.Суранхүү, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Ербол нарын хүмүүс мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Золбаяр, магистр Б.Одмаа, Урианхайн сурын холбооны тэргүүн С.Алтанцоож, Монгол хэл, уран зохиолын багш Н.Ариунзаяа, түүх, нийгмийн ухааны тэргүүлэх багш Ц.Сарантуяа, Буянт сумын сийлбэрчин Д.Балел нар соёлын өвийн уламжлал, шинэчлэлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлтэй холбогдуулан санал бодлоо илэрхийлсэн иргэд угсаатны бүлгүүдийн найрсаг зочломтгой зан чанар, хүнлэг энэрэнгүй ёс, эх оронч, шаргуу хөдөлмөрч уламжлалыг өвлөж төлөвшүүлэх нь орон нутгийн хөгжлийн нэг гол хүчин зүйл болохыг санал нэгтэй тэмдэглэж байлаа.



Бусад мэдээлэл